Huawei-гийн санхүүгийн захирлыг Канадад баривчилжээ

zgm_hevteeHJИраны эсрэг АНУ-ын хоригийг зөрчсөн хэрэгт сэжиглэн Хятадын Huawei Technologies компанийн санхүүгийн захирлыг Канадад баривчилсан нь худалдааны эвлэрлийн эмзэг цаг үед Бээжингийн дургүйцлийг төрүүллээ. Huawei-г үндэслэгч эрхмийн охин бөгөөд зөвлөлийн даргын орлогч Ванзоу Мэнийг АНУ-ын хууль зүйн яаманд шилжүүлэн өгөх байх гэж Канадын тал мэдээлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын технологийн аварга компани иранд тоног төхөөрөмж худалдсан асуудлаар АНУ-ын прокурор мөрдөн байцаалт эхлүүлсэн. Уг хэрэгт хатагтай Мэнийг энэ сарын нэгэнд баривчилсан байна. Канад дахь Хятадын ЭСЯ нэн даруй эсэргүүцэл гаргаж, АНУ ба хөрш орныг буруу үйлдлээ засах, бас Мэнийг чөлөөлөхийг шаардав. Дэлхийн тэргүүлэх хоёр эдийн засаг худалдааны эвлэрэл зарлаад буй цаг үед ийм хэрэг гарсан нь Вашингтон, Бээжингийн харилцааг хурцатгах магадлалтай.

Мэний эцэг рэн Женфай цэргийн инженер мэргэжилтэй бөгөөд Хятадын топ бизнесменүүдийн нэг гэж үнэлэгддэг. Түүнийг цахилгаан бараа борлуулдаг компанийг дэлхийд хоёрт бичигдэх ухаалаг утас үйлдвэрлэгч, сүлжээний төхөөрөмж нийлүүлэгч болгож чадсан гэж үнэлдэг. Санхүүгийн захирлыг баривчилсныг эх орон нэгтнүүд нь хятадын компанийн удирдлага руу хийсэн дайралт хэмээн эсэргүүцэх нөхцөл үүслээ. Alibaba, Tencent компаниуд огцом өсөлт, тэрбумтан төрүүлснээрээ олны анхааралд байдаг бол ноён Рэний компани Ази, Африк, Европт үйл ажиллагаа явуулж, дэлхийд тархсанаараа алдартай. Түүнчлэн хиймэл оюун ухаанаас эхлээд тавдугаар үеийн чип хүртэл олон технологид хүч сорьдог. Huawei-гийн мобайл холбооны ирээдүй рүү хийсэн алхмууд АНУ-ын эсэргүүцэлтэй тулгарч, Хятадыг тогтоон барих нэг чиглэл болжээ. Эдний ханган нийлүүлэгч Precision, MeiaTek зэрэг компанийн хувьцаа сүүлийн өдрүүдэд уруудсаныг Мэний баривчилгаатай холбон тайлбарлаж байна.

Mirabaud фирмийн шинжээч Нил Кэмплинг “Alibaba, Tencent хоёр дотооддоо аварга бол Huawei дэлхийн хүчтэн боллоо. 5G стандарт АНУ ба түүний холбоотнуудын оюуны өмчийн талаарх маргааны гол сэдэв. Тэд Хятадын технологийн хулгайг зогсоох талаар бүхнийг хийж байгаа” гэж дүгнэв. Канадын сонинд мэдээлсэн уг баривчилгааг АНУ-ын хууль зүйн яам тайлбарлахаас татгалзлаа. АНУ-ын сенатч Крис Ван Холлен “Huawei, ZTE хоёр бол нэг зоосны хоёр тал. Хятадын харилцаа холбооны эдгээр компани Америкийн үндэсний аюулгүй байдалд асар их аюул учруулдаг. Худалдааны яам ZTE-г анхаарч байх завсар, Huawei бас л АНУ-ын хуулийг зөрчлөө” хэмээсэн юм. Huawei-гийн мэдэгдэлд “Манайд ямар хэрэг тулгасан талаар мэдээлэл бараг алга. Хатагтай Мэн ямар буруу зүйл хийснийг мэдэхгүй байна. Тус компани Канад, АНУ-ын хуулийн систем шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Huawei ажиллаж байгаа орныхоо бүх хуулийг дагаж мөрддөг” хэмээн онцолжээ. Хонконгийн Rabobank-ны Азийн зах зээл хариуцсан захирал Майкл Эвэри “Үүнийг хатуу бөмбөгөөр тоглох гэж нэрлэдэг. Хятадын тал иргэнээ суллахыг хэдийн шаардсан. Гэвч хэрэг ноцтой бол АНУ буулт хийхгүй байх” гэжээ.

Financial Times


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих