“Шинэ жил” аль намын баяр вэ?
Бид жилд Цагаан сар, Үндэсний баяр наадам, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гэх зэрэг зургаан том баяр тэмдэглэдэг. Мөн нийтээр хүлээн зөвшөөрдөг 14 тэмдэглэлт өдөр байна. Энэ дунд тусгаар тогтнолтой холбоотой долоон тэмдэглэлт өдөр байдаг аж. Монголчууд баярт “нугасгүй”-г ч хэлэх үү, энэ өдрүүдийг төрсөн өдөр шигээ л “саак” тэмдэглэдэг. Иргэд нь өнөөдөр тийм өдөр гээд хундага тулгаж байхад улс төрчид нь манай, танай намынх гээд улс төржүүлнэ, өмчилнө. Үнэндээ улсын тусгаар тогтнол ярихаар аль нам яаж оролцсон бэ гэдэг эмзэг, танхил асуулт гарч ирдэг болохоор тэр. Саяхан сүр, дуулиантай тэмдэглэж, цэнхэр хивсний ёслол гээчийг хийсэн Ардчилал, хүний эрхийн өдөр бол яалт ч үгүй АН-ынх. Тэр өдөр Э.Бат-Үүл, Л.Болд зэрэг ардчиллын анхдагчууд ёстой нэг сэтгэл хангалуун маадайж суудаг өдөр. Харин гуравдугаар сарын нэгэнд МАХН байгуулагдсан өдрийг Эх орончдын өдөр гэж долоон жилийн өмнө хуулиндаа шургуулчихсан. Энэ өдөр “Бид бол 90 жил эх орныхоо төлөө зүтгэсэн. Манай Д.Сүхбаатар жанжин…” гээд уйлан хайлах шахуу ярих хүн олон. Гуравдугаар сарын нэгэнд дунд сургуулийн хөөрхөн жаалууд “Би эх оронч хүн” гээд аав, ээжийнхээ томдсон дээлийг хөөргөж бүслээд явдаг. Сүүлийн хэдэн жил монгол дээлний хэв загвар дажгүй болсон тул охид, хүүхнүүд ч удаан хадгалсан “загварын” дээлээ өмсч гайхуулдаг болоод байгаа. Энэ баяр яах аргагүй гарал угсаа, шинж төрхөөрөө МАН-д харъяалагдана. Гэм нь тэр үед АН гэж байгаагүй болохоор эх оронч хүн болох “шанс”-гүй болж байгаа юм. АН-ын дотроо ихэд харуусал гомдол тээж явдаг УИХ-ын гишүүн “Ганцхан та нар эх орончид юм уу? Бусад нь тэгээд эх оронч биш юм уу? Баяраа ингэж өмчлөхөө больё” гэж хашгирч ч байна. АН-ын баяр өнгөрч, удахгүй МАН-ын баяр айсуй тул багахан бачимдаж буй нь энэ биз. Гэхдээ бас аргатай. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол улс анх тусгаар тогтнолоо зарласан тул том баяр болгох гэж АН-ынхан ханцуй шамлан зүтгэж байна. Н.Батбаяр, Ч.Сайхансамбуу нарын гишүүд бөхөд цол олгоно гэж нэлээн хичээсэн ч чадаагүй. Харин энэ нь бүр ч ашигтай эргэлээ. Учир нь АН бол тусгаар тогтнолоо хамгаалдаг лут нам, МАН бол үгүйсгэдэг “еэ еэ, бөөвөө” болж хувирав. Энэ жил ч АН 12 дугаар сарын 29-ний өдрийг аатай, лайтай тэмдэглэнэ дээ.
Зиа, тэгээд баяруудыг хувааж, өмчилдөг “мода” ч цаашид үргэлжлэх бололтой. Цэргийн баяр бараг л МАН-ынх /Д.Сүхбаатар жанжин тэр өдөр гамингуудын сүүлчийн үүр, уурхай байсан Хиагт хотыг чөлөөлсөн билээ/, залуучуудын өдөр бараг л АН-ынх. Эрүүл мэндийг хамгаалах өдөр АН-ынх, Гэр бүлийн өдөр МАН-ынх. Ингэж хэлэхийн учир Эрүүл мэндийн сайд С.Ламбаа бол АН-ын түшээ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди МАН-ын “төмөр хатагтай”. Ингээд ангилаад байвал бүр ч олон хуваагдана даа, энэ баярууд. Эрх баригч намууд нь баяраа хувааж аваад тус бүр сүртэй сайхан тэмдэглэдэг уламжлал тогтож байгаа нь сайн хэрэг шүү. Харин хүүхдийн баярыг хэнд хамаатуулъя даа байз. Өөрийн, өрөөлийн олон хүүхдийг тэжээж, тэтгэж байдгаар нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчдөө өгдөг ч юм уу? Харин дэлхий нийтээр баярладаг, айсуй байгаа шинэ жилийг намууд өмчлөх гээд дайрвал яана вэ? Шинэ жил намын биш, бидний баяр байгаасай…
Б.Баяр
URL: