Ажилтныг цалинг тодорхой хугацаагаар бууруулах сахилгын шийтгэлийг хасна гэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төрийн албаны тухай хуулийн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” гэсэн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан. Харин Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дээрх зөрчил дутагдал гаргасан төрийн жинхэнэ албан хаагчид хаалттай сануулах, нээлттэй сануулах гэсэн сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг хаалттай, нээлттэй сануулах гэсэн сахилгын шийтгэлийн төрөл нь ямар учиртайг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат нар төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга, ёс зүйг сайжруулах үүднээс асуудалд хандах нь зүйтэй, тиймээс хууль зөрчсөн, хариуцлага алдсан төрийн албан хаагчид ногдуулах сахилгын шийтгэл нь хаалттай биш нээлттэй байх, тэр тусмаа олон нийтэд ил тод мэдээлэгддэг байх, иймээс хуулийн өмнөх заалтыг хэвээр хадгалах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
Энэ талаарх гишүүдийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сахилгын шийтгэлийг хаалттай сануулах, нээлттэй сануулах гэсэн нэр томьёог хэрэглэж байгаа, иймээс сахилгын шийтгэлийн энэ төрлийг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажилтны цалинг тодорхой хугацаагаар бууруулах сахилгын шийтгэлийг хасахаар тусгасан, учир нь тухайн хүний амьжиргааны эх үүсвэрээс хасаж шийтгэл ногдуулах нь зохимжгүй, түүний оронд нээлттэй сануулах арга хэмжээ байж болох юм гэж ажлын хэсэг үзсэн гэсэн хариулт өгөв.
Харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийн шатанд байна, гэтэл Төрийн албаны тухай шинэ хууль сар хүрэхгүй хугацааны дараа хэрэгжиж эхлэх гэж байна. Хууль хоорондын уялдааг хангах үүднээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж ажлын хэсэг дээр дахиж ярилцах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм. Иймээс хуулийн төслийг Байнгын хорооны ажлын хэсэг дээр ярилцаж, Төрийн албаны зөвлөлийн саналыг тусгаж дахин оруулж ирж хэлэлцүүлэхээр тогтсон байна.
Оллоо.мн
URL: