Аваргууд гурав дараалан хожлоо

712-154440212647686788_10218463786492184_3274875411732889600_o

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн гурван тоглолт өнгөрсөн бямба гарагт 2018/12/08 боллоо. Энэ өдрийн гайхалтай гурван тоглолтын хамгийн оргил тоглолт нь Үндэсний лигт сүүлийн хоёр жил дараалж аваргалаад буй Архангай Алтан Дорнодын Дайчид болон энэ жил бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлээд буй Өвөрхангай Тэнүүн Өлзий багуудын хооронд боллоо. Тоглолт дуусах хүртэл өрсөлдөөнтэй тоглолтыг багууд үзүүлж эцсийн мөчид Дайчид 100-95-аар хожлоо. Тус тоглолтод ОУХМ Ц.Азбаяр Архангай нутгийн төлөөх эхний тоглолтоо хийж 14 оноо, 3 оновчтой дамжуулалт өглөө. Тэгвэл энэ тоглолтын гол баатар нь ОУХМ Г.Баттөр байж 24 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт өгч сайн тоглолтоо үзүүлжээ. Харин эсрэг багаас ОУХМ Д.Дэлгэрням 22 оноо, 11 самбараас бөмбөг авалт, Б.Дархантөгс 20 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт А.Гансүх 20 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалттай тоглолтыг өндөрлүүлсэн юм.

Сүхбаатар Альянс Тех анхны ялалтаа авлаа
Үндэсний лигийн тэргүүн хэсэгт хожил авч амжаагүй байсан Баянхонгор Мазаалай болон Сүхбаатар Альянс Тех гэсэн хоёр баг энэ удаад учраа таарч тоглосон юм. Тоглолтын эхний үеийг Сүхбаатар аймаг гайхалтай хийж 35-19-өөр тэргүүлж дуусгасан. Гэхдээ Мазаалай багийн хоёрдугаар үеийн тавт оноог найм болгож ойртуулснаар эхний хагас өндөрлөв. Улмаар хоёрдугаар хагаст С.Эрдэнэдалай гайхалтай байж хэрэгтэй оноог багтаа авчирч байлаа. Түүний хувьд тоглолтын турш 27 оноо, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж баг нь 100-86 харьцаатай хожлоо. Харин эсрэг багаас легионер тоглогч Бен Кил 20 оноо авч багаа тэргүүлжээ.
Нэмэлт цаг сунгасан тоглолт Шонхоруудын ялалтаар өндөрлөв
MNBA Үндэсний лигийн өмнөх жилийн дэд аварга Ховд Шонхорууд баг Хэнтий аймгийн эсрэг улирлын ээлжит тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс оноо ойролцоо явсаар эхний хагас өндөрлөсөн. Гэхдээ гуравдугаар үед Шонхорууд онооны давамгайллыг авч илүүрхэж эхэлсэн юм.Ингээд дөрөвдүгээр үед тоглолтын онооны харьцаа 69-85-аар Шонхорууд тэргүүлж байх үед Хэнтий аймаг гайхалтай эргэн ирэлтийг хийж 19-3 гэсэн онооны давуу байдлыг сүүлийн долоон минутад үүсгэж чадсан. Улмаар хоёр багийн тоглолт үндсэн цагт 98-98 харьцаатай тэнцэж нэмэлт цаг сунгаж тоглох болжээ. Харин нэмэлт үед Шонхорууд алдаагаа засаж 114-107 харьцаатай хожлоо. Энэ тоглолтод Ховд Шонхоруудын шинэ тоглогчид гайхалтай байлаа. Э.Дорж-Арилд 22 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 3 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол М.Даваадорж 17 оноо, 4 оновчтой дамжуулалт өгсөн. Мөн Шонхоруудаас зургаан ч тоглогч 10-с дээш оноог авч багаараа жигд байжээ. Хэнтий аймгийн багаас Ш.Мөнх-Эрдэнэ 25 оноо, 14 самбараас бөмбөг авалт, Г.Энхбаяр 17 оноо, 4 авалт самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа манлайлжээ.

URL:

Сэтгэгдэл бичих