“Миний Монголын утаанаас бурхан гуйвал бүгдийг нь өг”

Дэлхийн олон орнуудаас хамгийн их утаатай, агаарын бохирдол ихтэй улсаар Монгол тодорчээ. Арга ч үгүй биз дээ. Манайхаас өөр илүү утаатай хот байна ч гэж юу байх вэ. Сүүлдээ агаарын бохирдол, утаа, утаа гэсээр байгаад байнга сонсдог хөгжим шиг болчихсон болохоор дээрх үзүүлэлтэд нээх эмзэглэхгүй байгаа нь харваас илт харагдаж байна. Утаа гээчийг үнэндээ дарга,  цэргээсээ авхуулаад  хажуу айлын Долгор эмээ, Балдан гуайн Банхар ч тоохоо байгаад  удаж байна.  Учир нь Улаанбаатар хотын утаа хэрээс хэтэрлээ. Утаанд SOS зарлая. Утаатай тэмцэхгүй бол 10 төрөлт тутмын 2-3 эндэж, төрсөн нярай заавал нэг эмгэгтэй байна. Утаанаас болоод, урд яваа хүнээ олж харахгүй гэлдэрч явна. Монголчуудын уушиг устаж, өдөр бүр угаарын байдалтай байна. Хүүхдээ хөтөлж биш тэвэрч яв. Хамаг бохирдол метрээс доош байдаг  гэж бичсээр байгаад одоо бараг жилийн бүрийн “Болор цом” яруу найргийн наадамд  тэргүүн байр эзэлдэг шүлгээс ч илүү цээжлэгдсэн гэхэд хилсдэхгүй. Төрөөс хамгийн их утаатай хэдэн дүүргийн хороодыг сонгож аваад, утаатай тэмцэгч зуухаар хангана гэж жил ярьсны хүчинд зарим нь сая нэг олж авсан байх. Заримд нь бүр олдохоосоо өнгөрсөн гэсэн. Тэгээд ч утаа  гаргадаггүй зуух нь байгаад, түлш нь байхгүй юм чинь нөгөө л нүүрс, модоо түлнэ. Тэгэхээр нөгөө л утаа нь ядангаар олгойдох нь гарцаагүй шүү дээ. Нийслэлд хэчнээн хүн амьдардаг билээ. Хэдэн мянган өрх оршин суудаг билээ гээд бодохоор Улаанбаатар утаагүй хот болох цаг нэгэнт өнгөрсөн бололтой. Ингээд бодохоор нээх сайхан дүр зураг харагдахгүй, зөвхөн саарал, сав саарал ертөнц л нүднээ тодхон байгааг  анзаарч байна. Саяхан манай ахын хүүхэд нийслэлийн 46 дугаар дунд сургуульд сурдаг юм. Тэднийд долоо хоног бүрийн нэг өдөр Байгалийн шинжлэх ухааны талаар хичээл ордог байна. Багш нь энэ хичээл дээр байгал эх дэлхийгээ хайрлах ёстой. Нийслэлээ хоггүй байлгах ёстой. Бид анги танхимдаа цэвэрхэн байх ёстой. Агаараа бохирдуулахгүй байх ёстой гэхчлэн зөндөө олон зүйл ярьж өгсөн гэлээ. Дараагийнх нь цаг дээр түүхийн хичээл орж,  багш нь  Модун шанью хааны үүх  түүхийг сонирхуулан ярьж өгчээ. Түүнчлэн түүний хэлсэн “Миний Монголын газар шорооноос бурхан гүйсан ч бүү өг” гэсэн  алдарт сургаалийг самбар дээр тодоос тод, томоос том бичиж өгсөн юм байх. Гэрийн даалгаварт түүхийн сэдэвтэй холбогдуулсан зохион бичлэг хийж ирэхийг багш даалгажээ. Гэтэл жаахан дүүгийн минь дэвтэрт “Миний Монголын утаанаас бурхан гуйвал бүгдийг нь өгнө” гэсэн сэдэвтэй зохион бичлэг байхыг хараад, нэг үг ч дуугарч чадсангүй.

Б.Яруу


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих