М.Оюунчимэг: Боловсролын салбар эрэмдэг хүн шиг болсон
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.
-МАН-ын дотоод зөрчил намжиж байна уу. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин хөндөхгүй. УИХ, Засгийн газар нь ажлаа хийг” гэсэн байна. Намын уур амьсгал ямар байна вэ?
-Нам доторх зөрчил гэхээс илүүтэй нийгэм эрүүлжих тал руу явж байна гэж харвал зүгээр байх. Эв нэгдэл нэрийн дор асуудлуудыг хаагаад явж болохгүй шүү дээ. Асуудал цөөн хэдэн хүний хүрээнд байгаа. Харин жирийн гишүүд хуалдаандаа оролцож, ажлаа хийж болж байна. Одоо бие биетэйгээ ойлголцох шаардлагатай. Төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж нийгэмд сөрөг үр дагавар их гарч байна шүү дээ.
-Ерөнхий сайд танхимын хоёр гишүүнээсээ эхлээд хариуцлага тооцоод эхэллээ. Цаашид ч тогтворгүй байдал үргэлжлэх юм биш үү?
-Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Я.Содбаатар сайд “Надаас болж Засгийн газрын хувь заяа эргэж байгаа бол би ажлаа өгье” гэж ярьсан гэсэн. Гэсэн ч асуудал үргэлжлээд л явсан. Гэхдээ одоо чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна. Энэ бол зөв жишиг гэж харж байгаа. Өмнө нь Засгийн газрын гишүүдийг огцруулахгүй гэж өмгөөлж, хамгаалдаг байсан. Харин энэ удаагийн Засгийн газар гишүүддээ хариуцлага тооцож байгаа нь зөв жишиг. Гэхдээ тухайн асуудалд ул суурьтай хандах нь зөв.
-Таныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болно гэсэн таамаг явж эхэллээ. Та сайд болох уу?
-Би эхлээд гишүүний ажлаа л сайн хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Надад янз бүрийн санап бий. Гэхдээ Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүнийхээ ажлыг хариуцлагатай хийх ёстой. Үүний дараа бусад ажил руу орох байх. Түүнээс биш хаана, юу гарна, тийшээ гүйгээд байж болохгүй шүү дээ.
-Та боловсролын салбарыг хэрхэн харж, дүгнэж байгаа вэ?
-Энэ бол хэн дуртай нь очдог салбар биш. Хамгийн эрэмдэг болсон нь боловсролын салбар байна. Сүүлийн жилүүдэд Боловсролын тухай хуульд 24 удаа өөрчлөлт оруулсан. Аливаа улсын боловсролын хууль урт хугацаанд тогтвортой үйлчлэх ёстой. Гэтэл манай улс бусад хуульд өөрчлөлт оруулахдаа давхар Боловсролын тухай хуулиа өөрчилсөөр эрэмдэг хүн шиг болгосон. Тиймээс бодлоготой хандаасай гэж хүсч байна. Хэн нэгнийг шагнах, өр төлөх эсвэл аль нэг бүлэглэлээс айж томилгоо хийж болохгүй. Одоо нэг жил хагасын хугацаа л үлдлээ. Тиймээс ажил хийх хүнийг л сайдаар томилоосой гэж бодож байна.
-УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд ахмадын болон түрээсийн орон сууцны асуудлаар гаргасан тогтоолын хэрэгжилтийг шалгахаар “Буянт-Ухаа 2” хорооллын II ээлжийн барилгын ажлын явцтай танилцсан байна. Барилгын ажил хэдэн хувьтай байна вэ. Орон сууцыг хэзээ ашиглалтад оруулах бол?
-Өргөдлийн байнгын хороонд ахмадын болон түрээсийн орон сууцтай холбоотой иргэдийн өргөдөл тасралтгүй ирж байгаа. Тухайлбал, 700 гаруй иргэнээс ирсэн өргөдөлд ахмадын болон түрээсийн орон сууцны хөтөлбөрт зорилтот бүлгийн иргэд хамрагдаж чадахгүй, босго хэт өндөр, мэдээлэл нь хаалттай байгаа талаар дурдсан байсан. Тиймээс бид ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн оны хоёрдугаар сараас ахмадын болон түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа “Буянт-Ухаа 1, 2″ хороололд анхаарал хандуулж, шат дараатай арга хэмжээ авч байгаа. Өнөөдөр (өчигдөр) ажлынхаа үр дүнг үзэхийн тулд барилгын ажилтай танилцлаа. Төлөвлөснөөр “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулах байсан юм. Тодорхой шалтгааны улмаас хойшилж, ирэх нэгдүгээр сарын сүүлчээр ашиглалтад оруулахад бэлэн болсон байна. Хугацаа хойшилж байгаа шалтгаан нь Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилттэй холбоотой. Мөн инженерийн шугам сүлжээг хувийн компани хийж байснаа төрөөс 15 тэрбум төгрөг нэхсэн гэнэ. Тиймээс Барилга, хот байгуулалтын яам өөрсдийн бололцоогоо ашиглаж, дахин зураг төсөл гарган зургаан тэрбум орчим төгрөгөөр хийсэн байна. Өнөөдрийн байдлаар халаалтаа авахад бэлэн болсныг холбогдох албаныхан хэлсэн.
-Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцад хамрагдахад шалгуур өндөр байгааг шүүмжилдэг. Шалгуурыг багасгах талаар санал оруулж байгаа юу?
-Байнгын хорооны тогтоолын нэг чухал заалт нь энэ шалгууртай холбоотой. Бага, дунд орлоготой иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн санхүүжилтийн чадавхид тулгуурласан хууль эрх зүйн зохицуулалт хийх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тиймээс Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулалт хийх гэж байна. Утаатай тэмцэх, гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлөхийн тулд ипотекийн зээлд гэр хороололд амьдарч байгаа иргэдийг хамруулах талаар ярилцаж байна. Эхний ээлжид тохиролцоонд хүрч байгаа. Түрээсийн орон сууцанд ороход урьдчилгаа 30 хувь төлөх асуудал гардаг. Харин барилгын компани Хөгжлийн банктай гэрээ байгуулж, тухайн орон сууцаа таван жилийн хугацаанд түрээсэлж, иргэдийг урьдчилгаагүй, хүүгүй байранд нь оруулах боломж байна. Ингэхдээ тухайн компани нийслэлтэй давхар гэрээ байгуулж, зорилтот бүлэг тэр дундаа гэр хорооллын иргэдийг түлхүү хамруулах боломжтой. Энэ менежментийг эхний ээлжид туршиж байна. Сайн хэрэгжиж байгаа.
-Иргэд орон сууц түрээслэхээс илүүтэй өмчлөхийг хүсч байгаа юм билээ. Байр түрээслэхдээ урьдчилгаа мөнгөө бүрдүүлж өмчлөх боломжтой юу?
-Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдсан иргэд байраа өмчилж авахыг хүсч байгаа талаар нэлээд ярьж байна. Тиймээс Өргөдлийн байнгын хороо түрээсийн байрыг өмчлөх хууль эрх зүйн орчин бий болгохыг Засгийн газарт чиглэл өгсөн. Одоо Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирнэ. Мөн ипотекийн зээлийн асуудал яригдаж байна. Холбогдох байгууллагуудаас түрээсэлж амьдарч байгаа иргэдийн судалгаа хийж байгаа юм билээ. Хэдэн хувь нь зөвхөн түрээслэх, өмчлөх хүсэлтэй байгааг нь судална гэсэн үг.
-Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах талаар байнга ярьдаг ч ипотекийн зээлийн санхүүжилт бага байгаа нь ажил урагшлахгүй байх нэг шалтгаан болж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх боломжтой юу?
-Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэхгүй бол хэчнээн сайн ажил төлөвлөөд нэмэр байхгүй. Ирэх онд л гэхэд ипотекийн зээлд 115 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Энэ мөнгө хаана ч хүрэхгүй. Тиймээс бид Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр санал гаргасан юм. Төв банк арилжааны банкуудтай хэлцэл хийж, арилжааны банкуудаас 200 тэрбум төгрөг босгох бололцоо байгаа юм билээ. Мөн зээлийн эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг орж ирэх боломжтой гэсэн.
Тэгэхээр ирэх онд 600 тэрбум орчим төгрөгийг ипотекийн зээлд зарцуулах боломж бүрдэж байгаа юм. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах гэж байгаа.
Б.Цэнд-Аюуш
Эх сурвалж:: “Үндэсний шуудан” сонин
URL: