Ц.Цогзолмаа: Би чөлөөлөгдөх өргөдөл өгөх шаардлагагүй

15438156665c04c1f2d4644

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрыг огцруулах санал өгсөн талаараа сэтгүүлчдэд тайлбар өглөө. 

-Та танхимынхаа эсрэг гарын үсэг зурж, кноп дарсан. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ?

 -Улс төр ёс зүйтэй байхыг шаарддаг. Хэн нэгэн хүний дохио зангаагаар асуудалд хандсан гэхээсээ илүү улстөрчийнхөө хувьд ёсзүй дээр суурилсан шийдвэр гаргасан. Шийдвэрээсээ буцах, булзах шаардлага надад байхгүй. Тиймээс би өөрийнхөө гарын үсгийг баталгаажуулж, кнопоо дарсан. Энэ бол миний улстөрчийн шийдвэр.

 -Та одоо ажлаа өгөх үү?

 -Ерөнхий сайдыг шийдвэрээ гаргаж, ажлаа авахад ёсзүйн хувьд ямар ч асуудал байхгүй гэдгээ сая орж уулзаад хэллээ. Ажлаа өгнө гэсэн үг. Би бүтэн жилийн хугацаанд энэ салбарын шинэчлэлийн төлөө нойр, хоолгүй ажилласан. Гаргасан шийдвэр, хийсэн ажлын үр дүн цаг хугацааны дараа гарна. Ажлын үр дүндээ сэтгэл хангалуун байгаа.

-Засгийн газрын гишүүн танхимынхаа эсрэг гарын үсэг зурах нь ёс зүйгүй үйлдэл мөн үү?

-Энэ бол улс төрд байдаг процесс. Ерөнхий сайд ч гэсэн шадар сайд байхдаа өөрийнхөө танхимын эсрэг гарын үсэг зурж л байсан.

-Чөлөөлөгдөх өргөдлөө та өөрөө өгсөн үү?

-Би чөлөөлөгдөх өргөдөл өгөх шаардлага байхгүй. Танхим шийдвэрээ гаргахад л болно.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих