Миний ээж нэг дэвтэр байнга цүнхэлж явдаг юм
Миний ээж нэг дэвтэр байнга цүнхэлж явдаг юм, тэгээд утасны дугаар харах гээд дэлгэтэл ийм зүйлс бичжээ.
1. Хүнлэг сайхан сэтгэлтэй яваарай.
2. Хүний сайнаас өөрийн муу л үргэлж тус болдог гэдгийг л үргэлж санаж яваарай.
3. Ясаа хусаж цусаа шүүсэн ч садан хэвээр шүү муу ч бай сайн ч бай чиний ах ,чиний дүү шүү гэдгийг санаж яваарай .
4. Хүнд тус болсон хүн хойд насандаа бус энэ насандаа гэдгийг сая их өвдөж байхдаа мэдэрлээ. Яг тэгэж өвдөж байхад өөрийн ээж шигээ сувилж хайрласан бэрдээ тун ч их баярласан шүү.
5. Хар санаа атаа хорсолоос зайлж яваарай.
6. Үхсэн хойно үйтэн хуаранд цуглаад, алтаар авс хийгээд ч нэмэргүй шүү, нэг өдөр нэг цаг ч гэсэн сэтгэл амраавал л тэр жинхэнэ хайр шүү.
7. Хүний ядуу нь хүнд тус болдог юм гэж байнга санаж яваарай .
8. Ямар нийгэмд амьдарч байна тэр нийгэмээ л шүтдэг юм шүү гэж аав минь захидагсан, үнэн шүү.
9. Цуглаж инээж цувж уурлаж байгаарай.
10. Орон нутгаа сайн шүтэж яваарай .
11. Аливаа мууг өнгөрөөж сураарай. Нэг хүнтэй ам мурийхад арван өрхийн хүмүүстэй өстөн болдог гэдэг юм шүү.
12. Нохой муучлах хамгийн муу үйл байдаг юм шүү.
13. Хагацашгүй сайн нөхөртөө мартагдашгүй муу үг бүү хэлж байгаарай түүний оронд гэмтэхгүй газар нь цохиод авах нь дээр гэж боддог энэ туулийн үнэн шүү.
14. Зэмэнд хатсанаас зэвэнд хатсан ч болоосой гээд хүний нөхөр урьд цагт уйлж суусан гэдэг, энэ үнэн шүү.
15. Хоолтой айлын хүүхэд хоол голдоггүй юм шүү, хэзээ ч бүү хоол голж шилж яваарай .
16. Арчаагүй анхиагүй арчилж идэж чадахгүй хүн л хоол голдог юм шүү.
17. Ямар ч хүнд сайн санаа сайхан сэтгэлээс өөр юу ч тус болж чадахгүй шүү.
18. Үртэй хүн үрээрээ биетэй хүн биеэрээ гэдэг юм шүү, хүн битгий муулаарай.
19. Гал голомтоо цэвэр авч яваарай.
20. Цайгаа сайн дээдэлж яваарай.
21. Төрсөн газраа шүтэж яваарай.
22. Цайныхаа дээжийг төрийн сүлд, алтан овоо, мөнгөн дэлхий, лус найман аймаг гэж санаж өргөж яваарай.
23. Хуримын хувцас зэхэхээр хурын хувцасаа сайн зэхэж байгаарай.
24. Худал хэлэх хууран мэхлэхийг л цээрлэж яваарай.
25. Хүн амьдралаас л суралцдаг юм . Баяр гүниг бүх зүйлээсээ сургамж авч ойлгож яваарай.
26. Дандаа сайхан зүйл бодож сэтгэж бусаддаа зөвлөж яваарай.
27. Хүнд үнэн санаанаасаа тус болох тун ч багадахгүй шүү.
28. Дээд хүнд ая тал засаж зусардаж бялдуучилж хэзээ ч болохгүй шүү.
29. Тэнхлүүн явахад тэмээ өгснөөс тэвдэж явахад тэвнэ өгсөн нь их тус болдог гэдэг тун ч үнэн үг шүү.
30. Хүн зовоосон хүн тухайлбал хань үр хүүхдээ зовоовол өөдлөхгүй шүү. Хоолоо хийсэнгүй, хогоо цэвэрлэсэнгүй гэж муудалцаад гэр бүл хэзээ ч салахгүй, хар хор, завхай айлгүйгээс л болж болохгүй
бүтэхгүй бүхэн болдог юм шүү.
31. Үр хүүхэддээ сайн талаараа үлгэрлэж , намуун зөөлөн харилцаа, ажил үйлсээрээ үлгэрлэж цаг ашиглаж юухнаар ч юм хийдэг байх хэрэгтэй.
32. Монгол гэрээ сайн дээдлэх хэрэгтэй ядахдаа нар зөв тойроод гарч байгаарай.
33. Үхэх төрөх хоёр адилхан гэдэг, хөл хүнд хүнд туслаж явахыг бодоорой ер нь хүүхэд баярлуулж явах нь л чухал шүү.
34. Мэдэх мэдэхгүй хараалыг бүү уншаарай уурлавал улаан сухай гэж хэлж сур тэр нь үзэсгэлэн төгс мод байдаг юм гэсэн.
35. Багш нараа сайн хүндэлж яваарай. Лам багш эд эрдмийн багш бүгд адилхан шүү.
36. Монгол хүн гэдэг монголоороо л байх хэрэгтэй , ядахдаа бүхэл хоол идэхдээ зөв барьж идэж сураарай. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наанагүй шүү.
37. Хүний ээж гэдэг чинь алтан нарны халууныг алгаараа хааж сэрүүцүүлэх , алиман сарны сэрүүнийг элгээрээ ээж дулаацуулах сэтгэлтэй байж өсгөдөг юм шүү.
38. Хүн чамд хичнээн муу үг хэлсэн ч үргэлж сайн санаж явахыг хичээгээрэй.
39. Баян хангайн бор толгодынхоо халтар хомоолыг ч хайрлаж яваарай.
40. Элсэнд шингэсэн ижийгээ эрээд эрээд нэмэргүй шүү, эргээд нэхэхгүй хайрыг минь эргэцүүлж бодоод ухаараарай .Хүүхдүүд минь..
URL: