С.Зулмандах: Импортын барааг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр сольж яагаад болохгүй гэж
Хүн, байгаль эх хоёр хүйн холбоотой гэдэг. Энэ л холбоог өөрийн биеэр мэдэрч модыг гайхамшигт урлагийн бүтээл болгон амьдруулдаг нэгэн хөдөлмөрч, сийлбэрчин залуугийн талаарх мэдээллийг сонсоод түүнтэй холбогдсон юм. С.Зулмандах өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн загвар зохион бүтээгч мэргэжлээ орхин нутагтаа ирж сийлбэр хийх болжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу, анх модтой “нөхөрлөж” сийлбэрчин болох гараагаа хэрхэн эхэлж байв?
-Намайг Сайхандэлгэрийн Зулмандах гэдэг. Архангай аймгийн Жаргалант сумын уугуул. Үйлдвэрлэл урлалын сургуульд “Хувцасны загвар зохион бүтээгч” мэргэжлээр суралцсан ч мэргэжлээрээ ажиллалгүй сонирхлынхоо дагуу шууд сийлбэрийн урлал хийхээр эргэж буцалтгүй шийдсэн. Би 13 наснаасаа сийлбэр сонирхож эхэлсэн. Учир нь Жаргалант сумын 10 жилийн сургуульд сурч байхад хөдөлмөрийн хичээл дээр н.Жанцансэнгээ багш маань бидэнд их сайхан зүйлийг зааж, гарын дөртэй болгосон. Жижиг хорол гэх мэт зүйл хийлгээд гоё магтаалын үг хэлж урам зориг өгдөг байсан. Түүнд нь урамшиж хийсээр байгаад сийлбэрт сонирхолтой болчихсон. Тухайн үед хийсэн бүтээлийг минь манай сумын нэг иргэн худалдаж авч байсан шүү. Хүн чинь урмын амьтан шүү дээ. Энэ бүхэн надад маш их урам өгч, сийлбэрт дуртай болгож, хэзээ ч юугаар ч сольж боломгүй мэт санагддаг болсон.
Мөн хүн, байгаль эх хоёр хүн холбоотой гэдэг. Тэр утгаараа би өөрөө модоор сийлбэр хийхэд маш их энергийг өөртөө авдаг болохоор үүндээ их дуртай. Бүх төрлийн тавилга, сийлбэртэй гэр, монгол гэрийн бүх төрлийн тавилгыг хийж байна. Мэдээж бэлэг дурсгал, сувинерийн бүтээл илүүтэй зонхилдог. Сүүлийн үед байшингийн дотоод засал тохижилтын материалыг хийж байгаа. Ер нь модоор хийж болох бүх л зүйлийг хийж байгаа.
-Ер нь гарын ур, авьяас хоёрыг удамшдаг гэдэг. Танай гэр бүлд энэ уран хүмүүс байдаг уу?
-Ээжийн өвөг эцэг Ж.Туваан гэж хүн модон сийлбэр хийдэг байсан гэдэг. Аавын талд ч бас дархан Р.Жингээ гэдэг хүн байдаг гэж манай хөгшчүүл ярьдаг юм. Тэгэхээр надад тэр мундаг хүмүүсийн авьяас, гарын ур жаахан ч гэсэн байдаг байх гэж боддог.
-Сийлбэр хийхэд модны чанар бас бүтээлд нэлээд нөлөөлдөг гэж сонссон?
-Тэгэлгүй яахав. Дээр үеэсээ хуш модоор хийсэн тавилга нь их бат бөх байсан. Учир нь хуш мод бол их нягтрал сайтай, хагаралт багатай мод юм. Миний хийдэг бүтээлийн чанар, гол онцлог давуу тал нь хуш модоор хийсэнд байдаг. Хуш нь харахад хөнгөн зөөлөн хэрнээ ширхэг бат бөхтэй, наахад хагарах дошгингүй тийм мод байдаг. Манай нутаг тайга газар л даа. Шатсан ойн мод болон хорхой идээд хуурай болсон модыг л ашигладаг. Тэрнээс биш ногоон мод тайраад тасдаад байдаг юм биш. Хорхой идсэн ойгоос цэвэрлэгээ хийгээд шатсан хожуул зэргийг ч бэлэг дурсгалын сувинер хийхдээ ашигладаг.
-“Бүрэн дэлгэрэх” цехээ хэзээ байгуулав. Цех байгуулахаасаа өмнө ганцаараа л энэ бүгдийг хийдэг байв уу?
-Би ер нь өдөр бүр л сийлбэрийн бүтээл хийж байдаг. Надад амралтын өдөр гэж байдаггүй. Гараар сийлбэр хийхэд цаг хугацаа их шаарддаг. Нэг бүтээл гаргах гэж бүтээлийнхээ онцлогоос шалтгаалаад нэлээд хэдэн өдрийг зарцуулдаг. Тийм ч учраас хүмүүс гар сийлбэр хийхээс маш их шантардаг. Тэгээд цахилгаан багаж ашигладаг орчин үеийн дэвшилтэт зүйлсийг сонгодог.
“Бүрэн дэлгэрэх” цехийг найман жилийн өмнө байгуулсан. Гурав, дөрвөн хүн авч ажлуулж байсан ч нэг хүнийг сургана гэхэд багаар бодоход жилийн дараа хүнд гологдохооргүй мужаан хийж сурна. Суралцах энэ хугацаандаа хүмүүс шантраад нэлээд орж гарсан л даа. Одоогоор надтай нийлээд таван хүн ажиллаж байна. Будгаар цоохор тавилга хийдэг юм. Түүнийг цоохорлодог эмэгтэй маань жирэмсний амралтаа авчихсан байгаа. Харин сийлбэрийг бол би өөрөө гардан хийдэг.
Үйлдвэрлэлийн чиглэлээр, хэвлээд гаргадаг шиг олноороо биш юм аа гэхэд бага багаар хорин жилийн хугацаанд сэтгэлээ шингээж хийсэн бүтээл минь надад хамгаас эрхэм байдаг.
-Өөрийн гэсэн цехтэй болоод дороо хэд хэдэн залуусыг сургаж байгаа гэж байна. Нэг ёсондоо шавь нартай гэсэн үг биз дээ?
-Би өөрөө бас багштай. Намайг сийлбэр хийхэд туслаж зааж, чиглүүлж зөвлөж байдаг багш минь МУСТА, уран сийлбэрч Л.Нямсамбуу гэж хүн бий.
Манайд юм хийж сураагүй залуучууд ажилд ороод одоо сийлбэр, мужаан хийж сурч байна. Өөрсдөө л шантрахгүй тууштай ажилласан хэд хэдэн мужаан, сийлбэрчин гарах л байсан байх. Миний бүтээлүүд цэвэр гараар хийгддэг учир цаг хугацаа их зарцуулдаг. Түүнийгээ худалдан борлуулаад ашиг хүртэнэ гэдэг тухайн хүн сонирхолдоо хөтлөгдөн хийхгүй л бол хэцүү л дээ. Тэгээд л шантардаг байх.
-Сийлбэрч С.Зулмандахын ирээдүйн зорилго юу вэ?
- Үйл ажиллагаагаа өргөжүүлж, хавтангийн үйлдвэр байгуулах бодол бий. Ингэх юм бол илүү олон хүнийг ажлын байртай болгож, амьдрал ахуйд нь тус нэмэр болно. Энэ л миний зорилго биеллээ гэсэн үг.
Мөн хийсэн бүтээлүүд минь гаднаас оруулж ирдэг сувинеруудыг орлох хэмжээний түвшинд хүрээсэй гэж хүсдэг. Гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг л үндэснийхээ үйлдвэрийн бүтээгдэхүүнээр солиход би юу хийж чадах вэ гээд бүгдийг судалж, хийж хэрэгжүүлэхийг зорьдог. Жишээлбэл, миний хийсэн морины сийлбэр, гаднаас орж ирдэг хэвэнд цутгасан бүтээгдэхүүн хоёрыг ялгааг таниулахыг хүсдэг. Тэр бүтээгдэхүүнийг хүмүүс 20 гучин мянгаар авч байвал бид гараар сийлсэн бүтээл гээд тэрнээс өндөр үнээр зарах гээд байх албагүй. Бид 20 мянгаар сийлбэртэй морийг хийж зарж байхад, түүн шиг хэмжээтэй хэвэнд цутгасан бүтээл 20-25 гэдэг. Үүнээс хэвэнд цутгасан зүйлийг харахад хүн их гоё гялгар бүтээгдэхүүн гэж хардаг байхад, гараар сийлсэн морийг хараад шууд гоё юм аа гээд буцаагаад тавихгүй. Эргүүлж тойруулж алдааг нь харна. Энэ нь ийм алдаатай болж, үүнийг нь ингэсэн бол гэдэг ч юмуу унших, ярих юмтай болж байгаа юм. Гэхдээ Монголд үүнийг ойлгох түвшинд арай хүрээгүй байна. Хүний гараар хийсэн бүтээлийг үнэлэх үнэлэмж цаг хугацааны хувьд арай болоогүй. Гэхдээ нэг үеээ бодвол ойлгодог болчихсон. Цаг хугацааны явцад Монгол хүний гараар хийсэн бүтээл ялгаагүй үнэтэй болж ирнэ.
-Цехээ өргөжүүлж, хавтангийн үйлдвэр байгуулж илүү олон хүнийг ажлын байраар хангаж ажиллах зорилготой гэлээ. Үүнийг хийхэд хөрөнгө мөнгө бас зарцуулагдана шүү дээ. Ер нь санхүүгээ яаж шийддэг вэ? Цэвэр өөрийнхөө хөдөлмөрийн хөлсөөр энэ бүхнийг босгоод явж байна уу, ямар нэгэн зээл тусламж хөөцөлдөж үзсэн үү?
Бодоод байхад би нэг ч зээл, тусламж авч байгаагүй юм байна. Мэдээж надад санхүү мөнгөний асуудал их тулгардаг. Миний хийе бүтээе гэсэн санаа үүнээс болоод л хязгаарлагддаг. Уг нь хоёр, гурван удаа зээл авах төсөл бичиж өгч байсан. Гэвч төсөл бичээд хүсэлт явууллаа гэхэд зөвшөөрөгдөх үү гэдэг нь асуудалтай юм билээ. Тэгж цагаа барж байхаар өөрөө л хөдөлмөрлөе гэж бодох болсон. Гэхдээ нэгнийгээ муулах нь хаашаа юм. Гэхдээ хүний хийж байгаа хөдөлмөрийг батална гэдэг ховор цаг байна шүү. Өөрийнх нь ажлыг эхлээд бүтээчихээд дараа нь ажлаа бүтээлгэх жишиг тогтчихоод байгаа юм шиг. Тэгэхдээ ариун цагаан хөдөлмөрийнхөө хүртээд явж байгаа нь надад өөрт минь их таалагддаг. Яагаад ч юм хүүхэд байхаасаа л аливаа юмыг хийж ард нь гарч байж санаа амардаг зантай байсан. Хүн өөрөө хичээх л юм бол эргээд түүнийг хувь заяа түшдэг гэдэг дээ. Өөрийн энэ зарчмаа баримтлаад явж байхад болно доо болно.
-Танай хашааны хаалга болон байшингийн тань тааз их өвөрмөц, шууд нүдэнд тусч байна.
-Би өөрийнхөө хийж сурсан чаддаг зүйлээ ашиглаад монгол хэв маягийг шингээж тохижуулсан. Заавал нэг блокон хашаа бариад, төмөр торон хаалга хийвэл тэр нь гоё болдог юм биш шүү гэдэг утгаараа модоор монгол зан үйлээ шингээж, дэлгэрч байгаа бадам лянхуа цэцэг сийлсэн юм. Цэцэгний хоёр талд нь хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл эвтэй дөрвөн амьтныг сийлсэн.
Байшингийн тааз бол миний хэлэх гээд байгаа шинэлэг санаануудын нэг л дээ. Одоо лампиран тааз гэж байдаг даа. Түүнийг гаднаас оруулж ирээд зардаг шүү дээ. Ихэнх хүн үнэ хямдыг нь бодож хэрэглэдэг байх гэж би боддог. Сүүлийн үед өөр төрлийн тааз ч их зарагддаг болсон харагддаг. Үнэндээ модоор ингээд тааз хийгээд ашиглачихвал яадаг юм бэ гэж бодож байшиндаа модоор тааз хийж үзсэн. Үүнийг хийж ашиглах боломж бололцоо бүрэн байгаа шүү. Харин үүнийгээс зах зээлд сурталчилж, дэлгэрүүлж амжихгүй байна. Мэдээж үүнийг хийхэд маш олон хүн ажлын байраар хангагдах боломжтой болно.
Ер нь хэн нэгэн санааг нь гаргаад олонд хүргэчихсэн байхад ямар нэгэн бүтээлч хүн хийчих л байх. Энэ таазыг өөрсдөө хийдэг болчихвол заавал гадаадаас байшингийн тааз авах шаардлагагүй. Дээрээс нь модон тааз нь олон жилийн насжилттай, хээ хуарыг нь ямар ч хэлбэрээр хийж болно. Бас илүү цэвэрхэн гоёор хийж ч болох юм билээ. Энэ мэт өөр санаанууд надад их байдаг. Хэн нэгэн шинэлэг зүйлийг сум, орон нутагтаа хийж байж сум орон нутаг нь хөгжинө гэж боддог.
-Орон нутгийн засаг захиргаанаас өөрийг чинь хэрхэн дэмждэг вэ?
-Сум, орон нутгаас дэмждэггүй гэж хэлэхгүй. Бас дэмжиж байгаа гэж хэлэх нь бас хаашаа юм. Хэн нэгэнд тус болж чадахгүй бол саад болохгүй бай гэж үг бий . Түүн шиг манай суманд миний ажилд ямар нэг хориг тавиад энэ ийм байна, тэгж болохгүй гээд байдаггүй болохоор үүнийг нь дэмжиж байна гэж л ойлгодог. Харин нутгийн зон олон минь намайг үргэлж дэмжиж, бүтээгдэхүүн бүтээлийг минь хэрэглэж байдагт маш их баярладаг.
-Яг одоо бүрэн сийлбэртэй гэр хийж байна шүү дээ. Бүрэн сийлбэртэй гэр тансаг хэрэглээ болчихсон байна. Үүнийг хийхэд хэдий хэр хугацаа зарцуулж, нууц биш бол хэдэн төгрөгөөр борлуулдаг вэ?
-Манай эртний хаад, ноёд гар сийлбэр модон эдлэлээр өөрсдийн гэр орноо чимж, алт, мөнгө, төмөр урлалаар жижиг гоёлоо хийж байсан. Тиймээс ч эртнээс сийлбэртэй тавилгатай гэр тансаг харагддаг байсан байх. Монгол хүн гялтганасан алтан сандал дээр эсвэл сийлбэртэй модон сандал дээр суугаад зураг авахуулах хоёрын аль нь гоё харагдах бол. Үүнийг хүн бүр өөр өөрсдийнхөөрөө дүгнэх байх.
Өмнө нь би ганцаараа ажилладаг байхдаа сийлбэрээр сувинер бэлэг дурсгал голдуу хийдэг байсан. Дан гараар сийлбэр хийхэд маш их хугацаа ордог. Энэ бүрэн сийлбэртэй гэрийг хийхэд би ганцаараа бол бүтэн жилийн хөдөлмөрөө зарцуулна. Одоо хүн хүчээр туслаад ирэхээр захиалагчийнхаа хэлсэн хугацаанд багтаагаад гаргаад өгөх боломж бүрдэж байгаа юм. Тухайн хэрэглэгчийн саналын дагуу бүтээгдэж, үнэ нь ч тэр хэмжээгээрээ өөр, өөр байдаг. Сийлбэрээсээ хамаараад хамгийн бага нь 3.8 саяас бүрэн сийлбэртэй тавилгатай гэр арав, хорин саяар ч үнэлэгдэж болно.
Мэдээж би болж өгвөл л хямд, өртгөөр, гоё чанартай бүтээгдэхүүн хийж өгч хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг бүрэн хангахыг зорьдог. Тиймээс хэн нэгний хэлсэн санааг оруулахгүйгээр шууд өөрийнхөөрөө хийгээд би хийчихлээ та ав гэдэггүй. Таалагдах хэмжээнд хийчхээд танд таалагдаж байна уу, таалагдахгүй бол би яаж засаж сайжруулах уу гээд саналыг нь асуугаад засаад өгнө. Эсвэл бүр болохгүй бол би энэ бүтээгдэхүүнээ өөрөө аваад өөр хүнд худалдан борлуулъя. Танд таны хүссэнээр дахиад хийгээд өгье гэдэг ч юм уу бүрэн таалагдсан тохиолдолд худалддаг. Энэ бас миний баримталдаг гол зарчим.
-Ярилцсанд баярлалаа. Ингээд ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг өөрт тань үлдээе?
-Баярлалаа. Хүн болгон эхээс төрөхдөө залхуу төрдөггүй. Аливаа зүйлд шантралгүй атгаж авсан ажлаа эцсийг нь хүртэл хөдөлмөрлөж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя гэж монголчууддаа уриалъя.
Х.Соёл-Эрдэнэ
Эх Сурвалж: Zaluu.com
URL: