МҮЭХ-оос С.Ламбаад шаардлага хүргүүлжээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн сайд С.Ламбаад нэгэн шаардлагыг хүргүүлжээ.
Тус шаардлагад Эрүүл мэндийн сайдыг “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа МҮЭХ-оог “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд үйлдвэрчний эвлэл, эзэд ЭМД-ын санг захиран зарцуулдаг болох тухай асуудлыг тавьсан хэмээн гүтгэсэн явдалд уучлалт гуйхыг шаардсан аж.
МҮЭХ-оос сайд С.Ламбаад хүргүүлсэн тэрхүү шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Засгийн газрын гишүүн С.Ламбаа таны анхааралд
Монгол улсын Засгийн газрын гишүүн С.Ламбаа Та МҮЭ-ийн мянга мянган гишүүд, даатгуулагчдыг увайгүй гүтгэснийхээ төлөө уучлал гуйна уу!
Даатгуулагчдын эрүүл мэндийнхээ төлөө төлсөн мөнгөний хойноос улайрсан улс төрчийн эрээ цээргүй гүтгэлэг бүхий ярилцлага Зууны мэдээ сонины 2011 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 3-т гарчээ. Үүнийг нийт даатгуулагчдаа төлөөлөн МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж, С.Ламбаа сайд танд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан доорх зүйлийг хүргүүлж байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан МҮЭХ нийт даатгуулагч, гишүүдийг төлөөлөх хууль ёсны үүргийнхээ дагуу өөрийн байр сууриа илэрхийлж ирснийг ард иргэд, даатгуулагчид сайн мэдэх билээ.
МҮЭХ-ноос хэзээ ч С.Ламбаа сайдын гүтгээд байгаа шиг “…..үйлдвэрчний эвлэл, эзэд ЭМД-ын санг захиран зарцуулдаг болох…” тухай асуудал тавьж байгаагүй бөгөөд бид зөвхөн өөрсдөд ногдсон хууль ёсны эрхийн дагуу ЭМД-ын сангийн зарцуулалтад шимтгэлээ төлсөн даатгуулагчийн хяналтыг бий болгох, ил тод нээлттэй ажиллуулах, даатгуулагчийн өмнө хариуцлага хүлээх бие даасан, хараат бус байгууллагатай болгох талаар л байр сууриа илэрхийлж байгаа. МҮЭ-ийн холбооны хууль ёсны хүчин чармайлт үйл ажиллагааг гутаан доромжилж, увайгүй гүтгэлэг зохион байгуулж байгаад туйлаас харамсаж байна.
Даатгуулагч эрүүл мэндээ даатгуулсан мөнгөнийхөө зарцуулалтад хяналт тавих эрхтэй байх тухай хууль ёсны асуудлыг хөндсөний төлөө эрээ цээргүйгээр мянга мянган даатгуулагчдыг гүжирдсэн Таныг иргэд, даатгуулагчдаас уучлал гуйхыг шаардаж байна.
1995 оноос хойш ЭМД-ын шимтгэл тогтмол төлж, эрүүл мэндийн салбарын ажиллагаанд хувь нэмэрээ оруулж ирсэн даатгуулагчдад сэтгэлд нь хүрсэн эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх үүргээ хангалттай түвшинд гүйцэтгэж чадахгүй байгаа, ийм тогтолцоогоор өнөөдрийг хүртэл тус салбарыг мөлхүүлээд байгаагийнхаа төлөө Та даатгуулагчдаасаа уучлал гуйх нь зүй ёсных. Түүнчлэн уг салбарт ажиллагчдын эрх ашиг давхар хохирч ирсэн гэдгийг санах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийг гацааснаас гарах сөрөг үр дагаврыг Сайд Та хариуцах уу?
Энэ дашрамд “Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль”-ийг шинэчлэхээр ажиллаж байгаа УИХ-ын эрхэм гишүүддээ асуудлын мөн чанарыг ойлгож, олон улсын жишиг, дэлхий нийтийн хандлага руу ЭМД-ын тогтолцоог чиглүүлэхээр чармайн ажиллаж, нийт даатгуулагчдын талд зогсож байгаад нь талархал илэрхийлье.
Өчүүхэн ашиг хонжооны төлөө эрээ цээргүй улайрч буй зарим увайгүй хүмүүст луйвар хийх боломжийг бүү олго хэмээн нийт даатгуулагч иргэдийнхээ өмнөөс хүсч, найдаж байгаагаа илэрхийлье.
Хэрэв ийм увайгүй үйлдэл давтагдаж, асуудал энэ маягаар хөврөх аваас МҮЭ-ийн холбоо даатгуулагчдынхаа эрхийг хамгаалж, энэ улсад зөв зүйтэй, үр дүнтэй ЭМД-ын тогтолцоо бий болгохын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийхийн зэрэгцээ тэмцлийн бүхий л арга хэлбэрийг ашиглах болохоо үүгээр мэдэгдэж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар
URL: