Х.Тэмүүжин цагдаа нарыг буруутгах баримтыг яагаад сонгуулийн өмнө дэлгэх болов?
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин долдугаар сарын 1-ний хэрэгт цагдаа нарыг буруутгасан баримтыг дэлгэсэн. Тэрбээр тухайн үед үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн өдрийн тэмдэглэл болон жижиг хальсан уутанд хийсэн бууны хонгионуудыг хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн юм. Х.Тэмүүжин гишүүн яагаад энэ баримтуудыг Сонгуулийн өмнө дэлгэх болов!.. Өмнө нь баримтуудыг дэлгэж, долоон сарын нэгний үйл явдлын буруутнуудыг олонд зарлаагүй юм бэ? УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 7 сарын 1-ны үйл явдлаар сонгуулийн шоу хийх гэж байгаа юм биш биз.. Х.Тэмүүжин гишүүнийг баримт дэлгэсний дараа тухайн цагдаагийн өдрийн тэмдэглэлд нэр дурьдагдсан цагдаа нар ил захидал илгээсэн юм. Үүнийг уншигч та бүхэнд хүргэе.
Таны амрыг эрж, таны ярьсан зарим асуудалд хариулт болгон энэхүү ил захидлыг таньд илгээлээ. 2008 оны 7 сарын 1-нд зарим нэр бүхий улс төрчид сонгуулийн үр дүнд хүчээр нөлөөлөх гэж урьдаас бэлтгэсэн гэмт этгээдүүдийг турхиран үүсгэсэн нийтийн хамарсан эмх замбараагүй байдлын үеэр төр, нийгэмд тулгарсан аюул заналыг сөрөн зогсож, өөрсдийн амь нас эрүүл мэндээ золиослон байж үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчидтай холбоотой огт үндэслэлгүй мэдээ мэдээлэл тараасан явдалд эсэргүүцэн энэхүү залруулгыг хүргүүлж байна.
Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын дараа буюу 2008.07.02-нд үүрээр 03 цагийн орчимд 1 дугаар эмнэлгийн ойролцоо хүн нас барьсан тухай цагдаагийн 102-т ирсэн дуудлагаар ЦЕГ-ын жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүн, СБД-ын цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн , шинжээч, прокурор, хөндлөнгийн гэрчтэйгээр хэргийн газрын үзлэг явуулж бодит байдлыг хуульд заасны дагуу үзэж бэхжүүлж , эд мөрийн баримтуудыг хураан бэхжүүлж , тэмдэглэл үйлдсэн байдаг. Энэ нь байгаа юм байгаагаараа үзлэг хийгдэж бэхжсэн гэсэн үг. Үүний дараа тэр байдал хэзээ ч давтагдахгүй. Ийм учраас үзлэгийн нөхцөл байдал, түүний тухай тэмдэглэл, хураагдсан бэхжүүлсэн баримт сэлтийг өөрчлөх нэмэх, хасах ямар ч боломжгүй. Ийм байхад хэд хоногийн дараа хэргийн газраас хонгио түүлгэж , оронд нь сургуулийн сумны хонгио тараасан гэдэг нь байж болохгүй явдал. Ингэх ямар ч шаардлага байхгүй. Бид ийм зүйл огт хийгээгүй . Энэ бол ор үндэсгүй гүжирдлэг байна.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах алба хэргийг шалгаж эхэлсний дараахан буюу 2008 оны 7-н сард шинжээч томилж тус газрын дансанд бүртгэлтэй байдаг бүх бууг хураан авч буудлага үйлдсэн хонгио, сумны хошууны загварыг авсан. Буу нэг бүрт үзлэг шинжилгээ хийгдсэн байдаг. Гэтэл нэгэнт шинжилгээ хийгдэж хонгио хошууны загвар авагдсаны дараа буюу 8 сарын 22-нд бид яах гэж буудлага үйлдэж бууны цохилуурыг өөрчлөх вэ? Та бодож үзнэ үү? Энэ бол бас л санаанаасаа зохиосон зүйл байна. Бид ийм зүйл хийгээгүй. Бууны цохилуурыг аван солих нь, цагдаа бүрийн чадвар боломж хүрэх ажил ч биш гэдэг. Таны үзүүлсэн “цагдаагийн өдрийн тэмдэглэл “ гэгчид дурдагдсан бусад зүйлс Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн Байцаах албанд шалгагдсан асуудлууд гэж бид үзэж байна.
Ш.Батсүх
Ш.Мягмаржав
Ү.Даржаа
Я.Хорлооренбүүчий
Д.Мандах
Н.Ариунболд
Б.Ууганбаяр
Б.Ганбаатар
Н.Ганболд
Т.Батболд
Б.Батцэрэн
Б.Батчулуун
Д.Төмөрбаатар
М.Батдорж
А.Пүрэвбаатар
URL: