Нийслэлчүүд мөсөн гулгуурын талбайд зорчиж байна
Ажлаасаа гараад автомашинаар 10-15 минут яваад хүрчихдэг гэртээ очих гэж газар доогуур 20 мянган бээр аялсны дайтай болчих юм. Боож үхэх нь ээ. Ингэж бодож яваа хүн нийслэлээр дүүрэн, цаана чинь.
Өглөө, өдөр, орой гэж ялгах юм ч алга. Гэрээсээ гараад л замын түгжрэлд хамаг цаг, зав, эрч хүчээ барна. Тийм л ойрхон юм бол алхаад ажилдаа явахад яадаг юм гэж Та хэлж магадгүй. Мэдээж энэ тухай бодоогүй биш бодсоон. Даанч алхах гэхээр бас л өнөөх халтиргаа гулгаанаас болоод хөл байтугай хугалаад, хажуугаар нь өнөөх айхавтар утаа хоолой хорсгоод хөл минь тушаатай мэт хөдөлж өгөхгүй болчих юм.
Өдөр бүр улиг болтол давтагддаг нэг дүр зураг бол автозам дээр мөргөлдсөн хоёр машин, осол гаргаад ослын газарт хэмжилт хийж буй цагдаа. Нийслэлийн хэмжээнд он гарсаар зам тээврийн 30 гаруй мянган ослын дуудлагыг Замын цагдаагийн газар хүлээн авсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй үүнийг харьцуулбал 84.4 хувиар өссөн үзүүлэлт. Нийт ослын 794-т эрүүгийн хэрэг үүсгэж, 8669 буюу 91.6 хувьд захиргааны арга хэмжээ авчээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 152 хүн нас барсны 58 нь нийслэлд бүртгэгдсэн байна. Харин улсын хэмжээнд 440 хүн хүнд гэмтсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 27.2, нас баралт 16.9 хувиар өссөн дүн юм. Энэ бүхний гол шалтгаан нь өнөөх гайтай халтиргаа гулгаа.
Уг нь холбогдох газрууд зориулалтын бодис, давс цацлаа хэмээн хэдэнтээ мэдээлдэг ч чухам хаана, хаагуур хэрхэн цацаад байгааг жолооч нь байтугай алхаж яваа иргэд ч мэддэггүй. Мэдэх нь байтугай цацаж байхыг нь харсан хүн хуруу дарамхан.
Хаа нэгтээ цацсаныг нь харахад дэндүү хүний нүд хуурсан ажил болох нь андашгүй. Явж буй ачааны машин дээрээс хүрзээр цацна. 100 метр яваад нэг хүрз, дахин 100 метр яваад нэг хүрз давс цацахаар халтиргаа гулгаа нь ч яаж арилах билээ. Аргаа барахдаа өнөө дэлхийд ховор монгол ухаан нь энэ юм болов уу хэмээн гайхах юм.
Нүглийн нүдийг гурилаар хуурсантай адил атга давс асгачихаад замыг халтиргаагүй болголоо гэж хэлэхээс ч ичгэвтэр баймаар. Улаанбаатар хотын там мэт болсон гулгаатай замын гайгаар хөдөлгөөний аюулгүй байдал, хүний амь нас сүйдсээр байна. Талх, хоолныхоо мөнгийг залгуулах гэж, эсвэл өвдөж зовоод яарч явсан хэчнээн жолооч ийм замын “бурууг” үүрч, зовлон эдэлж яваа бол гэж бодохоор сэтгэл өрөвдөм.
Нийслэлийн ЗДТГ-ын Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс нийслэлийн хэмжээнд 427 тонн давс, 418 метр куб элс, 16.5 метр куб дайрга, 54 тонн бодисын нөөцтэй учраас санаа зовох зүйлгүй. Энэ өвлийг айлтгүй давна гэх хариулт өгч байсан.
Гэтэл хотын гудамж талбайд шил толь болсон гулгаатай автозам дээр автомашинууд мөлхөх нь халаг явахыг харсан л байлтай. Тэгээд ч өвөл хүндрээд цас ихээр орвол энэ нөөц яагаад ч хүрэлцэхгүй хэмээн учир мэдэх хүмүүс ч гайхширч сууна.
Халтиргаа гулгаанаас болж явганаас бэртэх тохиолдол ч сүүлийн үед эрс нэмэгдсэний дээр гудамж, талбай, ер хаа сайгүй нийслэл хот тэр чигээрээ мөсөн гулгуурын талбай шиг болжээ. Уг нь иргэд, албан байгууллага хаана хаанаа 50 метр газрын цас, мөсийг цэвэрлэх үүрэг даалгавартай.
Хэрэв иргэд албан байгууллагын үүдэнд халтирч унаад гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн байгууллагаар иргэн эмчилгээний зардлаа төлүүлэх журамтай. Гэтэл журам зөвхөн цаасан дээр үлджээ. Дагаж мөрдөж буй байгууллага гэж ч алга.
Одоогоор нийслэлийн Захирагчийн албанд хандаж албан байгууллагын үүдэнд унаж бэртлээ гэсэн хэн нэгний гомдол ч ирээгүй гэнэ. Энэ нь ч манайхны хэнэггүй зантай холбоотой. Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэхэд өдөрт дунджаар 200- 250 хүн дээрх тохиолдлоор бэртэж гэмтэн ирдэг байна.
Хотын захиргаанаас нийслэлийн өнгө үзэмжид анхаарч байна гээд янз бүрийн элдэв чамин хэлбэр, өнгө зүстэй цементэн хавтангуудыг гудамжинд дэвсэх болсон. Үнэхээр өнгө төрх нь чамин ч өвлийн цагт уран гулгалтын үнэгүй талбай болдгийг хотын удирдлагууд боддоггүй бололтой.
Хамгийн наад захын жишээ гэхэд Сүхбаатарын талбайн ганган гантигууд цас орсон үед хүүхэд хөгшидгүй хүн бүрийн тэнцвэрийг шалгадаг. Гишгэх газраа анаж, хазайж халтирах хийгээ ажиж арай л гэж туулна. Мэдээж хэн ч гэсэн гудамж, талбайд явж байгаад тахир дутуу болохыг хүсэхгүй нь лав.
Харин хотын удирдлагууд явган явдаггүй болохоор энэ зовлонг ойлгодоггүй байх. Гэхдээ иргэдээ өмөөрч, иргэнийхээ хувьд цас орсон нэг өглөө хотын төв талбайгаасаа эхлээд гэр хороолол, хотынхоо захын авто замаар нэг өдөр ч болов яваад үзэхийг зөвлөе.
Автомашины түгжрэлээс салахаа болилоо гэж нэг хэсэг ярьдаг байсан бол өдгөө халтиргаа гулгаанаас болж явж чадахаа болилоо гэсэн жолоочийн бухимдал Та бүхэнтэй хаа сайгүй тааралдах болов уу. Цацсан давс, бодис нь нүдэнд үзэгдэж гарт мэдрэгдэхгүй болохоор яалтай ч билээ.
Ер нь сүүлийн жилүүдэд нийслэлд амьдрахад хэцүү болж, бүхий л зүйл айдас аюул дагуулах болжээ. Оройн цагаар хулгай дээрэмчдийн гарт өртчих гээд, такси барих гэхээр жолооч нь яах бол гэсэн бас нэг айдас. Алхаад явах гэхээр халтирч уначих гээд бэрхтэй. Халтиргаатай зам дээр явах шиг шийтгэл үгүй.
Хатуухан хэлэхэд “үхлийн хот” гээд хэлчихэд хэтрүүлэхгүй болов уу. Уг нь явган зорчигчдод гоё өнгө үзэмжтэйгээс гадна аюулгүй зам хэрэгтэй.
Жолооч нарт ч ялгаагүй. Жилийн жилд халтиргаа гулгааг арилгах гэж ийм ч их хөрөнгө гаргалаа. Ийм зүйл ашиглалаа гэж амаар сурталчилгаа хийж байхаар дорвитойхон ажилд олигтойхон хөрөнгө оруулалтыг цаг үед нь хийсэн бол өнөөдөр улаанбаатарчууд халтиргаа, гулгааны зовлонг амсаж, бухимдаж суухгүйсэн.
Д.Ангараг
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: