Н.Энхбаяр: 90 жилийн түүхийг МАН-тай бид бус, ард түмэн булаацалдах ёстой
МАХН-ын дарга Н.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Удсан ч гэлээ намынхаа нэрийг авсан. Хийх юм ч их байгаа биз дээ?
-Намын нэрийг бүртгэхтэй холбоотой асуудал олон сарын хугацаанд дуншсан. Яагаад дуншсаныг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Намын нэрийг бүртгүүлэх үйл ажиллагаанд ялангуяа МАН толгойлон оролцож, эрх баригчид янз янзын саад бэрхшээл учруулж, удаашруулсан. Гэхдээ үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг зарчмаар үнэнд гүйцэтгэж Улсын Дээд шүүх хуулийн дагуу МАХН-ыг бүртгэж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээлээ. Энэ өдрөөс эхлээд бид улам идэвтхтэй ажиллах болно. Уг нь намын нэр бол техникийн шинжтэй асуудал. Харамсалтай нь техникийн шинжтэй асуудлыг улстөрийн асуудал болгон удаашруулж их цаг алдууллаа. Гэхдээ бид цаг алдахыг хүсээгүй, үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд л өдөр болгон ажиллаж байсан. Цаашид энэ хурдаа улам нэмж ард түмэн, Монгол Улсынхаа төлөө ажиллах болно. Гэхдээ ганцаараа биш, бусад улстөрийн хүчин, Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарна.
-Ингэхэд МАН танай нам хоёрын хооронд өмчийн маргаан үүсэх үү. МАХН-ын төв байр МАН-ынх уу МАХН-ынх уу гээд л?
-Би өмчийн маргааны тухай асуудлыг гол асуудал гэж бодохгүй байгаа. Бид аль нэг нам өмчтэй болох тухай бус, Монголын ард түмэн, Монгол хүн болгоныг өмчтэй болгож тэрийг өөртөө нэгж мэдэн захиран зарцуулж, амьдралаа өөд нь татах бололцоог олгох өмчийн асуудалд анхаарлаа хандуулна. Тухайлбал, Тавантолгойн ордыг бүхлээр нь Монголын ард түмэн, Монгол хүнд 100 хувь өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудлыг хөөцөлдөж шийдвэрлэх болно. Нөгөөтэйгүүр бидэнд ямар нэг намын өмчтэй маргалдах сонирхол одоохондоо алга. Хамгийн түрүүнд ард түмнээ өмчтэй болгохын төлөө л зүтгэнэ гэж бодож байгаа. МАН-ынхан намын өмчийн асуудлыг л голлон тавиад, ард түмнийхээ өмчийн асуудлыг мартчихаад байх шиг байна. Өмчийн асуудалтай холбоотойгоор байшин барилга булаацалдах уу гэлээ. Хэдэн сарын өмнө би хэлж байсан. МАН-ын өнөөгийн байшинг барихад хэд хэдэн хүн нэг тэрбум төгрөгөөс дээшх төгрөгний хандив өргөсөн гэж…. МАК компанийн захирал Нямтайшир гэдэг хүн нэг тэрбум төгрөг өгчихсөн байх жишээний. Тэгсэн атлаа буяны ажилд бол өгөхгүй байгаа юм. Тэгэхээр тэр нөхөр намын харъяаллын ажилтнуудаас шуд болон шууд бус утгаар ямар нэг дэмжлэг авсан учраас нэг тэрбум төгрөгийг хайрлаж хамгаалахгүйгээр намын байр барих хандив гээд өгчихөж байгаа хэрэг. Хэвлэлийнхэн энэ асуудлыг судалж үзэх хэрэгтэй. Ер нь намуудын байр байшин яаж “босч” байгааг судлаад үзвэл нэг том сэдэв гарна шүү. Тэр ч утгаараа тэр барилга байшинг бид бус Монголын ард түмэн булаацалдах ёстой байх.
-МАН, АН хоёр сонгуулийн тогтолцоон дээр нэлээд маргалдсан ч ямар ч баөйсан шийдэлд хүрч чадлаа. Энэ асуудал дээр та улстөрчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон улстөрчид “Н.Энхбаяр урьд нь хийж байхгүй яасан юм бэ” гэдэг л дээ. Ер нь хүн гэдэг амьтан байнга өөрчлөгдөж байдаг. Ухаантай бол шүү дээ. Тархи толгойгүй бол байдгаараа л байж байх байсан биз. Чулуу байдгаараа байж л байдаг шүү дээ. Ургамал жил болгон өөрөөр ургадаг. Харин хүн том болдог, өсдөг, өтөлдөг, хөгширдөг. Амьтай болгон өөрчлөгддөг. Амьгүй бол хөшдөг. Би амьд хүн учраас өөрчлөгддөг. Өөрчлөгдөхдөө ёс суртахуунгүй өөрчлөгдөхийг буруу гэж үздэг. Харамсалтай нь надтай хамт ажиллаж байсан олон хүн буруу өөрчлөгдөж байна. Уг нь хүн болж өгвөл зөв өөрчлөгдөх ёстой. Зөв өөрчлөлтийн төлөө зүтгэх ёстой.
Үүний төлөө хүнд толгой, тархи оногдсон гэж боддог. Би сонгуулийн тогтолцооны тухайд хоёр том, хариуцлагатай, нэг нь баруун, нөгөө нь зүүн төвийн үзэл баримтлалтай улстөрийн хүчин төлөвшөөд, эрүүлээр өрсөлдөж, тэр дундаас нь хамгийн сайныг нь Монголын ард түмэн сонгон засгийн эрх өгч, энэ өрсөлдөөн дундаас Монгол Улс хөгжөөсөй гэж бодон тэрэнд нийцүүлж хууль тогтоох, хэрэгжүүлэх бодлогыг явуулахын төлөө ажилладаг байсан. Эргээд хартал яг тэгж ярьж байсан нөхдүүд маань ичих ч үгүй нэг хөнжилд ороод нэгийгээ хянах чадваргүй болон хуйвалдан ард түмний эсрэг шийдвэр гаргадаг боллоо. Энэ нөхцөлд ийм утгагүй хоёр улстөрийн хүчнийг төлөвшүүлэх тогтолцоо байж болохгүй юм байна гэж боддог болсон. Энэ хоёр улстөрийн хүчин Монгол Улс, Монголын ард түмэнд “хорлонтой” байна. Хэрвээ нийлээгүй байсан бол зөв явах байсан ч байж болно. Хорлонтой байгаагийн хамгийн наад захын жишээ нь долдугаар сарын нэгний буруутныг тодруулахад хүчин чармайлт гаргахгүй байгаа, Оюутолгойн алдаатай гэрээг яаран байгуулсан, Тавантолгойг ард түмэндээ өг гэхээр өгөхгүй, цөөн хэдэн хүн хэт баяжих хэрэгсэл болгон ашиглаж байгаа явдал. Энэ бол хамгийн наад захын жишээнүүд. Тиймээс ийм утгагүй, том нэртэй ч үнэн хэрэгтээ цөөхөн хүнд үйлчилдэг хоёр том намыг төлөвшүүлэх сонгуулийн тогтолцоо буруу гэдгийг мэдэрлээ. Энэ хоёр том намын гадна буй улстөрийн хүчнийг төр засгийн үйл хэрэгт оруулж, алдагдаж буй эрхүүдийг сэргээх тогтолцоо зөв юм байна гэж бодоод холимог тогтолцоог дэмждэг болоод байгаа.
Ерөөс төр хяналтгүй болохоор ардчилал алга болдог. Өнөөдрийн хяналтгүй төр засаг ардчиллын шинж чанартай биш. Цэвэр улстөр, бизнесийн явцуу эрх ашигт үйлчилдэг хуурамч ардчилал шинжтэй. Гэвч үнэн хэрэгтээ хариуцлагагүй дарангуйллын төр засаг болсон. Ийм дарангуйллын төр засгийн байр суурь өдрөөс өдөрт бэхжиж байна. Сонгуулийн хуулин дээр бид ард түмний өгсөн нэг ч болов саналыг луйвардуулахгүй байх ёстой. Тийм хууль зүйн орчин бүрдэх ёстой. Саяхан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сонгуулийн дүн гарчихаад байхад нэрийг нь мэдүүлэхгүй саатуулснаас болж УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүй байдалд тодорхоы хугацаанд орсныхоо нөхөн төлбөрийг шүүхээр тогтоолгосон. Маш жоохон ч тун чухал шийдвэр шүү. Цаашдаа СЕХ, сонгууль зохион байгуулж байгаа хүмүүс, байгууллага, сонгуульд оролцож байгаа намууд сонгуулийг луйварддаг, тодорхой шийдвэр гарчихаад байхад нуун дарагдуулдаг, өөрчлөн засдаг байдлыг таслан зогсоох ёстой. Ард түмний өгсөн санал бол парламентад буюу ард түмний өмнөөс төрийн эрхийг барьж байгаа байгууллагад шууд ордог тэр шударга системийг олохын төлөө ажиллах ёстой. Тийм ч учраас бид шударга сонгуулийн тогтолцоог олохын төлөө, шударга сонгууль явуулдаг болохын төлөө бусад улстөрийн хүчнүүдтэй өргөн зөвшилцлийн ширээний ард сууж, тодорхой шийдвэр гаргах саналыг дэвшүүлж байна.
-Ингэхэд та Оюутолгойн гэрээн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэ гэрээг буруу байгуулагдсан гэж үздэг. Монголын ард түмэн өөрийнхөө баялгийг захиран зарцуулах бодлогод нөлөөлж, оролцож зохицуулах эрхгүй болсон. Хэзээ ч Монгол Улс, Монголын ард түмэн энэ төслийн 34-өөс дээшх хувийг эзэмших боломжгүй. Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энийг зохицуулах ерөнхий аман тохироог хийчихсэн байсан. Фрийдланд болон гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж уулзсан өндөр албан тушаалтнуудыг хүлээн зөвшөөрүүлчихсөн байсан. Харамсалтай нь хамтарсан Засгийн газар боломж байгаа гэж хэлсээр байхад зүтгүүлсээр байгаад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Монголд ашиггүй гэрээ байгуулсан даа. Хэрвээ юу ч мэдэхгүй нэг залуу андуурч хууртаад, шахуулаад ийм гэрээ хийчихсэн бол өөр хэрэг. Гэтэл бүхэл бүтэн Монгол Улсын төр засаг ийм гэрээ хийснийг санаатай алдаа гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй. Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хэзээ нэгэн цагт Оюутолгойн гэрээний 51 хувийг авахаар урьдчилсан тохироо хийчихсэн байсаар байтал хэзээ ч 34 хувиас дээш гарах боломжгүй гэрээ байгуулчихаж байгаа байхгүй юу. Түүгээр ч барахгүй тэр 34 хувиа зээлээр авах маягаар төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан нь яах аргагүй санаатай хийсэн том алдаа. Нэн даруй засах ёстой гэж үзэж байгаа.
-Танай нам нэрээ хуулийн дагуу авчихсан юм чинь сонгуульд өрсөлдөх нь мэдээж?
-Бид улстөрийн нам учраас сонгуульд оролцоно. МАН-аас сонгуулийн саналын хуудсан дээр бид номер нэгээр бүртгэгддэг нам гэж яриад байна билээ. Сонгуулийн саналын хуудсанд нэгээр бичигдэхдээ бус сэтгэл зүрхэнд нэгээр бичигдэхдээ асуудлын гол байдаг байх аа. МАХН ард түмнийхээ оюун ухаан, зүрх сэтгэлд номер нэгд бичигдэхээр зүтгэнэ. Тэгэхийн тулд бид Тавантолгойг ард түмэндээ 100 өгнө. Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашигтайгаар засч залруулна. Мөн луйвар булхайтай сонгуулийг таслан зогсоож, цөөхөн хүнд бус нийт монголчууддаа үйлчлэх шударга төр засагтай болох зорилтыг дэвшүүлж байгаа. Ийм зорилтыг дэвшүүлж буй нам ард түмний сэтгэлд номер нэг биш юмаа гэхэд нэлээд дээгүүр бичигдэнэ гэдэгт би найдаж байгаа. Түүнээс биш өнөөгийн МАН-тай адилхан Оюутолгойн гэрээг тавиад туучихсан, сонгуулийг луйварддаг, луйвраа хааж хамгаалдаг, долдугаар сарын нэгэнд амиа алдсан иргэдтйэ холбоотой хэргийг нягтлан шалгаж, буруутныг нь тогтоодоггүй, амлалтаа биелүүлэхгүй хуурч, молигддог нам саналын хуудсан дээр номер нэгээр бичигдлээ ч ард түмний сэтгэлд нэлээд хойгуур бичигдэх болов уу.
-Сүүлийн асуулт. Та энгийн иргэний хувьд өнөөгийн Монголын нийгмийг товчоор хэрхэн тодорхойлох вэ?
-Харамсалтай нь шударга ёс алдагдсан, Монгол хүн хамгийн хямдхан бараа шиг үнэлэгдсэн, ийм л нийгэм ноёрхлоо тогтоож дээ…
URL: