Хуурамч диплом гаргаж өгнө гэж мөнгө авдаг тогтолцоо боловсролын салбарт байсаар байна

9a0556f8ec6b08ed3f75fb8d6d4a67ba-1140x570Авлигатай тэмцэх газар төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгээр боловсролын салбар дахь авлигын нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх талын оролцоотойгоор хангах, гарц гаргалгааны талаар албаны болон төрийн бус байгууллагын хүмүүс хэлэлцэв.

“Аливаа улс орны боловсролын тогтолцоо авлигаас ангид байх ёстой. Иргэдийн хувьд боловсролын салбар дахь авлигыг томоохон зүйл биш гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр мөнгөн дүнгээр үнэлэхээргүй хэмжээний хохирлыг үзүүлж байдаг байна. Боловсролын салбар нь авлигаас ангид байх зүй ёсны шаардлага нөхцөл байдал үүсэж байгаа тул үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс өнөөдөр дээрх хэлэлцүүлгийг хийж байна” гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэлэлцүүлгийн зорилгыг тодорхойлж хэллээ.

Хэлэлцүүлгийг нээж Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар улсын төсвийн 20 орчим хувийг жил бүр боловсролын салбарт зарцуулдаг боловч бодитой ахиц дэвшил, эерэг өөрчлөлтөд төдийлөн хүрэхгүй байгаад тус салбар дахь авлигын нөхцөл байдал сөрөг нөлөө үзүүлж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хэн нэгэн хувь хүн, байгууллага, салбар руу чиглэсэн шүүмжлэлийг хэлэхээсээ илүүтэйгээр авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг таслан зогсоох гарц, арга замыг хамтран хэлэлцэж, оновчтой шийдэл олж, хэрэгжилтийг хангаж ажиллана гэдэгт итгэж байна” гэж онцлон тэмдэглэлээ.

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр “Боловсролын салбар дахь авлигын гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл” сэдэвт илтгэлдээ “Тендерийг хууль бусаар зохион байгуулдаг, тендерт шалгарсан компани тухайн ажлыг дутуу гүйцэтгэсэн байхад яамнаас санхүүжилтийг олгосон, хуурамч диплом гаргаж өгнө гэж мөнгө авсан, сургуулийн багш, захирлууд багш, сурагчдаас мөнгө хураадаг, хандив, зээл нэрээр мөнгө авдаг, сургуульд, цэцэрлэгт ажилд орохын тулд захиралд авлига өгдөг, захирал, эрхлэгч, нягтлан бодогч хөрөнгө завшдаг, захирал, эрхлэгч нь ажилчдаар цалингийн зээл авахуулж, мөнгийг нь авдаг, дарамталдаг зэрэг гомдол, мэдээлэл АТГ-т голчлон ирдэг” талаар дурдаад “Боловсролын салбар дахь авлигын асуудал нь зөвхөн багш, захирал, менежер, эрхлэгч, ажилтнууд, албан тушаалтнууд, эцэг, эхчүүдийн асуудал төдий биш юм. Цэцэрлэг, бага, дунд, ахлах сургууль, их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа сурагч, оюутнууд энэ байдалд нүд дасвал нийгэм бүхэлдээ авлигыг хэвийн зүйл мэт хүлээн авна” гэлээ.

Түүнчлэн БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Боловсролын салбарын хөгжлийн бодлого төлөвлөлтийн уламжлал, өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлага”, ШУТИС-ийн Олон улсын дээд боловсрол судлалын төвийн доктор, дэд профессор Т.Намнан “Боловсролын систем дэх авлига, анхаарах асуудлын талаар”, Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх “Боловсролын салбарын ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны талаар, “Үнэн хатамж” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа “Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилт”, “Боловсрол эвсэл үндэсний сүлжээ” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Тунгалаг “Боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих