Математикч хүүгийн эмч болсон түүх

IMG_0289

Хэзээ ч уурлаж байгаагүй болов уу гэмээр дандаа л инээмсэглэн “Миний хүү” хэмээн бусдад найр тавих эрхэмийг Д.Итгэл гэдэг. “Бид” эмнэлгийн үүсгэн байгуулагч Итгэл эмчийг дарханчууд андахгүй юм билээ. “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ” гэдэг дуу байдаг даа. Түүн лугаа анх дөрвөн жилийн өмнө Итгэл эмчтэй танилцах үед их л харсан хүн шиг санагдан асууж байсан минь санаанд буув. Учир нь түүний ахыг Д.Идэвхтэн гэдэг. Гэхдээ ахынхаа алдар хүнд, албан тушаалыг ашиглаж байсан түүх үгүй хэмээн Д.Итгэл эмчийн гэргий Ж.Цэцгээ ярьж байлаа.

…ГУЛЖ…

Итгэл эмч эцэг, эхээс наймуулаа. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төржээ. Түүний аав Долоонжин адуучин, ээж Дашдолгор нь сумын зарлагаас эхлээд бүхий л ажлыг хийдэг байжээ. “Аав минь адуучнаас эхлээд сумын эмнэлэг, нэгдэлд нярав хийж байлаа. Харин ээж минь бас л янз бүрийн ажил хийж байсан сайн зохион байгуулагч эмэгтэй байсан юм” гэлээ. Тэрээр аав, ээж минь бүхий л зүйлийг эмх цэгцтэй байлгахын сацуу, чин сэтгэлээсээ хандах учиртайг хүүхдүүддээ захиж ирснийг дурсав. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн Долоонжин, Дашдолгор нар үр хүүхдээ маш сайн хүмүүжүүлсэн нь аав, ээжийнх нь холч ухаан, аливаад цэгц, шударга ханддаг зангийнх нь толь гэлтэй. Малчин гаралтай айлын хүүхдүүд эрдмийн мөр хөөж, эрдэмтэн, нийгмийн идэвхтэй зүтгэлтэн, багш, эмч гээд салбар бүрт ажиллаж буй. Нийтлэлийн гол баатрын маань ууган ахыг Д.Оргил гэдэг. Эрдэмтэн ахаараа тэрээр бахархдаг ажээ. “Том ах минь хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор цолтой. Түүний дараагийн ах маань Д.Идэвхтэн. Улстөрч гэдгээр нь хүмүүс мэддэг. Би айлын гурав дахь хүү юм шүү дээ. Миний дараагийн дүү нар эдийн засагч, багш гээд салбар бүрт ажиллаж байна” гэлээ. Отгон дүүг нь Д.Оргилмаа гэдэг. “Сантис” боловсролын төвийн ерөнхий захирлын албыг хашдаг. Энэ жил Монгол дахь Шри Ланк улсын Өргөмжит Консулаар томилогджээ. Хэдийгээр эцэг, эхээс наймуулаа боловч хоёр дүүг нь өргүүлсэн юмсанжээ. Дээхэн үед ах дүү нарын дунд хүүхдээ өргүүлэх нь элбэг байв. Аавынх нь том эгчийнх Ариунаа дүүг нь өргөж авсан бол дүү Зоригтыг нь мөн л ах дүүс нь өргөж авсан гэдэг. Д.Итгэл дунд сургуульд байхдаа тооны хичээлдээ гаргуун сайн байсан аж. “Математикийн хичээлд “сайн” дүн цөөхөн авсан гэхэд хилсдэхгүй. Ихэвчлэн “онц” л авна” хэмээн ярих зуур түүний гэргий Ж.Цэцгээ “Миний хань аравдугаар ангиа “онц” төгссөн юм шүү дээ” гэв. “Тэр яахав ээ” хэмээн битүүхэн ичингүйрэх гол баатар минь ер нь л их даруухан хүн юм. “За даа миний тухай бичих хэрэг байна уу” хэмээн үе үе асууна. Тоондоо гаргуун хүү хэрхэн эмч болсон түүх сонирхол татаж байна. Магадгүй залуус таны түүхийг уншаад хүний амьдралын зам хаашаа хэрхэн эргэж болохыг мэдэх болно шүү дээ гэлээ. Залуу хүүхдүүдэд сургамж болж, амьдралын гараагаа эхлэхэд нь дэм болох юм бол би өөрийнхөө туулсан замналын талаар ярьж болноо гэснээр бидний яриа үргэлжлэв. “Аав минь үг дуу цөөтэй ч амьдралын ухаанд сургах, арвич хямгач байх бүхий л дадал зуршлыг бидэнд суулгасан гэж боддог. Харин ээж минь их ой сайтай, ямар ч тоог цээжээр боддог байлаа” гэх зуур аль бага насны дурсамжууд нь хөврөх мэт алсыг ширтэв. Зарлага, тогооч, гуанзанд кассчин, дэлгүүрийн эрхлэгч гээд олон алба хашсан ээж нь хүмүүсийн тооцоог ярьж байх зуураа л алдаагүй боддог байсныг нутгийнхан нь шагшдаг байжээ. Тэр ч бүү хэл малын хөл гэмтэж бэртэх үед уламжлалт аргаар төвөггүйхэн эмчилчихнэ. Нүдэн дээр өвдөг гарахад хормойгоороо домноод зүгээр болгодог байж. Хүүхдүүдээ халуурч бүлээрэх үед цээжиндээ тэвэрсээр зүгээр болгоно гээд яриад байвал олон сайхан дурсамж бий хэмээн нийтлэлийн баатар минь хуучиллаа. Тэр үеийнхэн борогшуу аргаар эмчлэх эрдэмтэй байсан гэлцдэг. Ямартаа л “Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг хэлц байхав.

Айлын гурав дахь хүү болж мэндэлсэн Д.Итгэл багадаа хэл муутай байжээ. Үгийг тод хэлж чаддаггүй Итгэл хүү толгой гэхийн оронд “Дон” гээд хэлчихдэг, гутал гэхийг “Гулж” гэдэг хүү нэгдүгээр ангийн сурагч боллоо. Тэр цагт минутын уншлага их хийдэг байв. Мэдээж хэл муутай хүү сүүл мушгих нь дамжиггүй. Хаврын амралтаар ээж Дашдолгор нь галын захад сууж байгаад хүүдээ унших аргыг нь зааж өгснөөр хүү овоо уншдаг болоод сургуульдаа очжээ.

1990 он. Москва хотноо.

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ЦАГТ…

Д.Итгэл эмчийг дунд сургуулиа дүүргэж байх тэр цагт цөөхөн мэргэжил сонгодог байжээ. Эмч, багш, малын эмч, зоотехникч гэх мэргэжлээс л сонгоно. Одоогийнхтой адил олон мэргэжлээс сонголт хийнэ гэсэн ойлголт байхгүй. Тооны хичээлд гаргуун хүү “Математикийн багш” болно гэж санажээ. Хамгийн том ах Д.Оргил малын эмчийн мэргэжлээр Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж байгаа. Харин Д.Идэвхтэн ах инженер мэргэжил эзэмшихээр ОХУ-ыг зорьсон юм. Тэр үед хөдөө орон нутгаас гадаад сургуульд сурах хүүхдүүд нийслэлд ирж конкурс өгдөг байв. Аав минь Д.Идэвхтэн ахыг дагуулаад хот орсон гэдэг. Мэдээж тухайн үед хүүгээ сургуулийн хуваарь авах хүртэл нь нийслэлд чамгүй удсан болохоор аав минь “Чамайг гадаад руу сургуульд явуулахгүй. Их хэцүү юм билээ. Д.Идэвхтэн ахыг чинь явуулах гэж хот газар нэг сар гаруй байхдаа мэдэрсэн” гэж билээ. Бас болоогүй Д.Итгэл эмчийг аравдугаар ангиа төгсөх жил ууган ах нь цэргээс халагдаж ирсэн байна. Хоёр том хүүгийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах, дараагийн хүүгээ сургуульд явуулах гээд Долоонжингийнх хөл хөдөлгөөн ихтэй. Холч ухаантай аав нь олны дунд зайлшгүй нэг эмч байх шаардлагатай. Тиймээс миний хүү эмч бол гэж “үүрэгдсэн” гэдэг. Үүрэг хүлээсэн цагт гэдэг шиг аавынхаа захиасыг биелүүлсэн хүү эмч мэргэжил сонгосондоо сэтгэл хангалуун яваагаа ярьсан юм. Нөгөөтэйгүүр Д.Итгэл эмчийн аав бие тааруу байсан учраас эмч болох нь зөв гэж шийдсэн ажээ. Арав төгссөн жилээ багш нартаа эмч болох гэж байгаагаа хэлтэл конкурс өгнө гэжээ. Шалгалтгүйгээр хуваарь авах боломжтой атал эмч болохоор зорьсон математикч хүү Анагаахын дээдэд орсон түүх ийм.

2000 оны наймдугаар сар. Эмнэлгийн нээлтийг бага охин И.Баяржаргалын хамт хийж байлаа.

ДЭЭД КУРСИЙН АХ НАРЫН ХАЛАМЖ

Их сургуульд орсон жилээ сангийн аж ахуйн ажилд явжээ. Ажлаас бууж ирээд дотуур байранд орох болж. Гэтэл хөдөө орон нутгийн хүүхдүүд дотуур байранд ордог боловч том ах чинь Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан юм байна. Чамайг байранд авахгүй гэсэн байна. Том ахынхаа хамтаар Зайсангаас хичээлдээ явна. Д.Оргил ахынх нь цэргийн андынд амьдарч буй Д.Итгэл багшаасаа гуйсаар байж Анагаахын дотуур байранд амьдрах болжээ. Анагаахын их сургуулийн ард байрлах цагаан байшингийн жижигхэн өрөөнд хоёрдугаар курсын долоон оюутны хамт амьдрах болж. Байрны болоод сургуулийн ах нарын “халамжинд” орсон би хэрэндээ л эмээнэ. Учир нь таван оюутан нь Анагаахын дунд сургууль төгсөөд тодорхой хугацаанд ажилласны дараа мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байв. Ер нь манай сургуулийн хоёрдугаар курс хэцүү давааг давах учиртай юм. Анатоми болон физиологийн шалтгалтаа амжилттай өгөх ёстой. Тэр ч бүү хэл Анатоми өгч байж эхнэр авч болно. Физиологи өгч байж гэрлэж болно гэдэг үгтэй аж. Тиймээс оюутнууд нэгдүгээр улирлын шалгалтаа амжилттай өгөхийн тулд тунчиг мэрийх нь дамжиггүй. Шинэ жилийн өмнөхөн байрандаа орсон шинэхэн оюутан ах нарынхаа далбаан дор чихдүүлэх нь тодорхой байж. Хичээлээ уйгагүй давтаж байгаа ах нар нь доод курсын дүүгээ хичээл давтахад мөн ч их тус болсныг тэрээр дурсав. Үеийн хүүхдүүд нэг дор байранд амьдарч байгаа болохоор цалгардуу байсан юмдаг уу даа. Учир нь нэлээд оюутан сурч чадалгүй хасагдсан гэнэ. Харин мань Д.Итгэл арван жилээ онц төгссөн атал “Дунд сургуульд юу сурч байсан юм бол” хэмээн эргэлзэхэд хүрч байснаа ярив. Заримдаа ямар нэг ажил гараад оюутнуудыг дайчлахгүй юм байхдаа гэж бодож байсан үе ч бий гэнэ. Багш битгий асуугаасай гэж битүүхэн бодно. Аягүйдвэл залбирдаг байж магадгүй. Хааяахан “сайн” авдаг байсан “онц” сурлагатан маань алтан гурав авчихаад тоохоо ч байж. Нэгдүгээр курстээ хими, физик, анатоми гурваар шалгалт өгнө. Харин бусад хичээлд “зачёт” гэдэг үнэлгээ өгдөг байж. Хөдөөний оюутанд латин үсэг, орос хэл хоёр хамгийн хэцүү хичээлд тооцогдоно. Бүх хичээл оросоор орохыг яана. Гэсэн хэдий ч нэгдүгээр улирлаар шалтгалтуудаа онц өгч шилдэг оюутан болсон байна. Энэ бүхэн байрны маань ах нарын ач байсан юм шүү гээд өнгөрсөнөө дурслаа. “Хүн гэдэг сонин амьтан шүү. Тухайн үед жаахан хүүхэд байсан болоод тэр үү, өрөөнийхөө ах нартай эргэж холбоотой байх тухай ер бодож байгаагүй бололтой. Заримдаа бүр нэрийг нь санахгүй ч үе бий” гээд битүүхэн харамсаж буйгаа илэрхийлэв. Ер нь анхнаасаа л хичээлээ сайн ойлгоод их мэрийлттэй сурвал дараагийн курсийн хичээлүүд төдийлөн хүнд байдаггүй юм билээ. Би ч төгстлөө хичээлд түүртээгүй юм шүү дээ. Ийнхүү дээд курсын ах нарынх нь халамж ирээдүйн Итгэл эмчийг бүтээхэд өөрийн үүргээ гүйцэтгэсэн нь энэ ажгуу.

