Хэнтийгээс олдсон гавлын ясыг Хятадууд 80 саяар авъя гэжээ

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутгаас түүх, соёлын дурсгалтай, шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдол бүхий гурван хүрэл тогоо олдсон байна. Эдгээр тогоог тус сумын гуравдугаар багийн малчин Батбаярын хүү Бадмаанямбуу өнгөрсөн хавар олж, улсын сан хөмрөгт тушаажээ. Мөн 2006 онд Хэнтий аймгийн Норовлин сумын Баян-Өлзийт багийн нутаг Салхит гэдэг газраас хүний чулуужсан гавлын ясны нүдний аяганы дээд хэсэг, дух, зулай, дагзны хамт залгаатайгаа олдсоныг тус аймгийн харьяат С.Алтанцэцэг олж ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндоржид хүлээлгэн өгчээ. Тэднийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр өчигдөр хүлээн авч тус бүр гурван сая төгрөгөөр шагнаж, батламж олгосон юм.

Хэнтийгээс олдсон эртний хүний гавлын ясны дээд хэсэг нь Монголын нутгаас анх удаа олдсон дурсгал ажээ. Ер нь ийм төрлийн олдвор дэлхийд нэн ховор олдсон байдаг гэнэ. Энэхүү гавлын ясны тусламжтайгаар хүн төрөлхтөний үүсэл хөгжил, тархалтын түүхийн зангилааг тайлахад ахиц дэвшил гарах нь дамжиггүй юм байна. Дээрх олдворыг манай улсын эрдэмтэн, судлаачдаас гадна Орос, Америк, Францын эрдэмтэд хамтран судалж байгаа ажээ. Зүүн хойд Азийн хойд хэсгээс анх удаа олдсон дэлхийд ховор, хосгүй үнэт дурсгалыг олсон С.Алтанцэцэг “Би 2006 онд зуныхаа амралтаар Хэнтийн Норовлин сумын нутгаас гавлын яс олсон. Анх олоод духны зай нь биднийхээс хамаагүй намхан юм байна гэж хараад нэлээд эртний хүнийх юм болов уу гэж бодсон. Тэгээд шинжлэх ухааны байгууллагад өгч, иргэнийхээ үүргийг биелүүллээ. Дэлхийд ховорд тооцогдох олдвор олсондоо үнэхээр баяртай байна. Анх гавлын яс олоод удаагүй байхад хятадууд хүнээр дамжуулан 80 сая төгрөгөөр худалдаж авъя гэсэн санал тавьсан. Яаж мэдсэнийг бүү мэд. Ямартай ч тэр үед айсан шүү” гэсэн юм.

awrХарин Сүхбаатар аймгийн харьяат Б.Бадмаанямбуу бэлчээрээсээ олсон гурван ширхэг хүрэл тогоогоо аймгийнхаа музейд хүлээлгэн өгчээ. БСШУЯ-ны зүгээс шагнал гардуулна гэсэн учраас хотод ирээд байгаа юм байна. Түүний ээж  Д.Амаржаргалтай ярилцлаа.

-Түүхийн үнэт зүйлийг хэзээ, хаанаас олсон бэ. Ховор олдвор гэдгийг нь яаж мэдэв?

-Миний хүү Б.Бадмаанямбуу өнгөрсөн хавар хонинд явж байгаад гурван хүрэл тогоо олсон. Манайх Сүхбаатар аймгийн Онгон сумын гуравдугаар багийн малчин айл. Анх хараад ерөөсөө харж байгаагүй зүйл болохоор ховор олдвор юм болов уу гэж таамаглаж байлаа. Хавь ойрынхоо хөгшчүүлд үзүүлэхэд огт хараагүй эд байна гэж байсан.

-Бэлчээр дээрээсээ олсон гэсэн. Хээр хэвтэж байгаагүй байлгүй. Яаж олсон бэ?

-Хонио хариулаад явж байтал газраас нэг төмөр цухуйж байсан гэсэн. Тэгэхээр нь хүүхэд юм болохоороо сонирхоод ухсан байгаа юм. Тэгээд л орой гэртээ ирэхдээ тэндээс ийм юм оллоо. Очиж үзье гээд байхаар нь очоод хартал гурван хүрэл тогоо байсан.

-Тэгээд хамгийн анх хаана аваачсан бэ. Хаана хандав?

-Бид хараад юу болохыг нь мэдэхгүй болохоор сумынхаа байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Сумаас цагдаа нар аваад явсан юм шиг байна лээ. Бидэнд ямар ч байсан зохих газар нь хүлээлгэж өгнө гэж байсан. Зун энэ тухайгаа мартсан байна лээ. Харин саяхан бидний олсон зүйл түүхийн үнэт олдвор, улсын сан хөмрөгт тушаасан гэдгийг олж мэдсэн.

-Одоо хаанахын ямар музейд байгаа юм бол. Эсвэл судалгаа хийж байгаа юм болов уу?

-Тэрийг нь мэдээгүй. Ямар ч байсан улс л авсан гэсэн. Хаана тавихаа өөрсдөө мэдэх байлгүй.

С.АЛТАНЦЭЦЭГ Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих