“Хүртээмжтэй орчин бий болгох шаардлага тавихад байгууллагууд амлалт өгдөг ч, амьдралд хэрэгжүүлдэггүй”
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй олон асуудлын нэг нь дэд бүтэц, хүртээмжийн асуудал байдаг. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Монголд хөгжлийн бэрхшээлтэй нийт хэд орчим иргэн байна вэ?
-2017 оны үндэсний статистик тоон мэдээгээр 103 мянга 630 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас тулах эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2200 орчим байна гэсэн мэдээлэл байдаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмжийн асуудал байнга яригддаг шүү дээ. Энэ тал дээр сүүлийн үед танай байгууллагаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд оролцоход тулгардаг гол бэрхшээл нь дэд бүтцийн хүртээмж буюу тэдэнд зориулсан орчин, стандартын зам, гарц, шат, хаалга, ариун цэврийн өрөөний хүртээмжийн асуудал байдаг.
Сүүлийн үед баригдаж байгаа барилгууд үүнийг хэрэгжүүлж байгаа тал бий. Яагаад гэхээр хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаагүй барилга байгууламжийг хүлээж авахгүй байхаар хуулинд туссан учраас тэр. Өнгөрсөн жилээс яам, нийслэлийн барилга хүлээж авах комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ажиллаж байгаа нь давуу тал болоод байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмжийн асуудалд үнэлгээний баг үнэлгээ гаргасан байсан. Энэ ажил хэр ахицтай байна вэ?
-Манай дэд бүтцийн талаар “Түгээмэл хөгжил” ТББ, “Сонгинохайрхан” ТББ бие даан амьдрах төвүүд болон Тэргэнцэртээ иргэдийн холбоо хүртээмжийн үнэлгээ дээр мэргэшиж ажиллаж байна. Эдгээр байгууллагууд нь өөрсдөө хэрэглэгчид гэдэг талаасаа гадуур гарахад ямар асуудал тулгарч байна. Тэдний хэрэгцээнд нийцэж байна уу гэдгийг үнэлээд тухайн байгууллагын удирдлагуудад үйл ажиллагаагаа танилцуулж хамтарч ажиллах санал тавьж байгаа. Мөн тэд энэ үйл ажиллагаанд төрийн байгууллагуудыг ч татан оруулж хамтарч ажиллаж байна. Үнэлгээнд оролцсон байгууллагын зарим нь “Төсөв мөнгө энэ жилдээ батлагдаагүй байна. Төлөвлөгөөндөө тусгачихсан байгаа удахгүй хэрэгжүүлнэ” гэдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар амлалт өгдөг ч, хэзээ хийх нь тодорхой бус. байсаар ирлээ. Ерөнхийдөө аргацаасан байдалтай үлддэг. Нэг хоёр жилийн хугацаа өнгөрөхөд тэр нь биелэлээ олоогүй ямар ч үр дүн гараагүй байх жишнээний. Ийм зүйл зөндөө гарч байна.
Сүүлийн 2-3 жил хүртээмжийн асуудалд бодит нөхцөл байдал ямар байгаа гэдэг дээр илүүтэй үнэлгээ хийсэн. ХНХЯ, Жайка ОУ-ын байгууллага, төрийн бус байгууллагууд хамтарсан үнэлгээнүүдийг хийж эхлүүлсэн. Хоёр, гурван шаттайгаар Нийслэлийн засаг даргын тамгын газартай, Нийслэлийн 9 дүүргүүдэд өнгөрсөн хавар ХНХЯ-ны харьяа гурван салбар агентлагуудад бас үнэлгээ хийж, дүгнэлт гаргаад байна.
Дээрх үнэлгээнүүдээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах дэд бүтэц, орчин алга. Бараг бүгд стандартын бус гүйцэтгэлтэй. Хаалганууд нь босготой, гаднаа налуу шат байхгүй. Байгаа нэг нь барилга байгууламжийн хүрэлцээ муу байдгаас түрээсийн байранд байдаг гэдгээр стандартад нийцээгүй байсан.
-Дэд бүтцийн хүртээмжийн асуудлыг хэрхэн зохицуулах ёстой вэ, ямар нэгэн тогтсон стандарт шаардлага гэж бий юу?
-ТББ-ууд үнэлгээ хийгээд дараа нь стандартын хэрэгжилтийн талаар сургалт явуулж байна. Дэд бүтцийн түгээмэл загвар гэж юу юм бэ. Юуг түгээмэл загвар гэж хэрэглэдэг юм бэ гэхээр дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага нь налуу шатыг зөвхөн тэргэнцэртэй хүн хэрэглэдэггүй юм. Түүнийг өндөр настан болон ачаа бараа тээвэрлэх, тэрэгтэй хүүхэдтэй яваа эцэг эхчүүд ч ашиглах боломжтой. Тийм учраас үүнийг зөвхөн тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрэглэх зориулалттай шат гэж битгий хараарай гэдгийг албан байгууллагуудад өгөхгүй бол мэдлэг мэдээлэл дутуугаас шалтгаалаад шаардлагад нийцэхгүй дэд бүтцийн тохижилт ихээр хийж байна. Ямар нэгэн стандарт шаардлага хангаагүй налуу шат хийчихье гээд өөрсдийнхөө таамаглалаар хийчихдэг. Энэ нь дараа нь хэрэгцээ шаардлагад нийцдэггүй гэх мэт хүндрэлтэй зүйлс гарч байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төр, төрийн бус байгууллагын түншлэл бий болгох хэрэгтэй гээд байна. Үүнийг тодруулбал?
Үндэсний чуулганаар төр, төрийн бус байгууллагын түншлэлийн хэлбэрээс хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ нь ТББ-ын оролцоогүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн аливаа нэг бодлого зохицуулалт, үйл ажиллагаа хийгдэхгүй гэсэн үг. ТББ-ын оролцоогүйгээр хийсэн ажил дараа хэрэгцээ шаардлагад нийцэхгүй тохиолдол их гарч байна. Үйл ажиллагаа эсвэл налуу шат, орчин байгууламж нь зохимжгүй бодлого шийдвэртэй гардаг учраас заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалдаг ТББ-ийн оролцоо хэрэгтэй. Үүнийг л төр, төрийн бус байгууллагын түншлэл гээд байгаа юм. 2017 оны сүүлээс төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа идэвхжиж байна гэж харж байгаа.
-Хуулинд стандартыг тусгасан гэлээ. Яг ямар стандарттай байх ёстой юм бэ?
-Монгол Улсад 2009 онд явган хүний орц, гарцын стандартыг баталсан байдаг. Үүнийг баримталж барилга, байгууламжийг барих ёстой байдаг юм. Нэг жишээ дурдахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн чухал хэрэгцээтэй байдаг налуу шатны өндөр нь 1 метрт 12 см, өргөн нь 90 см-ээс дотогш байна. Мөн дотроо 90х70 см бариултай байна гэсэн заалттай. Эдгээрээс гадна хаалгаа босгогүй төлөвлөх, босготой байлаа гэхэд 2,5 мм-ээс хэтрэхгүй өндөртэй байх зэрэг стандартыг хэрэглэж байгаа. Ариун цэврийн өрөөний стандартад бариул нь 50х60 см, тэргэнцэртэй хүний багтаамжийн стандарт 1,5 метр, хөгжлийн бэрхшээлтэй иргэн эргээд гарах боломжоор нь хангаж өгөх ёстой гэх зэрэг стандартууд Монгол улсад хэрэгжиж байна. Гэвч энэ бүгд цаасан дээр байдаг ч амьдралд хэрэгжилт хангалтгүй байгаа.
-Шинээр баригдаж байгаа барилгууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтэц стандартад нийцсэн төлөвлөлттэй байгаа ч хуучин барилгуудад үүнийг хийх нь зөв байх?
-Мэдээж хуучин барилгуудад ч өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үйлчилгээ үзүүлдэг байгууллага л бол тухайн төсөвт, өөрсдийн хэрэгцээ шаардлагаа тусгаад хөрөнгө мөнгөө шийдүүлээд авах боломж байгаа. Сайн жишээ авч үзэх юм бол сургуулийн асуудал хүртээмжгүй байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч чадахгүй тохиолдол их байдаг. СХД-ийн 65 дугаар сургууль гэхэд өөрийнхөө орчин нөхцөлийг өөрчилж налуу шат хийж, хаалгаа босгогүй болгож, ариун цэврийн өрөө ч хийсэн байна. Тус сургууль энэ ажлаа яаж хийсэн бэ гэхээр сургуулийнхаа жил тутмын засвар төлөвлөгөөндөө тухайн төсвийг нь суулгаад өгчихсөн байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сурахад тулгамдаж байгаа гол асуудал бол хүрээлэн байгаа орчны бүрдүүлэлт юм. Тиймээс ч энэ нь өдөр тутмын үйл ажиллагаанд нь саад болдог учир эцэстээ шантарч сургууль завсардах асуудал их гардаг.
-Иргэд төрийн үйлчилгээний байгууллагуудаар их үйлчлүүлдэг шүү дээ. Эдгээр газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтэц хэр байдаг вэ?
-Монголд төрийн байгууллагын хүртээмжийн асуудал бараг 90 орчим хувь нь хангалтгүй байна. Ерөнхийдөө 10 орчим хувь нь л хүртээмжийг бий болгосон. 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний конвенцид нэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 онд батлагдсанаас хойш энэ чиглэл рүү идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний дэд бүтцийн хүртээмж сул байгаа нь эргээд хүний эрхийн зөрчил болчихож байгаа юм шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоонд оролцох эрх бий. Тэр эрх маань юугаар хязгаарлагдах вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн аливаа үйлчилгээ авахад түгээмэл загвар буюу орчин нөхцөл бүрдүүлээгүй байна гэдэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ялгаварлан гадуурхал болно гэж хуулинд бий. Жишээлбэл ялгаварлан гадуурхалтыг хуулиар зөрчлөө гэхэд яах вэ, ямар хариуцлагын тогтолцоо байна вэ гэхээр дахиад л байхгүй. Хуулийн тийм заалт байдаггүй.
Төрийн үйлчилгээний газруудаас Драгон төв, Дүнжингарав худалдааны төвд байрлах нэгдсэн үйлчилгээний төвүүд ямар ч хүн ороод үйлчилгээ авах боломжийг хангаад өгчихсөн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хүртээмжийн зам, сонсголгүй хүмүүст зориулан лифтний гарч, орох дохио гэх мэт зүйлүүдийг хийсэн зэргээс харахад бага багаар ахиц дэвшилтэй зүйл бас байгаа.
Мэдээж энэ бол бидний саадгүй үйлчлүүлж болох боломжийг бүрдүүлсэн газрууд. Бусад нь мэдээж үйлчлүүлэхэд хүндрэлтэй, заавал бусдын тусламжтайгаар үйлчлүүлдэг байгууллага.
-Мөн томоохон зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэхэд ч хүндрэлтэй байгаа нь ажиглагддаг.
Тиймээ. Сүүлийн үед баригдсан И-март, Номин, Максмолл гэх мэт газрууд стандартад нийцсэн гарц зогсоол, шаттай байгаа. Бусад газруудад энэ хүртээмжийн асуудал үнэхээр хангалтгүй байдаг нь үнэн.
-Хууль дүрмэндээ дагаж мөрдөх стандарт тогтоочихсон байхад хүртээмжийг бий болгосон үйлчилгээний байгууллагууд ганц хоёр тоонд багтаж байгаа нь үнэхээр хангалтгүй байна. Тийм үү?
Стандартыг хэрэгжүүлэхгүй бол яах вэ гэдэг хариуцлагын тогтолцоо байхгүй. Энэ асуудалд хуулийн зохицуулалт дүрэм, журам бас гэж байхгүй. Мөрдөөгүй байсан ч “Өө би энийг хийчихнэ ээ дарга аа. Одоогоор төсөв мөнгө боломжгүй байна” гээд ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд яваад байж болно л доо. Тэглээ гээд үүнийг засаж сайжруулах ёстой юм байна. Тодорхой хугацааны дараа үүнийг хэрэгжүүлэх ёстой юм байна гэдгийг хуулиар шахах, хэрэгжүүлэх тогтолцоо байхгүй учир энэ бол тухайн хүний үзэмжийн асуудал болоод байгаа юм.
-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтэц хүртээмжийн асуудал хангалтгүй байна. Энэ тал дээр гадны улсуудыг туршлагаас судалбал ямар байдаг вэ, Японд энэ хүртээмжийн асуудал нэлээд өндөр хувьтай байдаг шүү дээ?
-Азийн орнууд тэр дундаа Япон Улсыг Монголд жишиг болгож хэрэглэж байгаа. Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл хэрэгжүүлсэн. Энэ нь төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаагаар хэрэгжиж байгаа төсөл. Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургаж байна. Үнэлгээний ажилтнуудыг мэргэшүүлэх, дэд бүтцийн чиглэлээр сайн туршлагыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр урт, богино хугацааны сургалтууд явуулж байна. Ер нь Монголд Японы загвар хамгийн их таардаг учраас түлхүү хэрэглэж байгаа.
-Япон орны туршлагыг хэрэгжүүлэх явцад ялгарах онцлог нь юу байв?
-Монголд энэ сайн туршлага яагаад хэрэгжихгүй байна вэ гэвэл асуудалд хандах хандлага, ойлголт нь өөр байна. Дээрээс нь стандартын дүрэм журмыг мөрдөхгүй, хариуцлагын тогтолцоо сул байгаа учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтэц төдийлөн сайжрахгүй байсаар байна.
Японд туршлага судлаад явж байхад улс орны хөгжлийн нэг чухал зүйлд нь хүртээмжийн асуудлыг авч үздэг юм билээ. Манай улсад ардчилал хөгжөөд 28 жил болж байхад жирийн Монгол хүн эх орондоо хүний эрх, эрх чөлөөгөө эдэлж чадаж байна уу гэдэг асуудал байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжийн асуудал бүрдээгүй байна гэдэг чинь улс орны нэгээхэн хэсэг болсон хүмүүс эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн үг. Энд тэнд гоё барилга байшин баригдаад байгаа хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлыг тусгахгүйгээр нийгмийн тэгш бус хөгжил явагдаад байна. Гэвч Монголд уг асуудлыг хараахан хийж төлөвлөж чадахгүй байгаа учраас ялгаатай зүйл нь үлдчихээд тэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ялгаварлан гадуурхсан асуудал болж хувирчхаад байна.
Х.Соёл-Эрдэнэ
URL: