Нэр дэвшигчид нэгдүгээр сарын 1 -нээс өмнө амжихаар яарав

Сонгууль болоход бараг зургаан сар үлдлээ. Харин Сонгуулийн хууль батлагдаад арав хонож байна. Шинэ он гарахад долоо хоног дутуу байгаа юм. Тиймээс ирэх сонгуульд нэр дэвшиж, 2012-2016 оны парламентад суухаар мөрөөдөж яваа хүмүүсийн нойр нь хүрэхгүй байгаа биз ээ. Нэгдүгээр сарын нэгэн хэмээх энэ өдөр тэдний хувьд аюулын харанга дэлдээд байгаа юм. Учир нь энэ өдрөөс эхлэн сонгуульд нэр дэвших хэн ч бай иргэдэд бэлэг дурсгал тараахгүй. Тойргийн сонгогчдоо тав, арван мянган төгрөгөөр хуурах хориотой. Ядарсан ард түмэнд саймширч дайллага цайллага хийж бүр ч болохгүй. Цагаан сарын uihнэр барьж ахмадуудыг сэнхрүүлнэ гэж бодсоны ч хэрэггүй. Сонгуулийн хууль энэ бүхнийг хориглоод өгсөн билээ. Тиймээс ажилтай нь ажлаа хаян, ар гэрээ умартан нэгдүгээр сарын нэгнээс өмнө хамаг ажлаа амжуулахаар тойрог руу ухаан зулаггүй одоцгоож байна. Парламентад суудалтай гишүүд нь амь амиа бодон амьсгаа дээгүүр давхилдаж буй учраас сүүлийн үед Төрийн ордон эзгүйрчих гээд тун хэцүүхэн байгаа. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу ч бүр дүүрсэн. Аль өвлөөс эхлэн сонгуулийн замдаа шуударч, Завхан аймгаас салахаа больсон. УИХ-ын чуулган битгий хэл Төрийн ордонд ховор үзэгдэх болов. Тойрогтоо гурилын үйлдвэр нээгээд, өөд уруугүй сурталчилж яваа зайтай эр. Ирэх нэгдүгээр сарын 1-нд “Юу ч хийж амжсангүй” гээд амаа барьж суух бусдыгаа бодвол маадгар зогсох биз. Д.Загджав гишүүн ч ялгаагүй. Бусад нь парламентын танхимд чуулж байхад мань хүн зоогийн газар сонгогчдоо тойруулан хооллосон шигээ энэ намрыг өнгөрөөсөндөө. Сайхан дайлчихаад гарахад нь гарыг нь цайлгана гэдэг том сурталчилгаа шүү.

Д.Дэмбэрэл дарга ч яаж зүгээр суухав. УИХ-ын дарга гээд ухуулга сурталчилгаагүйгээр гараад ирнэ гэх биш. Парламентын танхимаас гараад л сонгогчдын өмнө хайлсан тугалга болдог хойно нутгийн хуурай дүү С.Бямбацогттойгоо дөрөө харшуулан нутагдаа давхиад очиж. Т.Бадамжунай сайдыг дагуулчихсан додигор явжээ. Малчдыг дэмжинэ гээд салбарынх нь сайдыг аваад явж байхаар иргэд итгэлгүй яахав дээ. Г.Занданшатар сайд амралтын өдрийг ашиглан нутаг руугаа ухасхийгээд ирсэн дуулдана. Үүнээс өмнөх амралтын өдрүүдэд Г.Батхүү дарга Өвөрхангай руу хөлгийн жолоо залж, сонгогчиддоо очихоор яарсан. Монголын нэртэй сүртэй хамаг байдаг дуучдыг хамж аваад явсан сурагтай. Г.Батхүү дарга барцадтай байв уу яав, ямартаа ч цуваанд нь явсан жийп өнхөрч, дотор нь суусан Төрийн соёрхолт дуучин Д.Болд үрэгдчихээ дөхсөн дуулдана. Дасч ээнэгшсэн зөөлөн суудалдаа дахин суух гэж амь наана, там цаана давхиж яваад хүний аминд хүрвэл төрийн түшээ болсноосоо эс юм болох вий. Хөдөөг зорьсон нэр дэвшигчдийн цуваа энэ мэтээр тасаршгүй нь. Ялангуяа парламентад суугаа 76-гийн хувьд амралтын хэдэн өдрийг дайруулан тойргоо эргэхээр төлөвлөсөн нь гарцаагүй. Өнгөрсөн баасан гаригаас түрүүч нь үгээ бэлдэж, бэлгээ зэхээд замдаа гарлаа. Тэвэр дүүрэн бэлэгтэй, өвөр дүүрэн шагналтай хөдөө нутгийг зорьж байгаа гэнэ. Зарим нь очсон газартаа ”Алтан гадас” одонг хайр найргүй тарааж яваа юм байна. “Д.Лүндээжанцан гишүүн ч чуулганы хуралдаан дуусав уу, үгүй юу Өвөрхангайн зүг кампанит ажилдаа яаран одов.

Д.Очирбатаас эхлээд хотын гишүүд ч ялгаагүй. Дүүрэг хороодоор айлчлан бэлэг сэлт өгөөд, гэр тараагаад эхэлчихсэн байна. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн эхнэр Өмнөговьд өрсөлдөхөөр сонин сэтгүүлээ тарааж яваа юм байна. Тэгэхдээ Н.Энхбаярын МАХН-аас нэр дэвшихээр болсон гэнэ. Алтны магнатын хүү Н.Номтойбаяр Дорнод аймагт сургууль, цэцэрлэг байгуулж өгөөд байсан нь сонгуульт ажлаа эхэлсний илрэл байж. Тиймээс дутуу үлдээснээ гүйцээхээр өдийд ид ажиллаж яваа нь ойлгомжтой. Энэ мэтчилэн мөнгөтэй, мөнгөгүй хамаагүй ирэх сонгуульд өрсөлдөх хэн бүхэн сонгогчдодоо очихоор гараанаас гарлаа. Тэднийг нэгдүгээр сарын нэгэн хэмээх бариа хүлээж байгаа билээ.

Я.Мөнгөн


URL:

Сэтгэгдэл бичих