1981 онд Д.Итгэл сургуулиа төгсчээ. Төгссөн дариуд нь хилийн цэргийн ангид хуваарилах нь тэр. Урд хил дээр цэргийн анги байгуулаад удаагүй байсан ажээ. “Намайг их сургууль төгсөх үед Ардын эмнэлгийн хүрээлэнгийн захирал Ц.Хайдав гэж хүн байв. Түүний эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Амбага доктор манай сургуулийн хоёр оюутныг авах тухай албан бичгийн салбарын яаманд хүргүүлсэн юм билээ. Нэг нь би, нөгөөх нь Говь-Алтай аймгийн Пүрэвсүрэн гэдэг залуу байсан. Бид хоёрыг эрдмийн ажил хийлгэх гэж байсан юм билээ”. Ийнхүү оюутан ахуй цаг болоод ажлын анхны гараагаа хэрхэн эхэлж байснаа дурсав. Хилийн цэргийн эмчээр очиж буй шинэхэн их эмч залуу “дэслэгч” цолтой. Анх ажлын байрандаа очих үед хүний бага эмч Бүрэнтөгстэй хамт ажиллах болжээ. Будаг нь ханхалсан эмч залууг шинэ цэргийн карентин дээр хуваарилсан гэдэг. Цэргүүдийн өндөр, нам, жинг үзнэ. Маршт гүйх үед хамтдаа гүйнэ. Сургуулийн ширээнээс эмч гэх алдрыг зүүж гарсан оюутан залуу хүний эрүүл мэндийн манаанд зогсч, олон түмнийг эрүүл байлгах их үйлст эргэлт буцалтгүйгээр орох нь тэр ээ.

ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛААС ТАТГАЛЗСАН НЬ

1987 онд хилийн цэргээс энгийн болж Дархан хотын Анагаахын дунд сургуулийн багш болсон байна. Бас ч болоогүй хилийн цэрэгт зургаан жил ажилласан ажлын туршлагатай эмчийг Улсын тооллогын комиссын нарийн бичгээр томилогдсон аж. Комиссын ажил дууссаны дараа сувилагчийн дадлага удирдаж. Цэргийн дэглэмд суралцсан багш оюутнуудад хатуу шаардлага тавьдаг байж. Анх сургуульд орсон жилээ зуны амралтаар номын сангийн тооллогод оролцох зуураа ямар номыг оюутнуудад судлуулах вэ, алийг нь өөрөө унших вэ гэдгээ каталоги маягаар бэлтгэх боломж бүрджээ. Мэдээж оюутны мэдээллийг нэг бүрчлэн авах боломжтой байсан учраас намар дааж авах ангидаа аль элдэвтэй, эрдэмтэй, авъяас чадвартайг нь сонгох завшааныг ч тэрээр алдаагүй гэдэг. “Чүлтэмжамц гэдэг оюутан маань сайхан зурна. Цэрэнлхам маань харин ёочин тоглоно. Далд санаа минь бол урлаг соёлын арга хэмжээнд амжилт үзүүлэх нөхцлөө бүрдүүлж байгаа нь тэр” гээд тэрээр инээв. Ингээд түүнийг эмчээс ардын багш болсны дараахан ардчилсан хувьсгал ялж, зах зээлийн нийгэмд шилжив. Техникийн их сургууль, Хөдөө аж ахуйн сургууль, манай сургуулийн багш нар нийлж “Инженер, эмч нарын холбоо” байгуулсан юм. Вандансүрэн, Ша.Батбаяр тэргүүтэй залуус Социал демократ намын гишүүд болсон байна. Байгууллагын дарга нарыг олны санал асуулгаар тодруулж байсан юм даг. Ша.Батбаяр маань Дарханы нэгдсэн эмнэлгийн дарга болжээ. Харин Д.Итгэл эмч сургуулийнхаа захирлын сонгон шалгаруулалтад олонхийн саналыг авсан хэдий ч захирлын алба хашихгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь гурван жил сургуульд багшилсан түүнд нэг л ахиж дэвших, илүү ихийг мэдэх боломжийг нь боомилж байх шиг санагддаг болсон байжээ. Тиймээс өөрийгөө хөгжүүлэхийг зорьж Чих, хамар хоолойн эмчийн мэргэжил дээшлүүлэх курст суралцсан байна. Курсээ төгсч ирээд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт Чих, хамар хоолойн тасаг нээж ажилласан түүхтэй. Бас ч үгүй орон нутагт энэ төрлийн хагалгаа хийдэг болсон нь дэвшил хэдий ч зарим талдаа бодууштай зүйл олон байж. Дарханыхан амбулаториор үзүүлэх гэж ирсэн боловч Д.Итгэл эмчид үзүүлэхийг л хичээнэ. Энэ хэрээр амбулаторийн эмч нарын ажлыг булааж байгаа ч юм шиг, эсвэл тэдэнд илүү хялбар ч юм шиг санагддаг болж. Энэ цагаас л чих амар хоолойн хувийн эмнэлэг байгуулах санаа төрж 1999 онд анх эмнэлэгээ байгуулжээ.

2007 онд Буриадаас зорьж ирсэн эмчлүүлэгчийн хамт.

“ХҮҮГЭЭС МИНЬ ЦАХИЛГААН ИРЖЭЭ…”

Түүний ханийг Ж.Цэцгээ гэдэг. Тэрээр 1985 онд Жанчивланд амарч байх үеэр ханийнхаа аавтай танилцсан аж. Гарынх нь хуруунууд халуун, хүйтнийг мэдрэхээ больсон хөгшнийг бариа засал хийж эмчилсэн байна. Ингээд эмч Д.Итгэл аавынх нь хурууг зүгээр болгож өгсөн хүнтэй танилцахаар ирснээр тэдний амьдралын эхлэл болжээ. Өдгөө хоёр охин, хоёр зээтэй бөгөөд том зээ хүүтэйгээ амьдардаг. Д.Итгэл эмч ханьтайгаа танилцсан түүхээ хуучлав. Ж.Цэцгээ “Би нүүрэнд чинь массаж хийж өгч гоё болгоноо” хэмээн эргүүлж байсан нь саяхан мэт санагддаг ажээ. Сувилалд ажиллаж байсан бүсгүй хотод байгаа гэртээ санаа зовж байгаагаа залуухан эмчид уламжилж. Гэхдээ түүнийг хэлсэн зоргоор нь гэрийг эргээд, цахилгаан илгээнэ гэж бодоогүй байна. Нэг өдөр хоолонд орохоор явж байтал Долоонжин гуай бариач бүсгүйг дуудан “Хүүгээс минь цахилгаан иржээ. Гэхдээ чамд явуулсан бололтой” хэмээн дамжуулсан байна. Гэтэл “Гэрийг тань эргэж очлоо. Бүх зүйл сайн байгаа учраас санаа зоволтгүй. Сайхан амраад ирээрэй, би тосч авнаа” хэмээн бичсэн байжээ. Тэр үед “Ямар сүрхий, идэвхтэй залуу вэ” хэмээн битүүхэн догдолсноо дурсав. Ийнхүү цэргийн хувцастай эмч залууд сэтгэл алдарсан залуухан бүсгүй ирээдүйн ханиа зөв сонгосондоо баярладаг хэмээн ярилаа. Энэ биений минь тал болтлоо биедээ ууссан болохоор орхиод, түрүүлээд явчихвал “Өнчрөл, хагацал” түүнийг минь ээрч зовоох вий гэхээс айдаг хэмээн Д.Итгэл эмч ярив.

Ж.Цэцгээ “Миний ханийг Дарханыхан андахгүй. Хань минь ард түмнийхээ дунд нэр хүндтэй байхын хэрээр би ч тэрхүү хүндлэлийг хүртэж байгаадаа баяртай байдаг” хэмээн ханиараа бахархаж суулаа. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө босгодог. Тэгэхээр амьдралын ухаанд зөв суралцах нь юу, юунаас ч чухал. “Олсныхоо хэрээр шунахаас илүүтэй, олонтойгоо явах нь чухал хэмээн байнга л сануулах хань минь миний насны өмөг түшиг” хэмээн Д.Итгэл эмчийн гэргий ярив. Байнга л бие биенээ сайшааж, магтах хоёр маань олон жил хамтдаа жаргал, зовлонгоо хуваалцсаар нэг биений хоёр тал лугаа адил болжээ.

Биднийг хөөрөлдөж суух зуур түүний гэргий “Охин бид хоёрыг Чехэд байхад Итгэл эргэж ирсэн юм. Гэтэл охин маань монголоор сайн ярьж чадахгүй байсан болохоор “Монгол хүн байж ганц үг хэлж чадахгүй байж болохгүй” гээд аваад ирж билээ” гээд эртний дурсамжаа сөхлөө. Тэгсэн бил үү гээд жоготой инээмсэглэн хань руугаа харахад нь Итгэл эмч “Тийм байх аа миний хүү” гээд инээмсэглэж суугаа түүний харцанд хайр гэрэлтэнэ. Бага охин И.Баяржаргал нь багын сэргэлэн, цовоо хүүхэд байж. Чехээс ирээд сургуульд явах болж. Монгол хэл тааруухан охиныг ангийнх нь хүүхдүүдээс эхлээд шоглох хүн олон. Аавынхаа шийрийг хатаасан математикч охин олимпиадад оролцож. Дүнг нь сонсохоос өмнө догдолоод сууж болох биш. Сургууль дээр нь давхиад очлоо. Ёстой л нөгөө захыг нь мушгиад сууж байдаг гэдэгчлэн сандарч байна гэж юу гэхэв. “Охин нь түрүүллээ гэдэг мэдээ сонсоод миний баярласан гэж. Аавын охин Дарханы сайн сурагчдын нэг байлаа. Хүмүүс танай мундаг охин хаана байна гээд л сурагладаг юм” хэмээн охиныхоо тухай ярив. Д.Итгэл эмч болоод түүний гэргий хүүхдүүддээ эд хөрөнгө үлдээхээс илүүтэй оюуны хөрөнгө оруулалт хийхийг чухалчилсан байна. Тиймээс боловсролд нь ихээхэн анхаардаг байжээ.

Дутуугаа нөхөж амьдарсан он жилүүд хосуудыг нэг хүн шиг болгосон гэлтэй. Хэзээд л бие биеийнхээ аяыг харна. Хэзээ ч үг сөргөддөггүй болов уу гэмээр найр тавин ярилцах нь цаанаа л сэтгэлд дотно бас дулаахан. Чих, хамар хоолойн “Бид” эмнэлгийн үүсгэн байгуулагч Д.Итгэлийн амьдралын түүхийн нэгээхэн хэсэг ийм ажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


URL:

Сэтгэгдэл бичих