Ч.Ундраа: Би эмэгтэйчүүддээ хамгийн түрүүнд өөртөө анхаарал хандуулж, өөрийгөө өөрчлөх санал тавьдаг
Гэр бүл судлаач Ч.Ундраатай ярилцлаа.
-“Өөртөө итгэлтэй эмэгтэй” шинэхэн номоо өлгийдөн аваад удаагүй цаг үед уулзаж байгаадаа баяртай байна. Ном бүтсэн түүхээс яриагаа эхлүүлье?
-Баярлалаа. Энэ сайхан баярыг минь хамт хуваалцаж баяр хүргэж, номын минь талаар ярилцах болсондоо талархаж байна. Намайг Ч.Ундраа гэдэг. Гэр бүл судлаач мэргэжилтэй. Одоогоор эмэгтэйчүүд тэр дундаа дунд насны бүсгүйчүүдэд хандсан сургалт, зөвлөгөө өгөх тал дээр чиглэн ажиллаж байна. Учир нь би ч өөрөө дунд насны эмэгтэй. Өнөөдөр бидний үеийн эмэгтэйчүүд сайн болон давуу тал их байна. Нөгөө талаараа хүний амьдралын үечлэлтэй холбоотой асуудал мөн нийгмээс ирэх саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болдог. Миний хувьд бас л ийм асуудалтай тулгарсан. Гэр бүл судлаач хүнийхээ зүгээс судалгаа, эрэл хайгуул хийж өөрөө энэ аргад суралцан, зарим гайхалтай үр шимийн хүртэж яваа тул өөртөө итгэлтэй байх талаар бусдад заах эрхтэй болов уу, гэж бодон энэхүү мэдлэгээ олон бүсгүйчүүдэд хүргэх улмаас номоо өлгийдөн аваад байна.
-Та өөртөө итгэлтэй, үнэ цэнэтэй байх эмэгтэйчүүдийн хүслийг олж харсан байх нь ээ?
-Тийм шүү. Эмэгтэйчүүд, ялангуяа дунд насны эмэгтэйчүүд амьдралаа эргэн харахад алдаа оноогоо онцлон хардаг, нүүр болон бие хөгшрөлтийн шинж тэмдэг илэрнэ. Мөн энэ насныханд хүнд цохилт болдог хэцүү зүйл бол эцэг эх, хань ижлээ алдах эсвэл эр нөхрөөсөө салах цаг үе. Мөн хүүхдүүд томорч тусдаа гардаг тул ганцаардалд их өртдөг. Ар гэрийн ажлаас хөндийрч, ажил хийж, хамт олонтой болохыг хүсдэг ч нас заах нь илбэг. Энэ болгон эмэгтэйчүүдэд хүнд тусдаг. Тиймээс энэ үед юу юунаас чухал зүйл бол өөртөө итгэх итгэлээ дахин сэргээж, хүчирхэгжүүлэх хэрэгтэй байдаг.
Харин бүх зүйл надаас шалтгаална, би өөрийн амьдралдаа хариуцлагатай хүн гэдгээ ухамсарлан ойлгох үед боломжоо харж, ашиглаж эхлэх үед амьдрал гайхамшгаар дүүрэн
-Эмэгтэй хүн бүр сахиусан тэнгэр шиг л амьдрахыг хүсдэг. Яг л ийм хүслээр танд ханддаг олон олон бүсгүйчүүд байдаг байх. Тэдэнд та хамгийн түрүүн ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Эмэгтэй хүн бүр төрөхдөө сахиусан тэнгэр адил төрдөг. Харин өсөж хүмүүжиж, нийгэмд байр сууриа бий болгох явцад олон үгүйсгэлийг эргэн тойрноосоо хүлээн авдаг. Эцэг эх, ах дүү, найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгч нарын санамсаргүй болон санаатай хэлсэн үгээр өөрийгөө тодорхойлж ирсэн байдаг. Харамсалтай нь насан туршдаа тэрхүү тодорхойлолтоор өөрийгөө үнэлж амьдарсаар байх нь ч бий. Насанд хүрсэн хүн өөрийн өмнө хүлээсэн нэг үүрэг байдаг. Тэр бол өөрийгөө хэн болох, өөрт болон нийгэмдээ ямар сайн сайхан зүйл хийхээ олж мэдэх үүрэгтэй. Тиймээс миний номонд эмэгтэйчүүдийг амьдралдаа 100 хувь хариуцлага хүлээсэн эмэгтэй ба хохирогч эмэгтэй гэж тодорхойлж бичсэн байгаа л даа. Амьдралдаа 100 хувь хариуцлага хүлээнэ гэдэг нь өөрийн хүслийн амьдралыг бий болгож чадна гэсэн итгэл. Гайхалтай биз дээ. Энэ бол өөртөө итгэх зан чанарын үндэс. Хохирогч хүний амьдрал харин хэн нэгнээс шалтгаалж байдаг. Тиймээс нэг их жаргаад байгаа эмэгтэйчүүд над дээр ирдэггүй л дээ. Харин амьдралын ямар нэг асуудалтай, түүнийгээ хэрхэн шийдвэрлэхээ хараахан мэдэхгүй байгаа зүрх сэтгэлийн өвдөлттэй, эсвэл би эмэгтэй хүн тиймээс надад мэргэжлийн хүний тусламж хэрэгтэй гэж ирцгээдэг. Эмэгтэйчүүддээ хамгийн түрүүнд өөртөө анхаарал хандуулж, өөрийгөө өөрчлөх санал тавьдаг байгаа.
Би хохирогч, би хэн ч биш гэсэн хуурамч ойлголтыг таягдан хаяхад нь тусалж байгаадаа энэ мэргэжлээрээ бас их бахархаж явдаг даа.
Гэр бүл гэдэг нь өөрийн бүх чадлаараа хийж болох зүйлээ хийх тангараг юм. Аз жаргалтай гэр бүлийн цөм бол эхнэр нөхөр хоёр бие биедэнэ итгэх, эрүүл итгэл гэж үздэг.
-Энэ бол хүн болгоны хүсэл мөрөөдөл. Үнэ цэнэтэй гэр бүлийг бий болгох гэж энэ газар биднийг илгээсэн болов уу. Аз жаргалтай амьдралын жорыг бид хэн нэгнээс хайгаад л, эрээд л байдаг. Буратиногийн үлгэрийг хүн бүхэн мэдэх байх. Тэр өөрийн аав Карлог аз жаргалтай болгох түлхүүрийг хайсаар л олон аймшгийн адал явдалтай учирдаг. Харин тэр түлхүүрийг гэрээсээ олдог шүү дээ. Тиймээс жор гэхээсээ илүү харилцаагаа чанаржуулахын тул миний зүгээс юу хийх хэрэгтэй вэ, гэдгээ бодох хэрэгтэй. Гэр бүл гэдэг нь өөрийн бүх чадлаараа хийж болох зүйлээ хийх тангараг юм. Аз жаргалтай гэр бүлийн цөм бол эхнэр нөхөр хоёр бие биедэнэ итгэх, эрүүл итгэл гэж үздэг.
-Сүүлийн үед гурван гэр бүл тутмын нэг нь салж байгаа тухай тоон мэдээлэл олон нийтийг эмзэглүүлж байна. Гэр бүл судлаач хүний хувьд үүний шалтгааныг судалсан уу?
-Гэр бүл судлаач хүний хувьд энэ тоо баримт маш эмзэглүүлдэг. Гэр бүл салах шалтгаан олон байдаг. Санхүү, хадмын оролцоо, итгэлгүй байдал, удаан хугацаагаар хол байх, харилцааны зөрчил гэх мэт. Эдгээр зүйл бол шалтгаан нь ил гарч буй нөхцөл байдал юм. Хэн ч гэрлэхдээ сална гэж гэрлэдэггүй. Эхнэр нөхөр хоёр нэг нэгэндээ хайртай байсан биз дээ.
-Гэтэл яагаад заавал салалт гэж?
-Гэр бүлийн харилцаанд асуудал үүсэх шалтгаан бол өөрийгөө шинэчлэж, өөрчилж хөгжин дэвж гэсэн дохио юм. Энэ дохиог зөвхөн өөр дээрээ хүлээн авч мэдэхгүй зүйлээ сурч, шинэ арга, алхмыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Харин шинэ бүхнийг хэрэгжүүлэхэд өөртөө итгэх итгэл юу юунаас илүү чухал байдаг. Хардалт, архидалт, хүчирхийлэл гээд гэр бүлийн салалтын гол шалтгааны цаана хувь хүний өөртөө итгэх итгэлийн түвшин хир зэрэг байгааг харуулж байдаг. Тиймээс өөрийн алдааг харахгүй хажуудах хүнээ буруутган, шүүмжилж, гомдолж өөрөө хохирогч болох хариуцлагагүй үйлдэл газар авсаар байна л даа. Би ч өөрөө энэ асуудалтай тулгарч байсан. Харин гэр бүл болон үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаагүйд зөвхөн нөхөр биш би ч бас тал хувьд нь буруутай гэдэг үнэнг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ мөчид амьдралдаа хариуцлага үүрч эхэлдгийг ойлгосон, ойлгуулахыг хичээж зөвлөдөг.
Та бусдаар хайрлуулахын тулд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлж, сонирхолтой, баяр хөөртэй байх хэрэгтэй.
-Энэ асуудал гэр бүл салах шалтгааны томоохон хувийг эзэлдэг. Дээр хэлсэнчлэн нөхөр гэр бүлээс гадуур харилцаанд орсон бол эхнэр тал хувьд нь буруутай гэдгээ ойлгох хэрэгтэй. Та бүх цаг зав, залуу нас, хүч чадлаа гэр бүлдээ зориулдаг. Нэг үгээр бусдад ихийг өгч өөртөө юу ч өгдөггүй бол аз жаргалгүй л эмэгтэй байна. Ийм эмэгтэй сонирхолгүй, уур уцаартай нэг ёсондоо бусдаас хайр авч чадахаа болино. Та бусдаар хайрлуулахын тулд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлж, сонирхолтой, баяр хөөртэй байх хэрэгтэй. Эр нөхрийнхөө хайрыг өдөр бүр өдөөж, тань руу тэмүүлдэг байхын тулд өдөр бүр өөрийн дотор байгаа гайхалтай ид шидийн нууцаа бага багаар нээж, мэдэх хэрэгтэй. Өөрөө өөртөөгөө харилцах цаг хугацаа, орон зай гарга. Харин өнөөдрийн завгүй амьдралд чухал зүйлдээ анхаарлаа хандуулах үгү нь таны сонголт байдаг.
-Гэр бүл зохиох гэж байгаа хосуудад хандаж ямар зөвлөгөө өгөхийг хүсэж байна вэ?
- Өнөөдөр хосууд хайртай тул гэрлэж байна гэдэг. Энэ зөв, гэхдээ бас нэг чухал зүйлийг орхигдуулдаг. Хүн нийгмийн нэг хэсэг тул хэн нэгэнтэй ярилцаж, нөхөрлөж, хүндэлж, туслалцаа авч өгч байх хэрэгцээтэй төрсөн. Хайр нэг хивэндээ байдаггүйг сайн ойлгох хэрэгтэй. Зарим үед өвдөлттэй, бүүр байхгүй мэт ч үе ирдэг. Энэ сорилтыг давж байж эхнэр нөхрийн харилцаа чанаржих ёстой. Амьдралаас ирж байгаа шалгалтыг давах бүрд хосуудын итгэлцэл чанаржиж жинхэнэ найз нөхдийн харилцаа бий болдог байна.
Нөгөө талаараа гэр бүл хамтдаа өсөн үржиж, дэвжин дээшлэх ёстой. Үр хүүхдэд эцэг эх хоёул чухал. Ямар ч үед ханийнхаа талд зогсож ард нь бат бэх хана байгаа гэдгийг харуулдаг гэр бүлийн хүүхдүүд хүчирхэг байдаг. Нөгөө талаараа ямар ч асуудлыг зөв аргаар хэн нэгнийг хохироохгүй, хэн хэндээ ашигтайгаар хамтдаа шийдвэрлэж чаддаг аргад суралцаж үүнийгээ үр хүүхдэдээ харуулан заах нь ямар ч өв хөрөнгөтэй зүйрлэшгүй үнэтэй.
Амьдралаас ирж байгаа шалгалтыг давах бүрд хосуудын итгэлцэл чанаржиж жинхэнэ найз нөхдийн харилцаа бий болдог байна.
Бид хэнийг ч өөрчилж чадахгүй зөвхөн өөрийгөө л өөрчлөх боломжтой. Өөрийгөө өөрчлөнө гэж хэлэх амар боловч хийх хэцүүг ойлгосон хүн бусдыг байгаа чигээр нь хайрлаж, хүндэлж чаддаг. Асуудлыг хүндрүүлэхийн оронд урьдчилан сэргийлэх мэдлэгийг миний бичсэн номоос олж авах болно гэж хэлмээр байна.
-Ярилцсан танд баярлалаа
Оллоо.мн
URL: