“Грэмми”-ийн эздийг тодрууллаа
Америкийн алдарт «Apple» компанийг үндэслэгч Стив Жобс агсанд тус улсын Үндэсний дуу бичлэгийн академийн удирдах зөвлөлийн хүндэт шагналыг нэхэж олгохоор болсон байна.
Тэрбээр дуу хөгжим, телевиз, кино, номыг нийтийн хүртээл болгох техникийг бүтээхэд үлэмж хувь нэмэр оруулсныг АНУ-ын хөгжмийн хамгийн нэр хүндтэй «Грэмми» шагналыг олгодог академи мэдэгдсэн байна. Америкийн домогт шинийг санаачлагчаас гадна уг шагналыг хөгжмийн зохиолч, найруулагч Дэйв Бартоломью, дууны инженер Руди Ван Гелдер нар хүртэх болов. Дэйв Бартоломью бол 1950-иад онд 40 гаруй хит дуу зохиосон рок-н-роллын гарамгай зүтгэлтэн бөгөөд агуу Элвис Пресли, Чак Берри нартай хамтран ажиллаж байжээ. Ван Гелдер нь жаз хөгжмийн мастер Жон Колтрейн, Майлс Дэвис, Телониус Монк нартай хамтран ажиллаж хэдэн мянган бичлэг хийсэн байна. Хөгжим болон дуу бичлэгийг хөгжүүлэхэд амьдралаа зориулсан уран бүтээлчид олгодог «Грэмми»-ийн хүндэт шагналыг энэ онд Америкийн эстрадын домогт дуучин Дайана Росс, «The Allman Brothers Band» хамтлаг болон «Грэмми»-ийн таван удаагийн шагналт Глен Кэмпбелл нарт олголоо.
Росс 50 гаруй жил уран бүтээлээ амжилттай туурвиж, түүний дууны цомог дэлхий даяар 100 сая ширхэг борлогджээ. «Өмнөдийн рок» стилийн «The Allman Brothers Band» хамтлаг нь блюз, кантри, жаз, рок элементийг хослуулж, хосгүй бүтээл туурвидгаараа онцлог аж. Кэмпбелл хагас зуун жил урлагтай холбогдохдоо студийн 70 гаруй цомог бичүүлж, 1967 онд «Грэмми» шагналыг хоёр төрлөөр авч байсан алдартай нэгэн юм.
«Алтан эгшигт хайрцаг»-ийн хүндэт шагналыг төгөлдөр хуурч, гоцлол дуучин, гитарчин Антонио Карлос Хобим, бүрээч Уэйн Жексон, саксофонч Эндрю Лав, жаз хөгжимчин Жорж Жонс, тавдугаар сарын 27-нд нас нөгчсөн гарамгай яруу найрагч, хөгжимчин Гил Скотт-Герон нар хүртлээ. «Грэмми» шагналыг гардуулах 54 дэх удаагийн ёслолын ажиллагаа 2012 оны хоёрдугаар сарын 12-нд болно.
URL: