Хашоггийн хэрэгт хунтайж холбоотой гэдэгт эргэлзэх зүйл байхгүй гэж мэдэгджээ

5c089f25d0c3bСаудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Сальман оролцсон гэдэгт эргэлзэх зүйл байхгүй гэж АНУ-ын Флорида муж улсын Сенатч Марко Рубио мэдээлжээ.

“Саудын Араб нь бие даан үйл ажиллагаа явуулдаг хүн болгонтой хамтран ажилладаг Засгийн газартай улс биш бөгөөд угсаа залгамжлах хунтайж нь улсын бүрэн эрхийг гартаа атгасан хүн тул энэ хэрэгт гарцаагүй оролцсон” гэж М.Рубио телевизийн “CNN” сувагт лхагва гарагт ярилцлага өгөх үеэрээ тэмдэглэсэн байна.

Уг ярилцлага олон нийтэд цацагдсаны маргааш АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн Жина Хаспель сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэргийн талаар хэлэлцэхээр хэсэг хууль тогтоогчидтой уулзалт хийжээ.

“Washington Post” сонины сэтгүүлч байсан Ж.Хашогги нь өнгөрсөн 10 дугаар сарын 2-нд Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт нэвтэрсний дараа сураггүй болсон юм. Энэ хэргийн дараа түүнийг Консулын газраас амьд гарсан хэмээн албаны төлөөлөгчид мэдээлсэн боловч хэдэн долоо хоногийн дараа Саудын Арабын Засгийн газраас түүнийг Консулын газарт болсон маргааны үеэр амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн юм.

montsame.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих