Төрийн ордныхноос эхлээд төсвийнхөн хүртэл ёолкдоод завгүй явна

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИАЛСАН СҮҮТЭЙ БАЯР ХААНА БАЙНА ВЭ-

Сонгуулийн өмнөх шинэ жилийн баяр өмнөх ёолкуудаас ч хөлтэй, бэлтэй байх шиг байна. Амралтын өдрүүдэд айлуудын хаалганы хонх завгүй шахам өнгөрлөө. Учир нь гэрийн эздийн амралтыг тааруулж өвлийн өвгөн биш УИХ-ын гишүүд бэлэг тарааж байв. Сүхбаатар дүүргийн VI хорооны айлуудад л гэхэд “С.Батболд сайдын шинэ жилийн бэлэг шүү” гээд хуанли, сэтгүүл өгөв. Төд удалгүй “Танайд сонгуулийн санал өгдөг хэдэн хүн байдаг билээ. Л.Гантөмөр гишүүнийх нь шинэ жилийн мэндчилгээ шүү” гэсээр дахиад л хуанли, гишүүний зурагтай сэтгүүл бэлэглэлээ. Эрхэм гишүүд он гарахаас өмнө сонгуулийнхаа сурталчилгааг амжуулж, шинэ жилийн баяраар сонгогчдынхоороо ийнхүү зочилж байна. Харин үдэш оройн цагаар нутгийн зөвлөлийн шинэ жил, байгууллага хамт олны шинэ жилд уригдаж яваа аж. Манай сонин Төрийн ордныхон хийгээд төсвийн байгууллагынхан хэрхэн ёолкдож байгааг сурвалжилж байгаа билээ.

“АЛТАН…”-ТАЙ ЁОЛКУУДАД УИХ-ЫН ДАРГА ЗОЧЛОВ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн долоо хоногт “Баянгол” ресторанд хоёр үдэш ёолкдлоо. Тодруулбал, өнгөрсөн лхагва гаригт Ховд аймгаас төрсөн алдартнууд, бизнесменүүдийн оролцсон “Алтан арслан” шинэ жилийн баярт уригдан оролцлоо. Ховдынхон “Алтан арслан”-г хоёр жил тутамд зохион байгуулдаг. “Алтан арслан” шагналаа аймгаасаа төрсөн хамгийн алдартай, үр бүтээлтэй ажилласан эрхэмд олгодог аж.

Хамгийн анхны “Алтан арслан”-гийн эзнээр Д.Дэмбэрэл дарга шалгарч байсан удаатай. Тиймээс ч “Алтан шонхор”-ын эзэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ жилийн “шонхор”-т шагналыг нь гардуулжээ.

Д.Дэмбэрэл даргын оролцсон дараагийнх нь “Алтан”-тай ёолк бол өнгөрсөн пүрэв гаригт болсон юм. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, орон нутгийн хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулдаг “Алтан цамхаг-2011″ ёслолын ажиллагаанд Засгийн газар, УИХ онцгой ач холбогдол өгсөн аж. Тиймээс ч шилдгүүдийн шагналыг Д.Дэмбэрэл дарга гардуулжээ. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээгээр барилгын салбарын шилдгүүд тодорсон гэнэ. “Алтан цамхаг” шинэ жилийн цэнгүүний үеэр эрх баригчид ч цөөнгүй шагнал гардсан юм. Тухайлбал, Оны онцлох хүнээр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга шалгарсан бол дэд сайд А.Гансүх нь Бүтээн байгуулалтыг дэмжигч төрийн түшээгээр тодорсон юм. Мөн Оны бүтээлч хүнээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр шалгарсан байна.

Эрх баригчдын хаана яваа нь үйлчилгээний ажилтан, хамгаалалтынхнаас нь тодорхой байдаг билээ. Өнгөрсөн долоо хоногийн лхагва, пүрэв гаригийн үдэш Төрийн ордноос Баянгол зочид буудал хүртэл цагдаа нар хамгаалалтад гарч, замын түгжрэл ихэссэн нь ийм учиртай байсан юм.

ТӨМӨР ЗАМЫНХАН 100 МЯНГААР ЁОЛКДЖЭЭ

Энэ амралтын өдрүүдэд “Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг”-ийнхэн шинэ жилээ тэмдэглэжээ. Ингэхдээ захиргааны албан хаагчид 100 мянган төгрөгөө цалингаасаа суутгуулан байж ёолкдсон гэнэ. Харин ажилчид нь 50 мянган төгрөгөөр нийлжээ. Ажилтных нь яриагаар идээ ундаа элбэг хангалуун, шагналын хур буусан нүсэр баяр болсон гэнэ.

Мөн төрийн байгууллагуудаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнөөдөр шинэ жилийн баяраа тэмдэглэх юм байна.

НИЙСЛЭЛ ДЭХ АЙМГУУДЫН ЁОЛК СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА БОЛОВ

Нийслэлд амьдардаг орон нутгийнхны шинэ жил урьд өмнөхөөсөө ч нүсэр болж байна. Аймгийн шинэ жил тэмдэглэдэг байсан бол энэ жилээс тэр аймгийн тэр сумынхны ёолк гэж хөл толгойгүй найр болдог болж. Увс аймгийн Өмнөговь сум, Тэс сумынхан бүгд тус тусдаа шинэ жил тэмдэглэж байх жишээтэй. Тэгэнгүүтээ нийлж байгаад “Хархираа” нэртэй бас нэгэн баяр хийжээ. Тэр бүрт нь тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүн, сайдууд нь мэндчилгээ хүргэсэн байх жишээтэй.

Ховд аймгийн залуус аймагтаа архигүй, сүүтэй баяр зохион байгуулж, аян эхлүүлсэн. Гэтэл нийслэл дэх ховдчууд хамгийн тансаг, өртөг өндөртэй шинэ жилийг тэмдэглэжээ. Ховдынхны “Мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг нутгийн зөвлөлөөс нь гадна тус аймгийн 1994 оны төгсөгчид зохион байгуулсан гэнэ. “Мишээл экспо”-д болсон уг наадамд 1000 шахам залуучууд оролцсон бөгөөд зардал нь 80 гаруй сая төгрөг болсон сурагтай. Ихэнх зардлыг нь тус аймгаас сонгогдсон гишүүд даасан тухай яриа ч ховдчуудын дунд байна. Бас тэр үеэр УИХ-ын даргатай нэг ширээнд сууж, нарийн ширийнээ ярилцсан хүмүүс 500 ам.долларын билет авсан гэнэ. Харин УИХ-ын гишүүнтэй нэг ширээний найзууд болсон нь 300 ам.долларын tax төлсөн гэнэ лээ. Тэгэхээр ховдынхны шинэ жилийг хамгийн тансаг, үнэтэй гэхээс яах вэ. Гэхдээ энэ баярыг нь ховдынхны хувьд нийтийн гэж дүгнэж болно. Харин хамгийн чухал хүмүүс оролцсон, илүү ач холбогдолтой шинэ жилийн цэнгүүн нь “Алтан арслан” байсан гэнэ лээ. Нийслэл дэх ховдынхон хоёр удаа, хоёр өөрөөр ёолкдсон нь энэ.

Ховдынхон энэ сарын 15-нд мянгаараа цуглаж, ёолкдсон бол Хөвсгөл аймгийнхан 17-нд нь мөн л “Мишээл” экспод шинэ жилийн баяраа тэмдэглэсэн билээ. Тус аймгийн “Хөх сувд” шинэ жилийн баярт 500 гаруй хүн оролцож, тасарч унатлаа наргисан тухай яриа байна. Хөвсгөлийнхний “Хөх сувд” өнгөрсөн долоо хоногт аймгийн төвдөө үргэлжилсэн байна. Ер нь аймгууд шинэ жилийн баяраа нийслэлд, аймагтаа, оюутнууд дундаа гэх мэтээр хэд хэдэн янзаар тэмдэглэж байгаа аж.

Дорнод аймгийнхан ч нийслэлд “Хэрлэн барс” шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулчихлаа. Тус баярын үеэр 450 хүн шагнуулсан байна. Үүнээс гадна Дорнод аймгаас төрсөн гурван генерал, Хөдөлмөрийн баатар, 30 шахам гавьяат уригдсан аж.

Дундговь аймгийнхан энэ сарын 15-нд “Мөнгөн угалз” ёолкоо “Баянгол” ресторанд тэмдэглэсэн. Тэдний баярт Ерөнхий сайд оролцсон нь том бэлэг болсон гэнэ. Дундговь аймгийн иргэд тус ёолконд оролцохын тулд 100 ам.доллар төлсөн аж. Тус аймгийн 1500 оюутан өчигдөр нийслэлээр аялж ёолкджээ. Тэднийг аялуулсан 20 автобус амралтын өдрөөр төв замыг таг түгжээсэн байна. Сүхбаатарын талбайн ойролцоо 20 автобус зам таглаж, зорчигчид нь Төрийн ордонд зочилжээ.

Энэ мэт нийслэл дэх орон нутгийнхан шинэ жилээ тэмдэглэж байна. Ерөнхийдөө нутгийнхантайгаа уулзаж, сонгосон гишүүдийнхээ мэндийг мэдэхийн тулд 50-500 хүртэл ам.доллар төлж байгаа аж.

Ц.ӨРНӨХ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих