Монгол залуус Сингапурт хулгайн хэргээр баригджээ

Монголын харьяат гурван залуу Сингапур Улсад хулгай хийж, бусдын зээлийн картыг хууль бусаар ашигласан хэргээр ял эдлэх болжээ.

Тус улсын channelnewsasia.com сайтад энэ сарын 22-нд нийтэлснээр Х.Хашбат, В.Баярсайхан, Т.Эрхэм­баатар нарын гурван залуу хөл ихтэй хэд хэдэн газрыг хараандаа авч, бусдын халаасыг ухаж, хулгайлсан зээлийн картаа ашигладаг байсныг цагдаагийнхан тогтоосон байна.  Нийт 81,000 сингапур долларын үнэ бүхий үнэт эдлэл, цахилгаан хэрэгсэл хулгайлсан 25 настай Х.Хашбатад 6,5 жил шоронд хорих ял оноожээ.

Харин түүний хамсаатан болох 31 настай В.Баярсайхан, Т.Эрхэмбаатар нарт хулгай хийж, залилан хийсэн хэргээр 4,6 жилийн ял оноосон байна. Гэмт хэрэгтнүүд өнгөрсөн аравдугаар сард дээрх хэргийг үйлдсэн аж. Тэд хулгайлсан мөнгөөрөө Сингапурын Мустафа худалдааны төвөөс бугуйвч, бөгж, iPad худалдан авсан байсан бөгөөд Монголд авчран худалдаалах гэж байсан хэмээн мэдүүлжээ.

Тэд хулгайлсан зээлийн картаараа тус бүр 3,663- 7,919 сингапур долларын худалдаа хийснийг холбогдох байгууллагууд тогтоосон байна. Тэднийг өнгөрсөн аравдугаар сарын 16-нд нэгэн эмэгтэйн цүнхийг хулгайлахаар завдах үед баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын үед Х.Хашбат гэгч өмнө нь хулгай, залилангийн хэрэгт холбогдож байсныг тогтоожээ.

Н.Туяа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих