Орос маягийн хэрэг /Шог өгүүллэг/

flying-pig-1-265x198Питер лүү ачааны галт тэргээр гахай ачжээ. Гэвч манайхан л болсон юм хойно гахайнуудыг эхний зөрлөгүүдийн нэгэн дээр ирээд зогсож байх хооронд нь туучихгүй хаачихав . Шалтгаан нь их энгийн . Тэрхүү ашиг тустай амьтдыг хамгаалах ёстой Тээврийн цагдаагийн газрынхан тэр орой тасраад уначихсан юм байж. Харамсалтай нь манайд иймэрхүү юм үргэлж л тохиолдож байдаг шүү дээ. Маргааш өглөө нь цагдаагийн залуучуудын архи гарч, гахайны төлөө хариуцлага хүлээж, төлбөр ялбарт унана гэдгээ ухаарцгаав.

Манай цагдаагийнхан хэтэрхий сэргэлэн улс болсон юм хойно, ганцхан шил архи зарлагадаад л нэгэн гэрчийн этгээдийг олж, ” Гахайнууд өөрсдөө ачааны вагоноос үсрэхийг би харсаан ” гэсэн мэдүүлэгт гарын үсэг зуруулчих нь тэр.

Гэвч хэрэг үүгээр дууссангүй! Тээврийн цагдаагийн газар замын далангаас хоёр тийшээ метр хагас газрыг ч мөн хариуцдаг болохоор хоёр дахь шил архиараа тэд бас нэг гэрчийн этгээдийг олж авахаас өөр аргагүй болов. Ингээд өнөөх гэрч нь гахайнууд метр хагасаас хол зайд үсрэн буусан юмаа гэдгийг баталсан мэдүүлэгт бас л гарын үсэг зурж орхиж . Өөрөөр хэлбэл гахайнууд маш хүчирхэг түлхэлт авдаг “Хүчирхэг туурайтай” байсан болж таарав. Ачааны галт тэрэгний машинист нар ч уртын харайлтыг харсан гэдгээ ч хэлцгээлээ. Гарын үсэгтэй цаас бүрдүүлсний ач тус гарч, тус хэргийг Тээврийн цагдаад бус Дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүллээ.

Дүүргийн хэлтсийнхэн барж идэхгүй хэргийг тэдэн рүү хаяж байгааг дор нь ухаарав. Тэдний ч гэсэн мөрөн дээр сүрлэн булдруу биш толгой байгаа юм чинь сэтгэж л таараа шүү дээ. Ингээд тэд ч бас өөрийнхөө гэрчүүдийг хайж олов. Нөгөөдүүл нь гахайнууд дүүргийн нутаг дэвсгэр лүү бус бүр Финийн булангийн цүнхээл рүү үсрээд орчихсон тухай мэдүүлэг дээр гарын үсгээ зурав .

Энэхүү гайхамшигтай домогт үсрэлтээс хойш гахайнуудыг хэн ч хараагүй нь тогтоогдсон учраас “Оросын гахайнууд танай нутаг дэвсгэрт үзэгдээгүй биз?” гэсэн албан бичгийг Финлянд улс руу илгээлээ.

Финчүүд гэдэг чинь нямбай хүмүүс шүү дээ. Тэгээд ч “орос маягийн хэрэг” гэсэн ойлголт тэдний хэл рүү орчуулагдахгүй. Тэд жинхэнэ фин хүнд байдаг сониуч зангаараа өөрийн эргийнхээ бут сөөг бүрийг нэгжээд ул мөр олсонгүй. Ингээд л хариуд нь: “Оросын гахайнууд Финланд хүрэх замдаа живсэн юм шиг байна” гэсэн бичиг ирүүлсэн гэдэг.

Munkhtur Turoo

Эх сурвалж: Интересная молодежи


URL:

Сэтгэгдэл бичих