Итгэлийн гал улам бөхсөөр л
Цүнхэндээ байгаа утсаа тэмтэрч үзээд, “Уучлаарай. Утсаа гэртээ үлдээчихэж” хэмээн худал хэлэв. Гэвч би цааш алхахдаа худал хэлсэндээ гэмшин, яагаад түүнд туслаагүй шалтгаанаа өөрөөсөө нэхэв. Цааш алхаж явахдаа өөрийгөө тэр эмэгтэйн оронд тавьж үзэхэд, гомдол төрөөд нэг л биш. Эргэн харахад, тусламж эрэн царайчлах тэр эгчийг хүмүүс миний л адил үл тоохыг хараад буцаж очив. Уучлал гуйж, хүний амьдралд юу ч тохиолдож болох талаар, яагаад бодож ч үзэлгүй худал хэлсэн шалтгаанаа бодов.
Төд удалгүй өөрөөсөө асуусан асуултынхаа хариултыг олсон юм. Учир нь хэд хоногийн өмнө цахим ертөнцөөс нэгэн таагүй зүйл уншиж, танихгүй хүнд тэр бүр туслах хэрэггүй юм байна гэсэн бодолтой болсон юм. Тиймээс энэ л сөрөг бодолдоо автан би тэр настай эмэгтэйд туслаагүй аж. Өдөр бүр олон нийтийн сүлжээгээр сөрөг мэдээлэл тарж, айдас хүйдэстэй орчинд амьдарч буйгаа гайхсан хүмүүс олшрон энэ хэрээр бидэнд оргүй хардалт айдас үүсчихжээ. Болгоомжтой байх нь зүйтэй ч өнөөдөр танаас тусламж гуйсан хүн, олны дундаас зөвхөн танд итгэсэндээ асуусан ч юм билүү, хэн мэдлээ. Бид дэмий ургуулан бодож, бүх зүйлийг болохгүй, бүтэхгүй өнцгөөс харсаар л байвал нийгэм маань юу болох бол. Үгүй дээ ядаж л хүмүүсийн бие биедээ итгэх итгэл улам л бөхнө. Тиймээс сэтгэлдээ бага ч болов итгэлийн гэрэлтэй, нэгэндээ тустай амьдаръя. Хариу нэхэлгүй тусалсан өнөөдрийн итгэл, хожмын өдөр хэн нэгний сэтгэлд үрсэлж болох тул сайхныг ярьж, сайныг бүтээж, нэгэндээ тустай амьдаръя.
Үндэсний шуудан
URL: