Микро автобус 500 төгрөгөөр үйлчлэх ёстой
НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАРТАЙ ГЭРЭЭТЭЙ 24 МИКРО АВТОБУС БАЙДАГ
Нийслэлийн хэмжээнд 950 орчим том оврын автобус иргэдэд өдөр тутам үйлчилж байна. Мянга шахам автобус гэж сонсоход их мэт боловч иргэдэд хүрэлцдэггүй юм. Ажил тараад гэртээ харих гэж хамгийн багадаа 2030 минут автобус хүлээх нь энүүхэнд. Гэтэл ирсэн автобус нь битүү хүнтэй учир багтахгүй үлдэх энгийн үзэгдэл болжээ.
Мөн 21.00 цагаас хойш автобусны тоо улам цөөрдөг. Харин энэ үед микро автобус иргэдийн аминд орж, бээрсэн олныг гэрт нь хүргэх үүрэг хүлээнэ. Такси барьж харих боломжгүй үед микрог сонгохоос өөр аргагүй л дээ. Гэхдээ микро автобусыг тойрсон асуудал, гомдол санал хэзээ ч тасардаггүй. Ялангуяа орой болох тусам үнээ хэтэрхий нэмдэг нь иргэдийг бухимдуулсаар байна.
500 төгрөгөөр үйлчлэх ёстой микронууд эхэндээ 100, 200 төгрөг нэмдэг байсан бол сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдсэнээр шалтаглан 1000 төгрөг нэхэх болжээ. Иргэд дургүйцдэг ч такси барихаас хямд тусч байгаа учир хэлсэн мөнгийг нь өгөөд явахаас өөр аргагүй.
Ер нь микро автобус хэдэн төгрөгөөр иргэдэд үйлчлэх ёстой вэ. Үүнд нь хяналт тавьдаг, шаардлага хүргүүлдэг газар гэж байна уу. Хууль, дүрмээрээ бол нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том, бага оврын автобуснуудад нийслэлийн тээврийн газар хяналт тавьдаг. Тиймээс дур зоргоороо авирладаг микро автобуснуудыг хэрхэн хянадаг талаар тодруулахаар нийслэлийн тээврийн газрыг зорилоо.
Одоогоор нийслэлийн тээврийн газартай гэрээ байгуулсан таван аж ахуйн нэгжийн ердөө 24 микро автобус байдаг аж.
Туслах чиглэлд дөрөв, буухиа чиглэлд нэг аж ахуйн нэгж байдаг гэнэ. Тодруулбал, буухиа чиглэлд нарантуул захын чиглэлүүд хамаардаг бөгөөд дундын зогсоолын бүх зогсоолд зогсдоггүй.
Харин туслах чиглэл нь ХархоринЖаргалант буюу Партизан, Цагаан давааГандан чиглэл. “Аманд орсон үнээ дураараа хэлдэг нөхдүүд бол стандартын шаардлага хангахаа байгаад манай бүртгэлийн сангаас хасагдсан хууль бус үйлчилгээ эрхлэгчид гэсэн үг” хэмээн нийслэлийн тээврийн газрын тээврийн хяналтын хэлтсийн дарга З.Цэвээндорж ярилаа.
Түүний хэлснээс үзвэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 24 микро автобуснаас бусад нь хууль бус үйлчилгээ үзүүлэгч юм байна. харин нийт хэчнээн микро автобус хууль бусаар иргэдэд үйлчилж байгаа талаарх тоон мэдээлэл алга.
Эдгээр бага оврын автобуснуудад нийслэлийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч нар хариуцлага тооцож байгаа аж. Гэвч ердөө 22 байцаагчтай учир хяналт тавихад хүн хүч хүрэлцдэггүй хэмээн мэргэжилтнүүд учирлаж байв. Мөн микро автобуснууд байцаагчийг харахаараа зугтаад алга болдог гэдгийг ч хэлж байсан юм.
Уг нь стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бол үйл ажиллагааг нь шууд зогсоох ёстой. Мөн Зөрчлийн тухай хуулийн 14.6.12 дахь зүйл заалтаар тээвэрлэлтийн гэрээгүйгээр ажил үйлчилгээ эрхэлсэн зөрчил тутамд 100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах ёстой аж.
Микронууд үнээ дур зоргоороо нэмж буй асуудлыг З.Цэвээндоржоос тодруулахад “Микро автобус 500 төгрөгөөр явах ёстой. 2015 оны үнэ тарифт өөрчлөлт ороогүй” гэв. Микроны жолооч нараас үнээ яагаад нэмдэг талаар асуухад “Бид 500 төгрөгөөр л үйлчилдэг. Үнээ огт нэмдэггүй” хэмээн гүрийв.
Гэхдээ иргэд өөрийг хэлж байлаа. Сүхбаатар дүүргийн иргэн Б “Микро автобуснууд бензиний үнэ нэмэгдсэн гээд 1000 төгрөгөөр явж байгаа. Ялангуяа орой болохоор үнээ хэдэн төгрөгөөр ч хамаагүй нэмдэг. Гэртээ харихын тулд өдөр болгон такси барина гэж юу байхав дээ. Өөр аргагүй болоод микро автобусаар харьдаг” хэмээн ярилаа.
Хяналт тавих байгууллагатай, тогтсон үнэ тарифтай атал аманд багтсан мөнгөө нэхэж, иргэдийг дарамталж байгаа микрочдыг яах ёстой вэ. Даарч, бээрсэн иргэдийг гэрт нь дөхүүлж байгаа тусыг нь үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ тогтсон үнэ тарифаараа үйлчлэхгүй бол зохих арга хэмжээг нь авбал яасан юм бэ.
Засгийн газрын мэдээ
URL: