Ким Чен Иртэй салах ёс хийх гэсэн Өмнөд солонгосын иргэдийг хил нэвтрэхийг зөвшөөрчээ
Хойд Солонгосын эрх баригчид улсынх нь удирдагч Ким Чен Иртэй салах ёс хийхийг хүсч байгаа Өмнөд Солонгосын иргэдийг улс орондоо нэвтрүүлэхээр зөвшөөрчээ. Энэ тухай Хойд Солонгосын албаны хүмүүс мэдээлсэн байна. Өнгөрсөн бямба гаригт зүрхний шигдээсээр 69 насандаа таалал төгссөн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Иртэй салах ёс хийх хүсэлтэй иргэд өмнөд хөршид нь цөөнгүй байгаа юм.
Хэдийгээр хоёр Солонгос хоорондоо дайны байдалтай байгаа ч Өмнөд Солонгосын засгийн газар Пхеньянд албан ёсны цахилгаан утас илгээж, Хойд Солонгосын ард түмний хүндэт удирдагч таалал төгссөнд эмгэнэл илэрхийлжээ.
Сөүлийн эрх баригчид Пхеньян руу зөвхөн тодорхой учир шалтгаантай, хэсэг бүлэг л хүмүүсийг сонгон явуулах гэнэ. Пхеньяны тал Хойд Солонгост их удирдагчтай салах ёс хийхээр ирэх өмнөдийн иргэдийн аюулгүй байдлыг бүх талаар сахин хамгаална гэж мэдэгджээ. Пхеньяны албаны мэдэгдэлд, бид Өмнөд Солонгосоос ирэх бүхий л төлөөлөгчдийг хүндэтгэн угтан авах болно. Тэдэнд хүндэт удирдагчтай салах ёс хийхээр ирэхэд нь хилээр ямар ч саадгүй нэвтрүүлж, бид агаарын болон хуурай замын хилээ нээх болно гэжээ. Өмнөд Солонгосын талаас Ким Чен Иртэй салах ёс хийхээр албаны төлөөлөгчид очихгүй гэнэ.
Гэхдээ Ким Чен Ирыг оршуулах ажиллагаанд оролцохоор Өмнөд Солонгосын талаас хоёр бүлэг хүмүүс Пхеньяныг зорих гэж байгаа юм байна. Тэдний нэгийг Өмнөд СОлонгосын ерөнхийлөгч агсан Ким Дэ Жуны бэлэвсэн эхнэр тэргүүлж, харин хоёр дахь бүлгийг Хьюндай корпорацийн тэргүүн Хён Чон Ун даргалан Хойд Солонгосыг зорих юм байна. Тэгвэл энэ хооронд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирын дурсгалыг хүндэтгэн гишүүд нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлжээ.
URL: