Үнийн өсөлтөд туйлдсан баруун аймгийнхан үйлдвэр барихыг шаардаж эхэллээ

15444104365c0dd54428265

Монголд нэг үеэ бодвол цементийн үйлдвэр олон болсон. Хүчин чадал, технологи, бүтээгдэхүүний чанараар хаана ч гологдохгүй. Харамсалтай нь цементийн эдгээр үйлдвэр бүгд Улаанбаатарыг тойроод шавчихсан. Дорноговь аймагт хоёр, Төв аймагт нэг, Сэлэнгийн Хөтөлд бас нэг үйлдвэр бий. Дан ганц Улаанбаатарын зах зээлд дулдуйдаж үйлдвэр барих нь төрөөс баталсан үйлдвэржилтийн тухай бодлого, хууль, бусад бичиг баримтын зорилготой авцалдаж өгөхгүй байгаа нь үнэн. Улаанбаатарыг тойроод цементийн баахан үйлдвэр барьсан хэрнээ баруун бүс нутагт ганц ч үйлдвэргүй өнөөдрийг хүрсэн нь тэнд амьдарч байгаа хүмүүсийн амьдралд асар том дарам болдог. Яг ижил цалин авдаг хэрнээ баруун бүс нутагт амьдарч байгаа хүмүүс өргөн хэрэглээний ихэнх бараа, бензин шатахуун, барилгын материал зэргийг хоёр дахин өндөр үнээр худалдан авдаг нь гашуун үнэн. Баруун таван аймгийнхан ямар хоёр дахин илүүг төлөхөөр хараагдчихсан биш дээ, энэ бол шударга ёсонд яавч таарахгүй.

Төр, засгаас үйлдвэржилтийн бодлогын хүрээнд тодорхой шийдвэрүүд гаргаж, бодит алхмуудыг хийсэн ч үр дүн даанч дэндүү хангалтгүй. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжсэн Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолд цементийн үйлдвэрийг хүн амын суурьшил, барилгажилтын хэтийн төлөв, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тээвэрлэлтийн нөхцөлтэй уялдуулж төв, баруун, говийн, зүүн хэсэгт бүсчлэн байгуулахаар заажээ. Засгийн газрын 2015 оны 335-р тогтоолоор баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт “Вестерн Холд” компанийн баруун таван аймгийн хэрэгцээг 100 хувь хангах цементийн үйлдвэрийн төслийг дэмжсэн байдаг. УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т импортыг орлох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж баруун бүс нутагт  цементийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар тов тодорхой тусгасан байх ажээ. Цаасан дээр буусан бодлого, шийдвэр энэ мэт цөөнгүй байх боловч Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийнхан 2000 шахам км-ийн цаанаас цементээ зөөсөөр л байна.

Засгийн газар баруун бүсийнхний хэрэгцээг бүрэн хангах цементийн үйлдвэрийг Ховд аймагт байгуулъя гэж шийдсэн нь санамсаргүй хэрэг огт биш. Эртний түүхт Ховд аймаг бол баруун бүсийн хөгжлийн тулгуур төв. Хамгийн гол нь баруун таван аймгийн яг төв цэг гээд ойлгочиход огтхон ч буруудахгүй. Өлгийгөөс 220, Улаангомоос 240, Алтайгаас 450, Улиастайгаас 450 км давхиад Ховд орно, тээвэр хийхэд хамаагүй дөт. 1500 км-ийн цаана байх Улаанбаатараас тээвэр хийж нэмэгдэл шингээх шаардлагагүй болно. Улаанбаатарт цементийн үйлдвэрийн үнэ тонн нь 165 мянга байхад баруун таван аймагт хамгийн багадаа 320000 буюу хоёр дахин өндөр үнэтэй байгаа юм. Ховдод цементийн үйлдвэр барьчихвал яг Улаанбаатарынхтай ижил үнээр цементээ авах боломж бүрдэнэ. Үүнээс гадна холын тээвэр хийж шатаадаг зардлаас жилд 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоог мэргэжилтнүүд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 43 тэрбум төгрөг алслагдсан баруун таван аймгийн иргэдийн халаасанд үлдэнэ гэсэн үг. Ирэх хавар баруун аймгийнхны эрчим хүчний найдвартай байдлын баталгаа гэгдэж байгаа Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын ажил эхлэх учиртай. Энэ бол маш чухал бөгөөд том бүтээн байгуулалт. Энэхүү цахилгаан станцыг барихад бетонон далангийн ажил ихээр хийнэ. Үүнд шаардлагатай цементийг нийслэлээс зөөнө гэвэл цаг хугацаа маш их алдагдаж, өртөг ч нэмэгдэнэ. Харин Ховд аймгийн цементийн үйлдвэрийг барьчихвал гол бүтээгдэхүүнээ дэргэдээсээ хямдаар авах таатай боломж бүрдэнэ.

Баруун таван аймгийн цементийн жилийн хэрэгцээ 220 мянган тонн байдаг. Ховдод шинээр барих үйлдвэр энэ эрэлтийг бүрэн хангаад зогсохгүй ОХУ-д бүтээгдэхүүнээ импортлох боломжтой юм билээ. Үйлдвэр барьж байгуулахад эрчим хүчний найдвартай эх үүсвэр, тэр дундаа 10 мегаваттын чадал шаардагдана. Эрчим хүчний энэ шалгуурыг хангах эх үүсвэр ганцхан Ховдод байгаа учраас байршлыг ингэж тооцсон, тогтсон байна. Цементийн энэ үйлдвэрийг түргэн бариад ашиглалтад оруулчихвал 250-350 ажлын байр шинээр бий болж, улсын төсөвт жилд 5-6 тэрбум төгрөгийн татвар төлөх тооцоо бий. Үйл ажиллагаа нь жигдрээд ирвэл баруун бүс нутгийн аймгуудын сумдыг бетонон замаар холбох томоохон төсөл хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Өчнөөн олон хүний зардал мөнгө, цаг завыг хэмнэнэ. Баруун бүс нутагт шатахуун хамгийн өндөр үнэтэй байдаг. Сумдыг бетонон замаар холбочихвол маш их хэмнэлт гарна, айл өрхүүдийн зарлага бодитоор багасна. Учир начир ийм болохоор л баруун таван аймгийн иргэд үйлдвэрээ хурдан барихыг шаардаад, шахаад байгаа юм. Энэ бол үнийн өсөлтөд дарлуулж туйлдаа хүрсэн эгэл жирийн иргэдийн зүй ёсны шаардлага мөнөөс мөн.

Өгүүллийн эхэнд дурдсан өвгөн ахын хэлснээр Улаангомд орон сууцны ам метр нь дунджаар 1.5 сая төгрөг байгаа юм билээ. Энэ үнэ баруун бүсийн нөгөө дөрвөн аймагт ч яг адилхан. Авч байгаа цалин, гаргадаг зардал хоёртой нь харьцуулахад баруун бүс нутагт байрны үнэ нэлээн өндөр байгаа юм. Шалтгаан нь барилгын хамгийн гол бүтээгдэхүүн болох цементтэй холбоотой. Хэрэв Ховдод цементийн үйлдвэр баригдаад үүдээ нээчихвэл баруун бүс нутагт орон сууцны үнэ 35-40 хувиар буурах боломжтой. Орон сууц олноор баригдвал хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж буй өнөөх гайхал утаа алга болно. Гоё чамин нэртэй зуух тараагаад утаа буурдаггүй гэдгийг Улаанбаатарын жишээ хангалттай нотолно. Худалдан авах чадварт нь тохирсон үнэтэй орон сууж, ипотекийн урт хугацааны зээлийн тогтолцоо бүрдүүлснээр утаанаасаа маш богино хугацаанд салдгийг одоо хүмүүс мэддэг болсон. Цементийнхээ үйлдвэрийг барьчихвал Улаангом болон бусад дөрвөн аймаг утаанаасаа маш хурдан салаад харин Улаанбаатарынхан утаагаа зүхсэн хэвээр үлдэж онигоо болох вий.

Т.НАРАН


URL:

Сэтгэгдэл бичих