Афганистаныг зорих энхийг сахиулагчид тангараг өргөлөө

2018-12-07_419_2018.12.07.29-1140x570

Исламын Бүгд найрамдах Афганистан улсад явагдаж байгаа НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зорих гэж байна. Тэд уламжлал ёсоор монгол цэргийн сүлд, хийморийн бэлгэдэл болсон Жанжин туганд хүндэтгэл үзүүлэв. Энэхүү ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Зэвсэгт хүчний ХЗЦК-ын штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, АЦК-ын АУХ-ийн дарга, хурандаа Т.Ганбат, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар энхийг сахиулагчдад хандаж хэлсэн үгэндээ “Та бүхний үүрэг гүйцэтгэх ажиллагааны газар оронд цагийн байдал тийм ч тогтвортой биш. Гэсэн ч нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, нэгдмэл санаа зорилготой, хатуу чанд сахилга баттайгаар өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататгаж, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, нутгийн иргэд болон хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бусад орны цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа үлгэр дуурайл үзүүлж чадна гэдэгт итгэл төгс байна. Түүнчлэн бид эвслийн цэргийн ажиллагаанд анх удаа эмэгтэй цэргийн алба хаагчдыг оролцуулж байна. Энэ нь IX ээлжийн цэргийн багийн онцлог төдийгүй Зэвсэгт хүчний түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа чухал үйл явдал гэдгийг хэлэхэд таатай байна. Та бүхэн ажиллагааны бүхий л хугацаанд сонор сэрэмжтэй байж, дадлага, ур чадвартаа тулгуурлан нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлэхийг даалгаж байна” гэв.

Энэ үеэр эмэгтэй цэргийн алба хаагчдын сэтгэгдлийг нь сонслоо.
БИДЭНД АСАР ӨНДӨР ХАРИУЦЛАГА ОНОГДОЖ БАЙНА

Цэргийн төв эмнэлгийн нүдний их эмч, дэд хурандаа Ц.Оюунгэрэл:
-Хос тангарагтай цэргийн эмч хүний хувьд олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцон үүрэг гүйцэтгэхээр ажиллагааны газар орныг зорих гэж байгаадаа баяртай байна. Миний хувьд 2009 онд ХБНГУ-д герман хэлний болон мэргэжлийн дамжаанд суралцаад Бундесвэрийн цэргийн эмнэлэгт нэг жилийн хугацаатай дадлага хийсэн. Тэгэхээр герман хэлний мэдлэг маань давуу тал болж, сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж ойлгож байна. Ажиллагааны өмнөх бэлтгэлээр чамгүй зүйлд суралцлаа. Ялангуяа, ХБНГУ-ын Зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа орчин үеийн зэвсэглэл, техникийг эзэмших, түүнийг хэрэглэх арга барилд суралцаж, тодорхой дадлага, туршлага хуримтлуулсандаа сэтгэл хангалуун байна. Эмч хүнийхээ хувьд цэргийн багийн бие бүрэлдэхүүний эрүүл энхийн манаанд зогсох гол үүргийг хүлээж байгаа. Тэгэхээр хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлэхийг хичээнэ. Тэр тусмаа НАТО-ийн ажиллагаанд эх орон, Зэвсэгт хүчнээ төлөөлөн үүрэг гүйцэтгэх гэж байгаа анхны монгол эмэгтэй цэргийн алба хаагчид гэдэг утгаараа бидэнд асар өндөр хариуцлага оногдож байна шүү дээ.

ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ БИДНЭЭР ТӨСӨӨЛӨХ УЧРААС…

            Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн радио холбооны тасгийн захирагч, ахлах ахлагч Л.Мөнхцэцэг:
-Миний хувьд НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд гурван удаа оролцсон. Тодруулбал, Сьерра Леон улсад нэг, БНӨСУ-д хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн. Харин одоо НАТО-ийн тэргүүлсэн ажиллагаанд оролцон үүрэг гүйцэтгэхээр Афганистан улсыг зорих гэж байна. Сонгон шалгаруулалтад тэнцэж, тус улсад үүрэг гүйцэтгэх анхны монгол эмэгтэй цэргийн алба хаагчдын нэг болж байгаадаа сэтгэл өндөр байна. Түүнчлэн 40 шахам орны 1700 орчим цэргийн алба хаагчтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх учраас бидэнд асар их хариуцлага оногдож байгаа юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага ямар түвшинд байгааг биднээс харж, биднээр төсөөлөх учраас тэр шүү дээ. Тийм болохоор ажиллагааны өмнөх бэлтгэлийн туршид явагдсан онол, дадлагын хичээлүүдэд идэвхтэй оролцож, мэдэхгүй, чадахгүй зүйлүүдээ сайтар сурч авахыг хичээсэн. ХБНГУ-аас ирсэн сургагч багш нар ч биднийг чамгүй зүйлд сургаж, дадлагажуулсанд талархаж байна. Үүнээс гадна цаг агаар, цагийн байдал, шашин шүтлэг, ёс заншил гээд тэс өөр орчин биднийг угтах учраас энэ талын мэдээллүүдийг цуглуулж, тодорхой болсон. Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


URL:

Сэтгэгдэл бичих