Төрийн нарийн бичгийн дарга үзгээ бэлэглэжээ
Сүүлийн үед санаатайгаар нэгэн үйл явдлыг зориудаар мушгиж, нэг хүнийг бүү хэл байгууллагыг минь доромжилсон увайгүй мэдээ яваад байгаад төрийн албан хаагч би үнэхээр харамсаж байна. Юу болсон бэ гэхээр маш энгийн.
10 сард манай байгууллага албан хаагчиддаа зориулан Хувь хүний хөгжлийн талаар өртөөчилсөн сургалтыг Найрамдал зусланд зохион явуулсан юм. Жилд нэг удаа зохион байгуулагддаг сургалт л даа. Яамны аппарат бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Сайд, дэд сайд, ТНБДарга, сайдын зөвлөхүүд зуслангийн багш нартай хамтран өртөө бүрийг удирдаж, бид ч өртөө болгонд өөрийгөө хөгжүүлэхүйн талаар шинэ зүйл сурч, сайдтайгаа, дэд сайдтайгаа, төрийн нарийн бичгийн даргатай зэрэгцэн сууж хамт бүтээл хийж, нүүр тулан ярилцах, санал бодлоо солилцох боломж олдсон тийм л нээлттэй сайхан сургалт байсан. Сургалтын үеэр Цогзолмаа сайд Найрамдал зусланд багшилж байсан тухайгаа, Ганбаяр дэд сайд тагтан дээрээ 5 янзын амьтан тэжээж байснаа дурсаж, ТНБДарга Баярсайхан фитнесээр хичээллэхийн ашиг тусыг мэдэрсэн тухай гоё яриа өрнөж бид ч хаппи байсан билээ. Сургалтын дараагаар Хараацай театрт хамт олноороо цугларч, сургалтын дүнг хэлэлцэн, яаманд ажиллаж байгаа “багш мэргэжилтэй” албан хаагчдадаа яамны удирдлагаас онцгойлон баяр хүргэсэн юм. Энэ бол уламжлал болсон арга хэмжээ бөгөөд багшилж байсан бидэнд том хүндэтгэл гэж санагддаг. Багш мэргэжилтэй албан хаагч бидний эгнээнд Цогзолмаа сайд, Баярсайхан дарга хоёр нэмж орж ирсэн нь бидэнд бүүр ч сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ үеэр зуслангийн багш нар удирдан хөгжөөнт тоглоом зохион байгуулсан. Хаа газар л “мөс хагалах” маягаар тоглодог хөгжөөнт тоглоомуудын нэг нь оролцогч нараас сонин, хөгжилтэй, олдошгүй зүйлс олж ирэхийг шаарддаг тоглоом байсан. Тэр тоглоомд нь 10 гаруй хүмүүс оролцож, газар хэлтсийнхэн орж буй нэгнээ дэмжин, хэн ч юугаа ч өгөхөд бэлэн шаагилдаж хөгжсөн. Тэр тоглоомыг олон байгууллага, арга хэмжээнд тоглохыг би харж байсан. Сүүлчийн хоёр оролцогчоос ялагч тодруулахад хамгийн нийтэч зантай, үргэлж шинийг сэддэг, хамт олноо хөгжөөгч алиа наргианч, ил цагаахан сайхан сэтгэлтэй нэгэн бүсгүй тоглоомын ялагчаар шалгарсан. Тэр угаасаа сэтгэлгээ сайтай тул эцсийн мөчид ялагч болох аргыг зальжин гэгч сэдэж чадсан. Тоглоомд ялсан найз маань хэсэг хугацаанд эмнэлгийн чөлөөтэй байсан, бид ч түүний эрүүл мэндэд нэлээн санаа зовцгоосон. Ажилдаа оруутаа бидэнтэй сургалтад сууж инээж хөөрч, бүжиглэж байгааг хараад бид их л хайрлаж баярласандаг. Харин дараа нь ялагчийн шагнал гардуулахад Төрийн нарийн бичгийн дарга Баярсайхан тэр бүсгүйг бидний адил хайрлаж улам баярлуулья гэж бодсон биз. “Найзууд минь намайг ажилдаа эргэн томилогдоход баяр хүргэж, “үргэлж ялж яваарай” гээд энэ үзгийг дурсгасан юмаа. Чамдаа “Эрүүл энхийн ялалт амжилтыг үргэлж гартаа атгаж яваарай. Үүгээр би ажилдаа орсон өдөр анхны гарын үсгээ зурсан юм шүү” гээд түүнд бэлэглэсэн. Их л учир утгатай, шагналаасаа ч гоё бэлэг боллоо доо гэж бид хоорондоо ярилцаад л өнгөрсөн. Ийм л юм болсон юм. Сошиалд бичээд байгаа шиг тийм “салхилалт, архидалт, бусармаг зүйл” биш юм шүү. Энэ оюунлаг гэгээн өргөөнд ажиллаж буй хамтран зүтгэгчидээ, байгууллагаа хайрлах сэтгэлээр би энэ постыг бичлээ. Харин бидний дунд энэ ажлыг мушгин гуйвуулж, улстөрийн зорилгоор ашиглах хэн нэгэн байсан нь даанч харамсалтай. Нэгэн зүгт хараад сайн сайхан бүхэн наашлуулан дуудья.
Эх сурвалж:Naranzul Demchig Facebook хаягаас
URL: