М.Энхсайхан: Дунд хугацаанд ОУВС-г түшихээс өөр сонголт харагдахгүй байна

712-1543797784image_660УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан “Гадаад орчин ба эдийн засгийн бодлогод анхаарах асуудал” хэлэлцүүлэгт Монгол улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Дэлхийн санхүүг зураглах нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг тоймлон хүргэе. 

Дэлхийн санхүүгийн хямрал 2007-2009 онд болсныг та бүхэн сайн мэднэ. Энэ үзэгдэл зарим улсад эдийн засгийн хямрал хүртлээ даамжирч байсан юм. Одоо ч тэр үеэс улбаатай сөрөг нөлөө үргэлжилсээр байна. Ер нь дэлхийн санхүүг томоор зураглаж ойлгоё гэвэл өдгөө өрнөж буй үйл явдлыг цаг хугацааны хувьд 2008 оны хямралаас өмнөх үе, санхүүгийн хямралаас хойшхи жилүүд гэж хувааж үзвэл илүү хялбар болно.
Хямралаас өмнө дэлхийн улс орнуудын банкууд дунд хил хязгаарыг үл ойшоон глобалчлагдах үйл явц хүчтэй байсан. Энэ хандлага олон оронд санхүүгийн бололцоог нээж өгсөн. Санхүүгийн боломжийг атгасан улсууд шинэ технологи нэвтрүүлж, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлсэн онцлог бий. Харин хямралаас хойш банкууд санхүүгийн глобалчлалд шүүмжлэлтэй хандаж эхэллээ. Хямрал банкуудаар дамжиж нэг орноос нөгөөд шилжих аюул эрсдэлтэйг анзаарч болгоомжилдог болчихлоо. Хандлагын энэ өөрчлөлт дэлхийн санхүүд олон өөрчлөлт авчраад байна.
Том зургаар нь харвал банкууд гадаад орнуудад салбараа нээхээс илүүтэйгээр салбаруудаа хаах хандлага газар авлаа. Өөрөөр хэлбэл том банкууд салбараа нээсэн улс орнуудаас гарах үзэгдэл ихэссэн. Хөгжингүй орнуудын банкууд өөр хоорондоо хамтарч, өөрсдийн зах зээлдээ л ажиллах хандлага хүчтэй болсон нь анзаарахгүй орхиж болохгүй өөрчлөлт.
Дэлхийн өр цэнхэр гаригийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин их хэмжээгээр яригдаж байгааг бас онцолъё. Товчхондоо санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад бодлогын бодлогын үүрэг өндөр болсон гэж хэлж болох юм. Дараагийн анхаарах асуудал нь том орнуудын төв банктай холбоотой.
Тэд уламжлалт бус арга хэрэгслийг түрэмгий хэрэглэсээр өнөөг хүрсэн. Учир нь ингэх  бололцоо зөвхөн тэдэнд л их бий. Ийм шалтгаан хөгжиж  буй орнуудыг гар мухардахад хүргэж, Засгийн газартайгаа нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагын өмнө авчраад байна.
Том орнуудын төв банкууд хямралыг гэтлэхийн тулд бодлогын хүүгээ байнга бууруулж байсныг өнгөрсөн цаг хугацаанд өрнөсөн үйл явдлаас харж болно. Тэдний ашигласан энэ арга нөөцөө шавхаж, бодлогын хүү бараг тэг болсон нь ердөө хэдхэн жилийн өмнөх дүр зураг.
Байдал иймдээ тулангуут хөгжингүй орнуудын төв банкууд “Quantitative easing” хэмээх уламжлалт бус гэж нэрлэгдэх хэрэгсэл ашиглаж эхэлсэн. Бодит эдийн засгаар баталгаажсан эсэх нь тун маргаантай их хэмжээний мөнгийг санхүүгийн зах зээл рүү нийлүүлснийг уламжлалт бус хэрэгсэл гээд байна л даа. Банкууд үр ашигтай төслүүдийг хайж эхэлснээс гадна ихээхэн хэмжээний мөнгө улс орнуудын Засгийн газрын бондыг худалдаж авахад зарцуулагдсан юм. Энэ үеийг “Хялбар мөнгө”-ий зах зээл хэмээдэг. Ийм зах зээл дээрээс манай “Чингис”, болон бусад бонд, өр зээл бий болсон түүхтэй.
Түүхийн энэ онцлог үеэс шалтгаалж дэлхийн өр, зээл урд хожид байгаагүй хэмжээгээр нэмэгдэж байлаа. Цөөхөн хэдэн улс биш, дэлхий бүхэлдээ өр зээлээ нэмсэн гэдгийг онцлох учиртай. Хямрал тэсрэх маягтай болсны тод жишээ нь энэ. Уламжлалт бус банкны хэрэгсэл бүхий том орнуудын төв банкууд бодлогоо өөрчлөхөөс аргагүй байдлын өмнө ингэж ирсэн юм. АНУ энэ бодлогоос 2014 оноос татгалзсан. Өдгөө бодлогын хүүгээ аажим аажмаар нэмж буй. Бодлогын энэ өөрчлөлтийг доллартай харьцуулбал олон орны ханш унах эрсдэл анзаарагдаж байна. Ийм хандлага нэг хэсэг үргэлжилнэ гэсэн таамаг голлож байгаа.
Өр зээл бүхэлдээ их хэмжээгээр нэмэгдсэн тухай өмнө цухас дурдсан. Хөгжингүй орнуудын төр засгууд хувийн хэвшлийнхээ бий болгосон өр зээлийн арыг дааж чадах хэмжээний бага өртэй байдал харагдаж байна. Харин нөгөө талд Монгол болон хөгжиж буй бусад орны хувьд төр засгийн үүсгэсэн өр нь хувийн хэвшлийнхээсээ эрс их гэсэн бодит байдал бий. Өр зээл, санхүүгийн хямралтай тулахад төр засаг нь дангаараа асуудал шийдвэрлэх бололцоогүй болсон гэсэн үг. Тэгэхээр манай улсын хувьд төр нэмж өр зээл, санхүүгийн хямралтай тулахад төр засаг нь дангаараа асуудал шийдвэрлэх бололцоогүй болсон гэсэн үг. Тэгэхээр манай улсын хувьд төр нэмж өр зээл тавихгүй байх, хувийн хэвшилд санхүүгийн зах зээлд гарах арын баталгаа болох чиглэлээр хийх ажил их байна. Дэлхийн санхүүгийн зах зээлд үр ашиг, санхүүгийн сахилга чангарсан, эрсдэл багатай зах зээл рүү хөрөнгө урсамтгай болж байгаа энэ нөхцөлд зөв бодлого л чухал. Дэлхийн санхүүг бүхэлд нь зураглаад харахаар улсын эдийн засагт нэмэртэй хэд хэдэн мэссэж гаргаж ирж болохоор байна.
Эхний мессэж бол ОУВС-гийн дараа ОУВС гэсэн гаргалгаа. Бидэнд үүнээс өөр гарц өнөөхөндөө алга.
Хэтэрхий их өртэй, өрөө төлж байгаа ч өртэй хэвээр үлдэх бодит байдал, санхүүгийн сахилгыг нэг хөтөлбөрийн хүрээнд тогтоох бололцоогүй зэрэг шалтгаануудыг ухаад бодохоор дунд хугацаанд ОУВС бидний түшиг байхаас өөр сонголт харагдахгүй байна. Товчхондоо дараагийн хөтөлбөр ОУВС-тай хийгдэх магадлал өндөр. Иймээс эртнээс бэлтгэлтэй, төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй. Дараагийн мессэж санхүүгийн нөөцтэй хамаатай.Санхүүгийн нөөцөө ямар хэлбэрээр барих вэ гэдэгт анхаарах цаг ирсэн. Улс орнууд санхүүгийн нөөцөө хоёр хэлбэрээр барьж байна.
Нэг хэсэг нь үнэт цаас хэлбэрээр, нөгөө зарим нь харилцах хадгаламж хэлбэрээр барьдаг. АНУ гэхэд л нийт санхүүгийнхээ нөөцийн 70-80 хувийг үнэт цаасанд барьдаг гэсэн статистик бий. Бидний хажууханд оршдог Хятад гэж аварга зах зээлийн нийт нөөцийн 30-40 хувь нь үнэт цаасанд төвлөрдөг. Өмнө онцолсон “Quantitative easing” буюу уламжлалт бус арга хэрэгсэл голлосон зах зээлийн үед санхүүгийн нөөцөө үнэт цаасанд байршуулсан улс орнууд ил үү хожиж үлдсэн юм. Харин манай улс эсрэгээрээ үнэт цаасны зах зээл хөгжөөгүй, санхүүгийн нийт нөөцөө харилцах хадгаламж болон нөөцөд дарчихаад үнэгүйдүүлсээр суугаа. Өөрөөр хэлбэл “Quantitative easing”-гийн үед, хялбар мөнгөний зах зээл дээр бид ихийг алдсан улсуудын тоонд багтаж буй. Мэдээж гарц бий. Наад захын жишээ гэхэд л хадгалж буй санхүүгийн нөөцөө Америк чиглэлийн үндэстэн дамнасан компаниудын үнэт цаасанд хадгалах шийдэл байна. Үнэ цэнэ нь ирээдүйд өсөх учраас ашигтай, алдаагүй гарц. Гурав дахь мессэж банкны системтэй холбоотой. Манайх шиг жижиг улсын банкны систем глобалчлалд нээлттэй байх нь эрсдэлтэй ч ингэхээс аргагүй нөхцөл үүссэн гэдгийг бас хэлэх учиртай. Банкны мэдээлэл нээлттэй ил тод биш учраас арилжааны банкууд Монголынх уу, гадны нөлөө ихтэй юу гэсэн асуулт тавихаас аргагүй санагддаг. Шуудхан хэлэхэд монгол нүүртэй гадны мөнгө хүүлэгч банкууд ажиллаад байна уу даа гэсэн эргэлзээ төрдөг. Тэгэхээр олон улсын стандарт мөрддөг гадны банк орж ирэх нь хэдийгээр зарим талаараа эрсдэлтэй ч санхүүгийн сахилга бат сайжрах, мэдээлэл ил тод болох, банкны салбарт өрсөлдөөн үүсэх гэх мэт давуу тал бий. Санхүүгийн сахилга тогтоох, эрсдэл хуваалцахад гадаад банк үүрэг рольтой. ЖДҮ болон ногоон төсөлд гадаад банкуудыг татах талаар ажиллах шаардлага байгаа. Товчхондоо энэ чигээр замын зураг гаргах цаг ирсэн.
Тэмдэглэсэн Ц.БААСАНСҮРЭН
Эх сурвалж: “Өдрийн сонин”

URL:

Сэтгэгдэл бичих