АН-ынхан гишүүддээ хариуцлага тооцож, чуулган хуралдаж чадаагүй өдрүүд

15442393985c0b39269a8acЖ.Батзанданг АН-аас “хөөж”, Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвших эрхийг хаслаа

Энэ долоо хоногт АН-ын үндсэн дүрмийн хороо хуралдаж, АН-ын үндсэн дүрмийн нэр бүхий заалтуудыг зөрчсөн Д.Мурат, Л.Болд нарт АН-аас төрийн сонгуульд нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан. Мөн Үндсэн дүрмийн хорооны дүгнэлт гаргах тухай тогтоолыг үндэслэн Ж.Батзандаг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаанд хасах тухай. Энэ шийдвэрийн Ж.Батзанданг бүлгийн гишүүнээс хасч байгаагаа мэдэгдсэн байдаг.

Энэ шийдвэр гарсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа бус АН-ын бүлгээс гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрбээр УИХ дахь АН-ын бүлгээс гарах тухай албан бичгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хүргүүлсэн байна.

Тус албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрыг огцруулахтай холбоотой УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хийсэн санал хураалтын дүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гурван гишүүнд АН-ын удирдлагаас ногдуулсан шийтгэлийг эсэргүүцэж миний бие УИХ-ын тухай хуулийн 26.12-д заасны дагуу УИХ дахь АН-ын бүлгээс гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

УИХ-ийн чуулган ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдсангүй

 Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаан гацаатай байлаа. Учир нь чуулганы хуралдааны ирц хүрэхгүй байгаа юм.  УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлага тавьж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар  чуулганы танхимын үүдэнд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичиг барин суулт хийсэн.  УИХ-ын дарга М.Энхболдыг чуулганы хуралдааныгУИХ-ын дэд дарга М.Энх-Амгалангаар удирдуулж, өөрөө суулт хийж буй дөрвөн гишүүнтэй уулзсан билээ.

УИХ-ын 13 гишүүн их хурлыг огцрохыг шаардаж чуулганы хуралдаандаа ирээгүй тул хуралдаж чадсангүй. Чуулганаар хамгийн түрүүнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, үүний дараа Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх байсан юм.

Мөн зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр товлоод байсан юм.

Дараагийн өдөр мөн УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүдээгүй шалтгаанаар хуралдаж чадсангүй. Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилохыг МАН-ын Удирдах зөвлөл, Бүлгийн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Ингэснээр Ч.Улаан нь зургаа дахь удаагаа сайдаар томилогдохоор болж байгаа юм.

                Орон сууцны хөнгөлөлттэй зээлд 500 тэрбум төгрөг зарцуулна

Мөн өнөөдөр Засгийн газар хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, Улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд  татан оруулахаар болсон байна. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэж байна.  Аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, орон сууцны нийт талбай 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд хөнгөлөлттэй зээл олгоно. Үүнээс гадна инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгож болохоор журамд тусгажээ.

Зээлийн хугацаа 360 хүртэл сар, жилийн хүү найман хувь, урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байна. Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх бөгөөд төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцох аж. Зээлдэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон улсын бүртгэлийн лавлагаатай, өмнө нь зээлд хамрагдаж байгаагүй, барьцаатай байх ёстой. Амины орон сууц барихаар зээл хүсэгч нь дээрхээс гадна орон сууц барьж байгаагаа тодорхойлуулсан, барих газар нь өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас багагүй байх ёстой юм.

ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр хариуцлага хүлээж ажлаа өгнө

Энэ долоо хоногийн онцлох чухал үйл явдал ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр ажлаа өгөхөө мэдэгдсэн үйлдэл байлаа. ЭХЭМҮТ-д амаржихаар очсон эмэгтэйг угтах үйлчилгээний ажилтан эмэгтэйг зөв хаалгаар ор гээд явуулсан ба энэ хугацаанд эмэгтэй гадаа таксинд төрсөн юм. Хэдийгээр эх хүүхдийн биеийн байдал сайн ч гэлээ ЭХЭМҮТ-ийн маш ноцтой алдаа гаргасан хэмээн салбарын сайд нь мэдэгдсэн. Тиймээс тус төвийн дарга Ш.Энхтөр “Тэнд ажиллаж байсан эмч, сувилагч нарын хэлж буйгаар жолооч орж ирж, төрөхийн хүлээн авахыг асуусан байгаа юм. Эмнэлгийн ажилтнуудад өвдсөн эх харагдаагүй байх. Тэрнээс биш өвдсөн эх, ус нь гарсан тохиолдолд буцаах үндэслэл байхгүй. Ер нь бол ЭХЭМҮТ тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө” гэсэн юм.

Шатахууны үнийг  100 төгрөгөөр бууруулав

Энэ долоо хоногиийг шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан мэдээгээр үдэв.  Учир нь өнгөрсөн даваа гаригт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулах боломжийн талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрсэн юм.

Ингээд энэ сарын 7-ноос  АИ92 шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулна гэсэн ч өглөө хэвээрээ байсан бөгөөд импотлогч компаниудаас буулгаагүй байгаа шалтгааныг асуухад “өнөөдөр удирдах зөвлөлөөр хуралдана” гэсэн билээ. Харин үдээс хойш шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан юм.

УУХҮЯ-наас “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу шатахууны буурав.

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих