Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ
УИХ-ын чуулганы танхимд шударга ёсны ноён оргил болж, бусдыг “хулгайч худалчаар” нь дуудаж суудаг Л.Энхболд гишүүн өөрөө жинхэнэ хулгайч бөгөөд залилагчтай хамтран ажилладаг нь илэрснээр түүний хулхи нь буув. Учир нь тэрбээр охин Э.Мандухайн нэр дээр “Мэйт экспорт интернэшнл” компани байгуулан өгч, улмаар 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдосноор “шударга үнэний туйл” маань Төрийн ордонд том дуугарах нь байтугай Өмнөговь аймгийг зориход ч нүүр халуун болов. Уг нь Л.Энхболд 1.3 тэрбум төгрөгийн зээлийг өөртөө “хулгайлж” байхаар тойргийнхоо бичил бизнес эрхлэгч 100 хүнд хөөцөлдөөд олгуулчихсан бол мөн ч их буян болох байлаа. Хичнээн хүний амьдралд тустай байхсан билээ. “Шударга үнэний туйл” гишүүнд нь даанч тийм сэтгэл байхгүйг энэ үйл явдал харууллаа.
Тэрбээр ийнхүү шударга царайныхаа цаана будилаан хутгаж явахдаа буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр “Мэйт экспорт интернэшнл” компанийг Э.Чагнаасүрэнгийн нэр дээр шилжүүлжээ. Хөөрхий будилаантай ч гэсэн эцэг хүн л болсон хойно охиноо өөрийнхөө луйврын ажиллагаанаас хөндийрүүлж байгаа царай нь энэ бололтой. Гэсэн хэдий ч хөдлөшгүй баримт байгаа хойно хууль зөрчин зээл авсан хэрэгт охин Э.Мандухай нь ороогдож байна. Тэр ч бүү хэл Л.Энхболд тэргүүтэй гишүүдийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хамсаатнуудыг АТГ-аас баривчлан шалгах мэдээлэл бий. Тэгэхээр хөөрхий охин Э.Мандухай “шударга” эцгийнхээ хийсэн хэргийн өмнөөс шүүхийн хаалга татах болж байна. Магадгүй илүү их будилаан гарвал ял ч авч мэдэхээр болжээ. Найз нөхөд нэгнээ хэрэгт түлхэсэн тохиолдол олон байдаг, тэр ч бүү хэл ах дүү нар нэгнээ түлхэсэн тохиолдол ч цөөнгүй бий. Харин өөрийнхөө төрсөн үрийг хэрэгт түлхэж байгаа эцгийн тухай сонсоогүй юм байна.
Ингэхэд Л.Энхболдын охин Э.Мандухайн нэр дээр байсан компанийг шилжүүлж авсан Э.Чагнаадорж гэгч хэн бэ гээд тандахаар бас л нэг залилан мэхлэгч байгаа нь тодорлоо. Тэрбээр өдгөө Л.Энхболдын үүсгэн байгуулсан “Ирээдүй инвест” Банк бус санхүүгийн байгууллагад нягтлан бодогчоор ажилладаг нэгэн аж. Тэрбээр 2016 онд Л.Энхболдыг УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэр 1.5 сая төгрөг хандивлаж, улмаар Л.Энхболдыг УИХ-ын гишүүн болоход нь сонгуулийн ажиллагаанд зүтгэсэн, хандив өргөсөн шанд гишүүний Туслах хэмээх алба авсан нэгэн. Цааш лавшруулан судлахаар Э.Чагнаасүрэн нь 2006 онд хэдэн нөхдийн хамт Хадгаламж зээлийн хоршоо байгуулж, тавхан сарын дараа гэхэд 16 харилцагчийн 64 орчим сая төгрөгөөр хохироож, Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 148.3 зүйл ангиар шийтгүүлэн, зургаан жилийн хорих ял сонсож байсан этгээд гэнэ. Ёстой л өнөөх “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг болж байна.
Мөн Э.Чагнаасүрэн нь “Хос говь транс” компани эзэмшдэг бөгөөд Л.Энхболд түүний эзэмшил компанид Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн нь бас баримтаар нотлогдсон. Тэгэхээр “шударга үнэний дууч” маань Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд нэг бус хоёр ч удаа гараа дүрээд авчээ. Эндээс харвал Л.Энхболдын хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхүйц хэрэг мандуулсан харагдана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч шударга ёс тогтооно, энэ сангаас зээл авсан түшээдийг шалгуулж, хариуцлага тооцно хэмээж байгаа зэргээс харвал түүнд бултах газаргүй болсон харагдана.
Өөр нэг хөндлөнгийн эх сурвалж сөхвөл Л.Энх6олд гишүүн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоёр тэрбум 150 сая төгрөгийн зээл жилийн гурван хувийн хүүтэй авчихаад, харин иргэддээ жилийн 60-80 хувийн хүүтэйгээр зээлэн мөнгө хүүлж, Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан мөнгө угаасан нь тогтоогдсон байна хэмээх мэдээлэл бий.
Энгийн ойлгож харахад л Л.Энхболд хувьдаа компанитай, бас Банк бус санхүүгийн байгууллагатай, хамтрагч нь бас компанитай. Тэгэхээр Л.Энхболд өөрийн болон хамтрагчийн хоёр компанийн нэр дээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч, Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан өндөр хүү бодож суудаг нь гарцаагүй болж байна. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой хэрэг мөрдөн байцаалтаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжсэн, прокурорын яллах дүгнэлт гарсан гэдэг мэдээлэл ч бас байна. Прокурорын байгууллага дахь эх сурвалжийн мэдээлснээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөө маргаашгүй өргөн барихаар бэлтгэж байгаа гэнэ. ЖДҮ-тэй холбоотой прокуророос яллах дүгнэлт үйлдсэн гурван гишүүний тухайд, гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар ажээ.
shuurhai.mn
URL: