ТЭС ХҮЙТЭН АВТОБУС ТҮМНИЙ ЗОВЛОН БОЛЖЭЭ
Улс төрийн гал халуун хэрүүл ордонд ид өрнөж байгаа ид үед тэс хөндлөн сэдэв буюу хөлдүү автобусны тухай бичлээ гэж зарим хүмүүс бодож байж магадгүй. Гэхдээ бичихгүй бол үнэндээ болохгүй болжээ.
Өнөөдөр, 2018 оны 12 дугаар сарын 06-ны орой 19.08 цагт амьхандаа жаахан замын түгжрэл багасгаж байгаад Офицеруудын ордоноос 25 дугаар эмийн сан орохоор “4-р хороолол-Улаанхуаран” маршрутын автобусанд суулаа. Гэртээ 21.42 цаг болж байхад царцуу байдалтай орж ирж байна. 8 км хүрэхгүй зайг 154 минут туулж явахдаа туулсан адал явдал, дутагдал, хүндрэл, харсан үзсэн зүйлээ буулгахаар шийдэв. Гэхдээ дандаа шүүмжлээд байхгүй гарц, гаргалгаатай нь бичих тул холбогдох хүмүүс нь санаа аваасай гэж хүсэж байна.
1. Гадаах -26 хэмийн хүйтэнтэй харьцуулбал +3 хэмээр бага “дулаан”-тай автобус дотор суугаад 8 км зайг 3 цаг гаруй туулна гэдэг замын түгжрэл эмгэнэл болжээ гэсэн үг. Даарсан хүмүүс ханиад, хатгаа хүрнэ. Эмчилгээнд асар их мөнгө урсана. Шийдэл: УИХ, Засгийн газар, Нийслэл хотын удирдлага хэрүүл тэмцлээ багасгаж Монголын хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотдоо анхаарал хандуулах цаг болжээ.
2. Миний суусан автобус бүр тэс хөлдүү бөгөөд айхтар хир үнэртэх юм. Надтай ийм “бүтэлгүй” автобус нь таарчихвуу эсвэл бүгд адилхан юм болов уу? Шийдэл: Автобус бүрийн суудал дор жижиг оврын цахилгаанаар халдаг халаагч эсвэл халдаг суудал/бүрээс тавьж өгөх хэрэгтэй байна. Орос улсад адилхан хүйтэрдэг учраас зорчигчийн суудал дор жижиг хөөрхөн халаагч тавьсан байдаг. Автобусны компаниуд сайн дураараа халаагч тавина гэдэг “үлгэр” учир Засгийн газраас зоригтой шийдвэр, хөрөнгө гаргаад автобус бүрт 20 ширхэг халаагч тавих, гарсан зардлыг нь автобусны компаниудад улсаас сар бүр олгодог олон арван тэрбум төгрөгөөс нь шууд суутгаад авчих хэрэгтэй. Үгүй гэвэл тусгай зөвшөөрлийг нь цуцлаад халаагчтай автобус оруулж ирэх дараагийн компанид өгөх ёстой. Олон тэрбум эргэлддэг, ашиг өндөртэй салбар учраас дараагийн хүн амархан тодрох байх. Хэдийгээр зам нь түгжрэлтэй ч гэсэн автобус дулаахан, цэвэрхэн байвал хэр олон хүн машинаа орхиод суух вэ гэдгийг бодоод үзээрэй.
Автобусны паар нь жолоочийн хавьдаа л жоохон үлээдэг бололтой хэдий ч урд зогсож байгаа автобусны утааг салон руу шууд үлээгээд угаартуулж байгааг мартах гэж байна.
3. Хувийн автомашинууд нэгдүгээр эгнээгээр автобустай зэрэгцээд битүү чихээд байгаа явдал нь автобусыг удаан явуулах том шалтгааны нэг болж байна. Нийслэлийн Засаг дарга асан Бат-Үүл баатрын үед овоо цэгцрээд байсан бол одоо ч хамаагүй болж дээ. Шийдэл: Цагдаа нар эрчимтэй ажиллаж торгох, зохицуулах.
4. Арслантай гүүрнээс Төв шуудан хүртэл замын нэгдүгээр эгнээ нь ямар ч зайгүй, хөдөлгөөнгүй автобусны цуваагаар дүүрэх юм. Тийм учраас хүмүүс Арслантай гүүрэн дээр бараг 1 цаг хүлээгээд урагшлахгүй болохоор нь бууж 1 км гаруй явган алхаад Төв шуудан хавиас сууж байна. Энэ нь зарим хүмүүс илүү мөнгө төлөх, ялангуяа өөр чиглэлийн автобусанд дамжин суух гэж байгаа хүмүүст хохиролтой тусах юм. Шийдэл: Нэгэнт тэр хэсэгт түгжирсэн, явган алхаад орж ирж байгаа хүмүүсээс мөнгө авахгүй байвал зүгээр юм шиг санагдлаа.
5. Нэгэнт хийх юмгүй сууж байгаа хүн чинь автобусанд орж ирж байгаа хүмүүсийг баахан ажиглав. Ажиглалтын үр дүн тун сонирхолтой. 10 хүн орж ирлээ гэж бодоход 2-3 нь оюутан, сурагч, 2-3 нь хөнгөлөлттэй зорчигч, 2-3 нь дамжин суугч, 2-3 нь картгүй шууд бэлэн мөнгөө жолоочид өгөөд үлдсэн 2 хүн л мөнгөө бүтэн төлөөд явах юм. Хамгийн сонирхолтой нь яаж ч хараад хүүхэд гэж хэлэхээргүй залуус, оюутан гэж хэлэхээргүй хөгшин баагий оюутан болчихсон, за жоохон 40 гаруй настай бол шууд хөнгөлөлттэй зорчигч болон хувирчээ. Жолоочийн цалин тогтмол учраас дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байгаа хүн, “туулай” нарт шаардлага тавьж байгаа ч юм алга. Шийдэл: Автобусаар үйлчлүүлж байгаа хүн бүр мөнгөө төлөх, картаа авч амжаагүй хүмүүс 1-5 удаагийн эрхтэй 1 удаагийн картыг жолооч нь зараад уншуулаад оруулж байх. Жолоочийн дэргэд орох хаалганы хажууд эргэлдэг төмөр баганатай хаалт хийж өгөх, оросын бүх автобус ийм төмөр хаалттай. Картаа уншуулангууд хаалт нь эргээд 1 хүн оруулна, картаа уншуулахгүй бол эргэхгүй байх жишээтэй.
6. Жолооч бэлэн мөнгө их авч байна. Шийдэл: Жолооч бэлэн мөнгө авахгүй болгох арга тун энгийн юм. Хяналт тавих байгууллагаас жолооч бэлэн мөнгө авч байгаа зураг 1 бүрийг 10,000 төгрөгөөр худалдаж авна гэсэн зар тавиад гүйцээ. Ингэсэн тохиолдолд мөнгөн урамшуулалд дуртай сайн дурын олон хүмүүс гар утсаа бариад жолоочийн хажуунаас салахгүй. Харин жолоочтой хариуцлага тооцох тухай асуудлыг тухайн хууль хяналтын байгууллага нь жич ярина биздээ. Ингэж чадвал тухайн автобусны компаний одоогийн орлого хамгийн багадаа 1/5-аар эрс нэмэгдэнэ гэдэгтэй мөрийцсөн ч болж байна.
7. Орой 19.00 цагаас хойш нөгөө карт цэнэглэдэг, зардаг газрууд хаалгаа барьжээ. Хүний хөл хамгийн ихтэй Офицеруудын ордон, Багшийн дээдийн буудал дээрээс лав онгорхой газар олсонгүй. Шийдэл: Хяналтаа сайжруулах, оростой адил автобусны жолооч карт зардаг болгох.
8. Автобусны буудал зарлагч ажиллахгүй байгааг бүх хүмүүс шаардаж хэлээд явах, цонх нь битүү цан хүүрэг татах, бохир хир зэргийг тогтмол угааж цэвэрлээд үнэртэн цацаад сурчихвал аандаа арилах байх.
9. Эцэст нь 1 хувийн санал байна. Уул нь хэрэгжүүлж чадвал тун хэрэгтэй санал байгаа юм. Санаа нь тун энгийн 10 буудалтай 1 маршрутаар 2 автобус явдаг байлаа гэж бодьё. Эхний автобус нь зөвхөн сондгой 1, 3, 5, 7, 9 дүгээр буудлууд дээр зогсоно. Дараагийн автобус тэгш буюу 2, 4, 6, 8, 10 дугаар буудал дээр зогсдог болговол автобусны зогсоолд зогсох, хөдлөх цаг 2 дахин багасаж, нийт зам туулах цаг нь 2 дахин хурдсах юм. Хүмүүс нэгэнт буух буудлаа мэдэж байгаа үед эхлээд жоохон будилж байгаад аяндаа журмандаа орно. Хэн ч гэсэн 2 дахин хурдан хугацаанд гэртээ харихыг хүснэ биз дээ.
Бид оросоос муу зүйлийг нь бус автобустай холбоотой сайн зүйлийг нь ямар бодох зүйлгүй шууд хуулбарлаж авах хэрэгтэй. Ингээд дулаан, цэвэрхэн автобустай болбол машинаа тавиад автобусанд суух хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, тэр хэрээр түгжрэл буурах юм. Гол нь зоригтой шийдвэр гаргах, эрс өөрчлөх л хэрэгтэй байна.
https://www.facebook.com/groups/paparazzitrafficmongolia/permalink/2205430866375314/
URL: