И.Одончимэг: Хүү төрүүлж өгч, Бараадаа бэлэг барина
МУГЖ жүжигчин И.Одончимэгийг урлагт орсон цагаас нь сайн муу зүйлүүд тойрон хүрээлж байдаг ч тэрбээр шантраагүй. Өдгөө Монголын манлай эмэгтэйчүүдийн нэг болон гялалзаж явна. Эмэгтэй хүн, тэр дундаа жүжигчин уран бүтээлээ найруулаад өөрөө тоглоно гэдэг бахархал. Тиймдээ ч түүний хийсэн бүтээл бүр нь шуугиан тарьж, олны сонорыг мялааж чихийг соотойлгодог. Анх “Сэргээш 3”-аараа найруулагчийнхаа ажлыг эхэлж байсан бол өдгөө долоо дахь уран бүтээлээ туурвиад байгаа билээ. Түүнтэй ажил, амьдралынх нь талаар хэсэгхэн ярилцсанаа хүргэж байна.
-“Алтан өндөг” кино нэлээд шүүмж хүртсэн байх. Яагаад гэвэл үзэгчид “Солиот эхийн” хэмжээний уран бүтээл хүлээж байсан болов уу. Харин та найруулсан хүний хувьд юу хэлэх вэ. Хүндрэл их байсан биз?
-Энэ киног 2015 онд буюу “Солиот эх”-ээс өмнө хийсэн. Гурван жилийн өмнө хийчихээд янз бүрийн шалтгаанаар дэлгэцэнд гаргалгүй өдий хүрсэн юм. Тухайн үедээ кино зургаа аваад, монтажаа хийчихсэн байсан. Компьютер графикийнхаа ажил дээр нэлээн нухлагдсан. Эндээс харахад, Монголд залуу боловсон хүчнүүдийг улс, хөрөнгө мөнгө гаргаад графикийн чиглэлээр сургах цаг нь болчихжээ гэж бодсон доо. Ёстой өөрсдийнхөө хар авьяасаар суралцаж, Монголын киночдыг графикаараа аварч байна даа. График гэдэг маш хүнд ажил. Дутуу дулимаг хийвэл худлаа харагдуулдаг. Киногоо тэр чигт нь унагадаг. Монголын хэд хэдэн аятайхан кинонуудыг графикаас нь болоод голж байсан жишээ байна.
“Алтан өндөг” дээр машин онхолдох, байшин дэлбэрэх, утаа униар гарах гэх мэт үзэгдлүүдийг графикаар хийсэн. Тэр том улсад зураг авна гэдэг бүтэхгүй. Замаа хааж байгаад бум бужигнасан хүмүүсийг зохицуулна гэдэг хэцүү юм билээ. Бараа бид хоёрын тэвчээрийг шалгасан асуудлууд их гарсан. Би кино группээ удирдаж явсан эмэгтэй хүний хувьд өөрийгөө их өрөвдөж байлаа. Бурхан минь дахиж л хүний нутагт зураг авахгүй шүү гэж бодогдсон. Би чинь сүүлдээ Хятад цагдаа нартай хэрэлдэж байгаад зургаа авдаг байсан. Тэнд чинь манайх шиг амар амгалан сайхан хүлээж авахгүй. Хоёр сарын өмнөөс 5-н даргын зөвшөөрлөөр кино зураг авах эрхээ авдаг юм билээ. Зургийн обьектуудаа маш их нерв, стрессийн дунд олж авсан. Бид зөвшөөрлөө хүлээж долоо хоносны эцэст сарын хугацаанд зураг авалтаа хийсэн.
Харин “20-н гэр” гэдэг сайхан кино хотхонд том зочид буудалд тухтай байрлаж байлаа. Эргээд харахад, би бусад кинонуудаасаа илүү хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээртэй тулж байжээ. Бусад кинонууд дээрээ ингэж зовж байснаа санахгүй юм. /нулимс цийлэгнэв/ Хэдэн жилийн дараа хүмүүс энэ киног үзээд “Энэ кинонд их юм хийжээ” гэдгийг ойлгох байх аа. Монголын кино урлагийн мэргэжлийн ганц шүүмжлэгч нь Т.Мягмаржав ах байдаг. Мягаа ах киноны нээлтийн үеэр надад тусгайлан баяр хүргэсэн. “Болоо доо, Одноо минь яг нэг кино үзсэн юм шиг боллоо шүү” гэж. Миеэгомбо маань бас баяр хүргэсэн. Миеэ хэр баргын юманд дуугардаг хүн биш. Киноны постон дээр бас, их гоё сэтгэгдэл бичсэн байна лээ. Мэргэжлийн хүмүүсээс урмын үг сонсоно гэдэг их сайхан. Би бас мэргэжлийн хэмжээгээ барих гээд байна шүү дээ.
-Таны хэд дэх найруулсан кино вэ. Найруулагч гэдэг хүнд хэцүү ажилд яагаад дурлах болов?
-Намайг гуравдугаар курст байхад “ЮНЕСКО”-гийн тэгш ойн жил болсон юм. Тэр жил “ЮНЕСКО”-гийн шугамаар Монголд 100 хувийн тэтгэлэгтэй Парис кино урлагийн их сургуульд суралцах гурван хувиар ирж байсан. Олон улсын сэтгүүлч, зураглаач, найруулагчийн ангиуд ч ирсэн. Энэ гурван хувиар дээр улсын төв хороо, Засгийн газраас 10-аад хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс гарч байлаа. Олон зуун хүүхэд тэр хувиар дээр өрсөлдөж, би нэгдүгээрт жагссан юм. Тийм сайхан хувь заяа надад ирж байлаа. Гэтэл манай Багшийн дээдийн багш нар намайг явуулахгүй гэсэн. “Одончимэг ээ, чи жүжигчин болох хүүхэд. Найруулагч гэдэг хүнд хэцүү ажил. Тэгээд ч чи эмэгтэй мундаг найруулагч гэж сонссон уу. Зураглаачийг нь бодох ч хэрэггүй. Чам шиг ийм жоохон биетэй амьтан хүнд юм мөрөн дээрээ тавиад гүйнэ гэдэг бүтэхгүй” гээд тал талаас ятгаж байсан. Тэгээд л би багш нарынхаа үгэнд орж тэр хуваариудаас татгалзчихсан. Багш нарынхаа хэлснээр, ямар ч гэсэн “Би жүжигчин болох нь тодорхой. Харин нэг кино найруулчихаад үхчих юмсан” гэсэн бодол тээж явлаа.
Нэг өдөр Найдаа найруулагч “Би ажилтай болчихлоо Одноод “Сэргээш 3 найруулах үүрэг өглөө шүү гэж манайханд хэлээд явчихсан. Яалт ч үгүй “Сэргээш 3” над дээр буугаад, тэгж л найруулагчийнхаа ажлыг эхэлж байлаа. Сэргээш амжилттай болсон болохоор урам орж дараагийнхаа бүтээлүүд рүү орсон доо. “Алтан өндөг” миний долоо дахь кино.
-“Алтан өндөг” кино хэдэн төгрөгийн санхүүжилтээр бүтсэн бэ. Зарлагаа нөхөж чадсан уу?
-Зүгээр нэг уран сайханч шиг мөнгөний төлөө хулхины юм хийхийг би хүсдэггүй. Энэ кино бол Монголоос зарлагаа нөхөхгүй нь тодорхой. Монголд кино зураг авдгаас их зардал гарсан. Гэхдээ яах вэ, урлагийн буянаар олон сайхан бүтээлтэй боллоо. Нэг бүтээлээс олсон мөнгөөрөө дараагийн бүтээлээ гаргаад явдаг хүмүүс шүү дээ, бид чинь. Түүнээсээ сэтгэл ханамж авч амьдардаг. Энэ амьдралд мөнгө тийм чухал биш. Гэхдээ шуналгүй хүн гэж байхгүй. Тэр шуналдаа хязгаар тавих хэрэгтэй. Хүн хэлэхээс нааш санахгүй гэдэг үнэн үг шүү. Эрүүл мэндээ золиослон байж мөнгөний төлөө зүтгээд байдаг. Эцсийн эцэст бид юуны төлөө амьдраад байгаагаа бодох цаг болсон. Нарийндаа хүнд хэрэгцээгээ хангахын тулд тийм их мөнгө хэрэггүй. Тэр утгаараа ч энэ киногоо бүх насныханд зориулж хийсэн.
-Одоо ямар шинэ уран бүтээл хийх вэ. ”Сэргээш 4″ хийх үү?
-“Солиот эх”-ийг гүйцэх бүтээл гарна гэдэг хэцүү. Дараагийнх ч гүйцэхгүй байж магадгүй. Тэрэн шиг “Сэргээш 3”-ыг “Сэргээш 4” гүйцэх үү. Эргээд харж байхад “Сэргээш 3”-т тоглосон жүжигчид ямар мундаг юм бэ гэж бодогддог. Яг үнэндээ “Сэргээш 4” хийх гэхээр таалагдах зохиол орж ирэхгүй байгаад байна. Тэр зохиол миний эмоцийг хөдөлгөхгүй бол кино хийгээд яах вэ дээ. Одоо хийвэл драмын бүтээл хийнэ. Надад кинонд тоглох санал ч олон ирдэг. Би зохиолыг нь уншиж үзээд таалагдахгүй бол “Уучлаарай, чадахгүй нь ээ” гээд буцаадаг.
-Монголынхоо хуучны сайхан зохиолуудаар яагаад уран бүтээл хийж болдоггүй юм?
-Хүмүүс тэгж асуудаг. Зохиол унших, дүрсэн дээр буулгах хоёр шал өөр. Үйл явдал, үг текст гээд маш их зөрөөтэй. Тэр бүгдийг одоо цагт яаж оруулах вэ гэх мэт асуудал их байдаг. Гэтэл тэрийг ойлгохгүй хүмүүс “Ямар сонин юм бэ, гадны зохиолоор юм хийгээд байх юм” гэдэг. Үнэндээ өөр арга алга. Соц үед зохиолчдыг чиглэл чиглэлээр нь хуваарилаад өгчихдөг байсан. Зохиолчид нь хүчээр томилсон чиглэлээрээ бичихдээ алдаж оноод сүүлдээ мэргэшдэг. Тэгтэл тэр чиглэлд нь дурлуулдаг байж. н.Батбаяр, н.Жаргалсайхан гуайгаас л жүжиг авъя гэдэг болтол мэргэшүүлдэг байж. Одоо тийм зохиолч олдохгүй байна шүү дээ.
-Миний ажиглаж байгаагаар залуус сүүлийн үед их хөнгөн хуумгай зүйлүүд рүү дурлаад байх шиг санагдаад байгаа. Хараал ерөөл урсгасан контентыг дэмжээд байх шиг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Одоо тийм давлагаа үүсчихжээ. Манай хошин урлагийнхан коментууд нүүр амаа хөдөлгөж, гаднах хэлбэр хөөж, панаалны үг хэллэг хөөцөлдөөд байгаа юм болов уу даа. Рок,поп гарсны дараа хип хоп гарч ирээд хараал ерөөл хэлдэг болсон. Энэ язгуур хаанаас вэ гэдгээс л шалтгаалдаг. Дэлхий нийтээрээ эвдрээд байгаагийн жишээ юм болов уу даа. Хүнд цаанаасаа л адгууслаг шинж ил гарч байгаа юм. Хэзээ байтлаасаа бидний өмнөх үед хараал, ерөөл, жаргон хэллэгийг алга ташин үзэж суудаг байсан юм. Цөөхөн хэдэн монголчуудынхаа тархийг буруу зүйлээр угааж байна гэсэн үг дээ. Бидний үед одооныхоос энгийн зүйлийг тайзан дээр хэлчих юм бол “Пүү паа, юу яриад юу гээд байгаа юм бэ, болиоч ээ” гээд бөөн юм болдог байсан.
Саяхан хошин урлагийн найзууд уулзаж суулаа. Тэгж сууж байхдаа энэ контентын талаар яриад. Бидний үед юу ч дуугардаггүй даруулгатай байжээ. Алчих гээд л байдаг байсан биз дээ гээд инээлдэж байлаа. Юу үзэж таашаах нь хувь хүний сонголтын хэрэг юм даа.
-Хоёулаа уран бүтээлийн ярианаасаа түр хазайя. Суунигийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа вэ?
-Суунийгээ энд тэнд дагуулаад явна. Гадаад, дотоод руу явах болохоороо ээж дээрээ үлдээдэг. Ээж том охиныг маань өсгөж өгсөн. Одоо бага охиныг маань харж байна. Миний охинд жүжигчин хүнд байх донж, эмоци гэх ховор зүйлүүд байгааг би олж хардаг. Гэхдээ жүжигчин болоосой гэж хүсэхгүй байгаа. Том охин минь намайг дагаж явж байгаад хүссэн хүсээгүй жүжигчин болчихлоо. Жүжигчин болно гэдэг маш хэцүү ажил. Бэлэн тоглолтыг үзээд суух амархан боловч тэр зүйлийг бүтээхэд оюуны болоод бие махбодын асар их ачааллыг үүрдэг. Арсланд тоглодог манай Доржсамбуу багш бидэнд “Жүжигчин гэдэг бол маш хүнд, хар хөдөлмөр шүү дээ. Та нар их л гоёор бодох юм” гэдэг байсан.
Дөнгөж нэгдүгээр курст орчихсон байсан. Ид хүсэл мөрөөдөл дээрээ явж байгаа хүүхдүүдэд тэгж хэлэхээр юу ч ойлгохгүй гайхаад л. Яахаараа хүнд ажил гэж байгаа юм бол доо л гэж боддог байжээ. Ар гэрээ хаян байж сайн уран бүтээл гаргахын төлөө ажиллана шүү дээ. Заримдаа би “Өдий насандаа нэг хүүхэд гаргачихаад, тэрэндээ цаг зарцуулж чадахгүй байх даа ч яахав дээ” гэж боддог. Орой ирээд хичээлийг нь ялгана. Охин хүүхдийн чинь ариун цэврийг сахиулна. Хумс хурууг нь янзална гэх мэт ажил их ээ.
Гэхдээ гэр бүлд үр хүүхэд гэдэг хамгийн их аз жаргал авчирдаг. Заримдаа ажил дээрээ ажлаа хийж сууж байхдаа өөрийн эрхгүй охиноо бодоод үртэй хүүхэдтэй байна гэдэг ямар аз жаргал юм бэ дээ гээд ярьчихдаг. Тэгэхээр Онон өлгөж аваад “Хүүе Одноо минь болно. Энэ бүр сайн эзэгтэй боллоо шүү. Наад ажлаа хий. Уран бүтээлээ бод” гээд тоглоом шоглоом хийдэг. Би чинь том охиндоо анхаарал тавьж чадаагүй хүн. Бага охиндоо цаг зарцуулмаар байна шүү дээ.
-Жүжигчин И.Одончимэг ямархуу гэрийн эзэгтэй вэ. Гэр бүлийг чинь тойрох хүмүүсийн хандлага ямархуу байдаг вэ?
-Ар гэртээ цаг зав гаргана гэдэг хэцүү дээ. Багахан зав гарвал гэр орноо угааж арчина. Нэг өдөр нэг цонхны тавцан арчсан бол маргааш нь нөгөөг нь гэх мэтээр цэвэрлэдэг. Сайн эзэгтэй байсан бол өглөө эрт сэрээд, цай хоолыг нь бэлдэж өгөөд, өдөр идэж уух юманд нь анхаарал тавиад, бие организмд нь тааруулаад хүн тус бүрд санаа тавих байлгүй. Ингэж чадахгүй болохоор ямархуу эзэгтэй байна. Ихэнх нь сайхнаар хүлээж авна. Нэг хүн хажуугаар зөрөхдөө сайхан ерөөл хэлээд, гоё харахад их сайхан болоод эрч хүч орох шиг болдог. Бид хоёрын гэр бүл их олон хүнд хэцүү сорилтыг давсан даа. Одоо бол хүн бүхэн хүлээн зөвшөөрсөн.
-Өнгөрдөг жил таны төрсөн өдрөөр Бараа таныг албан ёсоор гуйж, тэр ч бүү хэл хүү гаргуулах хүсэлтээ олон түмний нүдэн дээр зарласан. Харин та тэр бүхнийхээ хариултыг биднээр дамжуулахгүй юу. Ойрын төлөвлөгөөнд хүүхэд багтаж байгаа юу?
-Би чинь эрүүл мэндээ анхаардаггүй эм ч уудаггүй, эмчид ч үзүүлдэггүй байлаа. Одоо охиноо бодоод эрүүл саруул хэдэн жил байж түшиг тулгуур болмоор байна шүү дээ. Миний ээж 70 гарсан мөртлөө хүүхдүүдээ хэрэгтэй байх гэж их хичээдэг. Бидэнд ээж маань “Хичнээн хөгширсөн ч хүнд хэрэгтэй хүн болоорой” гэж захидаг. Тэгэхээр би ээжийнхээ захиснаар хүүхдүүддээ хэрэгтэй хүн байхын төлөө хичээж байна. Надад нэг настай хүн “Чи хүүхэд төрүүлчихээд хэдэн шөнө нойргүй хоносон. Хэдэн шөнө кино хийж нойргүй хоносон бэ” гэж асуусан. “Нойргүй хононо гэдэг чинь богинохон насалдаг юм. Одоо биеэ бод. Битгий миний хүү ядарна” гэж хэлсэн. Тэгэхээр ойрын хугацаанд хүүхэд төрүүлэх талаар төлөвлөөгүй л байна. Гэхдээ бурхан яаж зурсныг мэдэхгүй шүү дээ / инээв /
Н.Пунцагболд
Dardas.mn
URL: