Ж.Мөнхбат: Засгийн газар УИХ-ыг бойкотлож байна
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдын томилгоог хэлэлцэх гэж байна. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чуулганы хуралдаанд орж ирэхийг гишүүдийн зүгээс хүсч, УИХ-ын дарга М.Энхболдод уламжиллаа.
Харин Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Чуулганы хуралдаанд 39 гишүүн оролцож байна.
ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг нэр дэвшүүлээд байгаа билээ.
Ингээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү ”Чуулганы нөхцөл байдал ийм байгаад харамсч байна. УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьж болно. Гэхдээ хууль батлах, хэлэлцэх, чуулганы хуралдааныг ийм байдалд оруулмааргүй байна. Та бүхэн энийгээ нам дээрээ хэлэлцэж болохгүй юу. Ажилд битгий саад бол. Ч.Улаан гишүүнээс ичиж байна. Өөрийг нь сайдаар томилохоор хэлэлцэх гэхээр ороод ирдэг. Бусад үед гадаа гараад суучих юм. Тиймээс дараагийн асуудлыг хэлэлцэж эхлэе” гэдэг горимын санал гаргалаа.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ”Монголын төр эмгэнэлт драм, хошин шогийн байдал руу орлоо. Өвөлжилт, тариаланчдын асуудал маш хүнд байна. Салбар нь сайдгүй байна. МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлөөр ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилно гээд 100 хувь дэмжчихээд одоо Ерөнхий сайд нь, сайд нар нь орж ирэхгүй байна. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Г.Занданшатар нар орж ирсэн хэрнээ картаа хийхгүй гараад явлаа. Сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан нар орж ирсэн хэрнээ картаа хийгээгүй л байна. Сайд Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа нар л картаа хийгээд байна. Засгийн газрын сайд нар УИХ-аа бойкотлож байна. Монголын төр тоглоом юм уу. Сайд нарыг нь томилоод өгье гэхээр Засгийн газрын тэргүүн нь орж ирэхгүй, сайд нар нь орж ирэхгүй. Засгийн газар ямар ичдэггүй юм бэ. Хэрвээ үнэхээр шударга ёсыг тогтоох гээд байгаа бол миний баланкан дээр гарын үсгээ зураад УИХ-аа тараа л даа. Ард түмнээрээ дүнгээ тавиул л даа. Өчүүхэн эрх ашгаа улс эх орны өмнө тавьдгаа боль” гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
2018.12.06 11 цаг 30 минут
Чуулганы хуралдаан эхэллээ
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэдийгээр 10.00 цагт товлогдсон ирц хүрэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ. Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Хуралдаанд 38 гишүүн оролцож, ирц 50.6 хувьтай байна.
Чуулганы хуралдаанд үргэлжилж байна.
2018.12.06 11.00 цаг
Чуулганы ирц бүрдэхгүй байна
Мөн үргэлжлүүлэн Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр товлоод байна.
Одоогоор 36 гишүүн чуулганы хуралдаандаа орж ирээд байгаа тул МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг бүлгийн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг УИХ-ын дарга М.Энхболд даалгалаа.
2018.112.06 08 цаг 10 минут
ЧУУЛГАН: ХХААХҮ-ийн сайдын томилгоог хэлэлцэнэ
Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм. Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилохыг МАН-ын Удирдах зөвлөл, Бүлгийн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Ингэснээр Ч.Улаан нь зургаа дахь удаагаа сайдаар томилогдохоор болж байгаа юм.
Тодруулбал, Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшиж байсан.
Б.Анир
URL: