Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээ, та шударга хүн мөн үү?
Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гуравхан сая хүнийг үймүүлж чадсан алдарт “60 тэрбум”-аар АН-ынхан шоудаж байсан бол одоо МАН-ын “живх”-тэй залуус зэвсгээ болгон ашиглаж, дуртай хүнээ намнаж эхэллээ. Тэгвэл “живх”-тэй залуусын яриад байгаа шиг “60 тэрбум”-ын яриа төрийн албыг наймаалцаж түмний хөрөнгийг үрэн таран хийсэн үү, төр эргэх хэмжээнд хүрсэн үү гэдгийг эцэслэн тогтоох цаг нь болжээ.
Хэрвээ энэ асуудлыг одоо л ярьж нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол эрх мэдэл албан тушаалд хүрэх гэсэн “живх”-тэй залуус үүнийг өнө мөнхөд зэвсгээ болгон ашиглаж намын нөхдөө үеийн үед шантаажлах нь ээ гэдгийг бид өнгөрсөн таван сарын хугацаанд хангалттай харлаа. Тиймээс одоо л энэ зэвсэг болгон ашиглагдаж буй “60 тэрбум” гээчид нэг мөсөн цэг тавих цаг нь болж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ийг ярьсаар байгаад олны анхаарлыг өөр дээрээ татаж чадсан азтай залуу. Түүнийг өмнө Монголын гурван сая гаруй таньдаг ч үгүй байсан.
Хэрвээ уншигчид санаж буй бол тэрбээр ганцхан жилийн өмнө М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгч болно хэмээн түүнийг зулгуйдаж бялдуучлж М.Энхболдын сошиалын багийг ахалж, Явуугийн цэцэрлэгт хүрээлэнд залуустай хийсэн уулзалтыг нь хөтлөн намын даргынхаа өмнө бэлтгэсэн асуултаа тавьж ард түмнээ хуурч байсан. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн дуулиан болгоод буй “60 тэрбум”-аа тас үгүйсгэж, намын даргын маань ариун нэр төрд халдлаа хэмээж явсан шүлс нь одоо ч хатаж амжаагүй байна. Ийм л өрөвдмөөр дүр эсгэсэн залуу өнөөдөр Монголын төр рүү нулимж энд тэндгүй шүлсээ үсчүүлж шударга хүн болж жүжиглэж явна.
Энэ залуу үнэхээр шударга нэгэн байсан юм бол яагаад УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн дараа “60 тэрбум”-аар дуугараагүй юм бэ. Мөн “60 тэрбум” бодитой үнэн байсан бол яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг дэмжиж ард түмний тархийг эргүүлж энд тэнд очиж түүнийг магтан дуулж байсан юм бэ. Хэрвээ М.Энхболд өнөөдөр төрийн тэргүүн болчихсон бол тэрбээр өнөөдөр “”60 тэрбум” гэж шүлсээ үсчүүлэх байсан уу. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ та эдгээр хэрвээ гэсэн асуултад хариулт өгөөч.
Ямартай ч энэ залуугийн бохир улс төр өөрийгөө ард түмэнд илүү сайн таниулж, илүү их эрх мэдэлд хүрэх гэсэн шунал ч байж болно. Эцэст нь хэлэхэд анх удаа парламентад хөл тавьсан тэрбээр ард түмэнд хэрэгтэй нэг ч гэсэн хууль санаачлахын оронд хамт явсан найзуудаа золин байж их эрх мэдлийн төлөө хүч гаргаж зүтгэж буй нь эмгэнэл юм даа.
Х.Маргад
http://erennews.mn/
URL: