Өмнөд хөршөө үнэнээр нь нэрлээчээ !
Жараад оны дундуур Алтай хотод баахан хятад барилгачид ажиллладаг, тэднийг харсан аймгийн төвийнхөн “Жунгаа нар цуварч явна” гэдэгсэн. 1949 онд Мао Це Дуны коммунистууд Чан Кай Ши-гийн гоминдан буюу махчлан орчуулбал “Ардын нам”-ыг ялж Жунго улсыг тунхаглахад манайхан бодлогогүйгээсээ Хятад улс гээд нэрлэчихжээ.
Жун го гэдэг нэрийг орчуулаад хятад болсон юм биш. Энэ нь Кунзын Жуньон буюу дундыг баримтлах зарчим, тариалан төвийн үзлийг тусгасан Жун-дундад Го-улс гэсэн утга бололтой. Түүнийг нь манай эгэл жирийн хүмүүс Жунгаа гэж дуудах болсон асанж. Түүх сөхвөөс өвөг мэргэд маань Нанхиад хэмээн нэрлэж хэвшсэн байдаг. Уг үг нь тэр үндэстний хэлээр Наньцзы буюу өмнөд нутгийнхан гэсэн утга бөгөөд ухаант өвгөд маань зориуд Нанхиад хэмээн монгол дуудлагаар түүхчилжээ. Тэр мэргэд сэцлэгчдийн нэгэн А.Амар гуай “Монголын түүх”-дээ энэ нэрийг хуудас бүрийдээ заасан буй.
Учир юун хэмээвээс Хитад /хятад/ гэдэг нь Монголчуудын нэгэн аймаг улс бөгөөд ийм овогтон Дундговь, Завхан, Хөвсгөл, Дорнод зэрэг олон аймагт буй бөгөөд шар хитад овогтон миний нутаг Говь-Алтайн Дэлгэр сумд зөндөө байх жишээтэй түгээмэл тархсан овог юм. Энэ Хитад гэдэгт Найман Хэрэйд, Тайчууд, Шивэй, Урианхай, Мэргид, Татар, Олхонуд, Жалайр, Татаар зэрэг мөнх гал шүтээнт олон аймгууд хамаарах бөгөөд учир нь тэд Х/Ш-Х зууны үеийн бидний өвөг Хятан /китан/ гүрнийг бүрдүүлж байсан билээ.
Бас Дундад азид ноёрхлоо тогтоож /1131-1212 он/ асан Хар Хятан гүрнийг үндэслэгч нь Авууж хааны 8-р үеийн ач Елюй Даши түүнийг дагасан хар хитад түмэн билээ. Энэхүү Нанхиадыг хааж байсан Хятан монгол угсаатныг Хитад гэдэг нь олон тоог заасан хэллэг юм. Мянган овгийнхныг мянгад, дөрвөн аймгийг дөрвөд, тураг аймгийг тургууд буюу торгууд гэдэгтэй адил юм.
Гэтэл Хэдэн монгол гэх утгатай Хитан монголчуудын цаана нь буй тэс өөр хэл соёлтой үндэстэн Хан, Цин, Тан, Сүн… зэрэг өмнөд нутгийнхан буюу нангиадуудтай хутгасан нь зээр гэхийг бөөр гэсэнтэй адил аж.
“Монгол хэлтнүүдийн найман мянган оны түүхийн мөрделт” (Зохиогч Чандмана, Тэнгис) гэдэг номыг сөхвөөс дэлхийн түүхийн эцэг Грекийн суутан Геродоти “Дэлхийн түүх”-дээ хитад гэх олон тооны нэрээр тэмдэглэж /Латин галиг/ “Тэд урт дээлтэй урвасан хошуутай гуталтай… эсгий гэртэй… моринд эрэмхэй… мал адгуулан нүүдэллэж…” амьдардаг гэсэн бол христосын “Эртний номд”-д бас Хитад гэж төв азийн дүрвэсэн нүүдэлчдийг дээрх байдлаар дурдан дэлхийд алдаршуулжээ. Ямарч гэсэн хитад гэж гаапуу үүрсэн шаахай өмссөн хүмүүс биш юм байна.
Эртний гурван их соёлын нэгийг хитадууд бүтээсэн гэдэг нь Хан, Хуася нар биш аж. Урт удаантүүхэн хугацааны турш төв азиас үүдэлтэй ари скифт, Шүмэр, Хүннү нар варварууд нэрээр Грек, Ром хүрч чинагш түүхээ мандуулсныг Хуася гэж тэмдэглээгүй Хитад гэсэн байна. Дарьт буу, цаас, цай зэргийг нанхиадууд биш, Китан нар түгээжээ.
Сүн улсын тэмдэглэлд “Киданы болд дэлхийд тэргүүнд орно” гэсэн бол 1076 оны 6-р сарын 10-нд Хэлүн мужийн цэргийн төлөөлөгч Нанхиадын эзэн хаанд ” Киданы эзэн хаан… цэргийн үзлэг хийхдээ галт сум гээчийг туршин шалгав” гэж мэдээлсэн зэрэг олон сурвалж байдаг аж. Одоогийн Монгол улсын нутагт асан Таян ханы Найман аймаг баруунш нүүсэн хар хяданы үлдэгдэл бөгөөд ерөөс Хэдэн монгол гэж төр байгуулсан тэр гүрэн найман тоотой аймгийн нэгдэл байсан ба Хамаг монголыг нэгтгэх их санааг Тайчууд аймгийн Хабул хан гаргаж тухайн үедээ ихэд шуугиан тарьж тайчууд аймгаа ихэд алдаршуулж байжээ. Гэвч тэр зорилгодоо хүрээгүй бөгөөд эл санааг нь хожим түүний умбал ач Тэмүчин Чингэс хаан хэрэгжүүлсэн билээ.
Гэтэл Кидан… Хятад китай нэрийг бид буруу ташуурдаж түүнийг нь Нанхиад гэж дэлхий эндүүрч өвөг дээдсийн маань зарим түүх гавъяаг Жунго хэмээн ухаарсаар бус уу. Тэр байтухай баруунд Чайна гэж нэршсэн нь цай бөгөөд энэ ч киданы түгээл соёл байжээ. Цайх, цайлган, цайлах, цайвар, цайдам гэх цагаан байх утга нь ургамал хандалж сүүгээр сүлж хэрэглэх цагаан идээний дээд юм.
Нанхиадын хэлэнд цай гэх язгуур үндэс байдаггүй, харин жинхэнэ эхээрээ күтү гэсэн ойлголт хэллэг байдаг гэж хэл мэдэх учир гадарлах эрдэмтний үгийг сонссон билээ.
Европт цай дэлгэрсэн нь Алтан гэгээн хаан /1507-1582 он/ Оросын хаанд цай бэлэглэснээр баруунш түгсэн хэмээдэг.
1313 оны “Арван буянт номын цагаан түүх”-д “уухын дээд цай” гэсэн бол XIII зуунд П.Карпино, Г.Рубрук нар хоол цайныхаа дээж зоригийг өргөдөг талаар бичсэн. Гэтэл Хидан монголчуудыг бус нангиадуудыг өнөөдөр дэлхий дахин Чайна буюу цайны гэх болж. Нүүдэлчид нийтийн тооллын өмнө ч /НТӨ/ цай хэрэглэж байсныг Нанхиад нар сонирхон тэмдэглэснийг “Эсгий туургатны түүх. Хүннүчүүд” /II боть ӨМ 1993/ номд тэмдэглэсэн нь буй. Юутай ч цай бол Монголчуудын идээ ундааны дээд дээж мөн бөгөөд эртнээс ёс хүндлэл төгөлдөр билээ.
Иймд урд хөршөө утга бодлогогүйгээр Хятад гэж нэрлэсэн нь эцэг дээдсийнхээ түүх соёлыг нанхиадуудад алдсаар түүх гажуудсаар байхын шалтгаан болсон гэж бодогдоно. Өвөрлөгч монголчууд өдгөө тэр учрыг сайн гадарладаг учраас хятад гэсэнгүй Дундад улс гэж орчуулж, Дундадын, Дундад орны хэмжээнд гэх мэтээр ярьж эрт дээд үеийг нь Нанхиад гэнэ.
Иймд албан ёсны нэр, сүрээр нь Жунго улс буюу БНЖАУ гэж товчлох, эсвэл эртний уламжлалаа барьж Нанхиад буюу БННАУ хэмээн нэрлэвээс зохилтой агаад түүх эх бичиг нь ч ийм бус уу. Бидний будлиулсан Хятад гэдэг энэ нэрнээс болж их түүх маань самуураад байгаагаар барахгүй ирээдүй хойчид ч буруугаар ашиглагдах баримт болохыг үгүйсгэх аргагүй юм .
Эх сурвалж: “Хөх толбо”
URL: