Трамп “Их 20”-ийн уулзалтын үеэр Путинтай хийх уулзалтаа цуцлав

5c008d1214dbe

ВАШИНГТОН. /TASS/. Керчийн хоолойд болсон үйл явдлын улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзахаас татгалзсан байна. Энэ тухайгаа Цагаан ордны тэргүүн “Twitter” хуудсаараа пүрэв гарагт мэдэгджээ.

“Хөлөг онгоцууд болон далайчид Оросоос Украинд буцаж ирээгүй байгаа энэ баримтыг түшиглэн Ерөнхийлөгч Владимир Путинтай Аргентинд хийхээр өмнө нь товлосон байсан уулзалтыг цуцлах нь талуудад бүгдэд нь дээр байх болно гэж би шийдлээ” хэмээн Трамп бичсэн байна.

Өдгөө үүсээд байгаа асуудлыг зохицуулмагц чухал ач холбогдол бүхий Орос-Америкийн дээд хэмжээний уулзалтыг тэсэн ядан хүлээж байна гэж Цагаан ордны тэргүүн нэмжээ.

Трамп “Twitter” хуудсаараа жиргэхээсээ ердөө нэгхэн цагийн өмнө уг асуудалд өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй ярилцахдаа, яг одоогийн нөхцөлд хоёр талын уулзалт хийх нь “маш тохиромжтой цаг” гэж мэдэгдэж байжээ. Тэрбээр мөн үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслахуудаасаа Керчийн хоолойд болсон үйл явдалтай холбоотой нэгдсэн тайлан мэдээг хүлээж авсныхаа дараа шийдвэр гаргана гэж мэдэгдэж байсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих