“Ард” хэмээх улс төрийн нэрийн утга

ard-750x350

Ерөнхий боловсролын сургуульд  үзэх  түүх, нийгмийн тухай мэдлэг, хичээлийн хөтөлбөрт “харц ард” гэсэн үгийг “феодалын нийгмийн анги бүлгий гзаасан утгатай” гэж тайлбарласан нь монголын феодалын нийгмийн дарлагдагч анги буюу доод давхарга гэсэн буруу ташаа ойлголт түгээсээр байна.

1924,1940 оны үндсэн хуулинд  улс  төрийн  уламжлалт  агуулгаараа тодорхойлогдсон ард хэмээх үгийг анги, нийгмийн агуулгаар мушгин тайлбарласан коммунист түүх бичлэгийн алдаа завхарлыг өнөөг хүртэл дагаж байгаа нь манай түүх бичлэг цэгцрэх яагаа ч үгүй байгааг нотолдог.

БНМАУ гэсэн нэр нь ард гэсэн үгийн язгуур утгыг хадгалагч монголын улс төрийн уламжлалт тогтолцоо, орчин үеийн төрийн онолын нэгдмэл нэгдмэл ойлголт юм. Монголын улс төрийн уламжлалт болон орчин үеийн утга агуулгаар БНМАУ-ын тусгаар тогтнолыг хоёр хөрш нь хүлээн зөвшөөрсөн байхад сурах бичигтээ “ард” гэсэн нэрийн төр ёсны утгыг буруу тайлбарласаар байгаа нь үнэхээр харамсалтай.

Оросын алдарт эрдэмтэн Б. Я.Владимирцовын зохиол бүтээлд: “харц, харлиг, ард хэмээх үгс нь орос хэлний чернь гэсэн хэллэгийн нэгэн адил нийгмийн бүлгийг тэмдэглэсэн жирийн ард түмэн гэсэн утга илэрхийлдэг” (1) гэж тайлбарласан нь тухайн нэр, утга монголын түүх, нийгмийн ухааны салбарт бараг аксиом болон хэрэглэгдэх үндэслэл болсон байдаг.

Тэрбээр феодалын нийгмийн дарлагдагч ангийн нэр гэсэн утга санаагаа лавшруулах зорилгоор “тэднийг боол, мухулай, хятад, залуу, харанард, никун, шивэгчин гэх зэргээр нэрлэнэ” гэсэн нь нүүдэлчдийн төр ёсны нэрийн утгуудыг олж хардаггүй европ боловсролтой хүмүүсийн гаргадаг нийтлэг алдааны сонгодог жишээ юм.

 Ж: Тэднийг боолтой адилтгаж үзсэн нь бодит байдалтай огтхон ч нийцэхгүй юм. Дорнын оюуны соёл ёгт утга, хэтрүүлэг зэрэг элементүүдээр баян бөгөөд яриандаа ёгт утга хэрэглэх нь өгүүлэгчийн оюуны цар хүрээг харуулахаас бус түүний нийгмийн байр суурийг илэрхийлдэггүй. Монголын улс төрийн соёлын уламжлалыг ойлгохгүйн улмаас европын эрдэмтэд үгийн шууд утганд хөтлөгсөнөөр хялбархан будилж төөрөлддөг. Харц хүмүүн эзэн хаандаа “өчүүхэн боол би” гэж хэлсэн төдийгөөр боол нь болчихож байгаа ч юм биш.

Монгол гэсэн нэрэнд багтдаг “оол” гэсэн гурван үсгийг өөрийн биед хамаатуулснаар ердөө төр ёсондоо үнэнчээ л илэрхийлж байгаа юм. Зөвлөлтийн түүхч В.В. Каргаловын “Талын хязгаарт” хэмээх зохиолд: Алтан – Ордны улсын үед орос ноёдын дунд “Өчүүхэн боол би” гэх мэт дорнын ёгт хэллэг өргөн хэрэглэгдэж байсан тухай дурьдагдсан нь монгол ёс уламжлал оросын оюуны соёлд түгэн дэлгэрч байсны илрэл юм. Монголын “Арад”хэмээх нэр улс төрийн утга агуулгын хамт орос хэлэнд нэвтэрч “Арат” гэж тэмдэглэсэн  атал утга агуулга нь цагийн эргэлтэнд гээгджээ. Өрнөдийн төр эрх зүйн онолын ард түмэн гэдэг ойлголтыг нэг улсын иргэний харъяалал бүхий хүмүүс, түүнчлэн тухайн орны нутаг дэвсгэр дээр оршин суудаггүй өөрийн орны иргэд гэсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн утга агуулгаар тайлбарладаг. Нийгэм улс төрийн ерөнхий агуулгаар тайлбарлагддаг ард түмэн гэдэг ухагдахуун бусармаг зорилгоор ашиглагдахад туйлын амархан болохыг XX зууны улс төрийн түүх бэлхнээ гэрчилнэ. Ф. Д. Лессингийн1960 оны Монгол-Англи толь бичигт: “харц- common people, commoner; харчууд- Iaymen; харцас- common people” гэснээр хүмүүсийн хамтын бүлэглэл гэсэн санааг илэрхийлж байгаа нь дээрх анги нийгмийн шинж чанартай тайлбаруудаас арай чөлөөтэй мэт ажиглагддаг. Ард түмэн гэсэн ухагдахууныг нийгмийн нийт хүн ам эсвэл хүмүүүсийн хамтын бүлэглэл гэж ойлгох нь буруу юм. Ард түмэн гэсэн үгийг тайлбарлаж буй хүн ам, иргэд гэдэг ухагдахуунуудыг  бүтэц зохион байгуулалттай холбож бүхий л талаас нь нарийвчлан тодорхойлж үндсэн хуульд суулгахгүйгээр өнөөөгийн бусармаг байдал мөд арилахгүй. Ард гэсэн үгийг монголын уламжлалт албан бичгийн хэлэнд “арад” гэсэн дүрсээр тэмдэглэж ирсэн нь ар тал, мянгад гэсэн хоёр нэрийн нийлбэр мэт санагддаг. Ар гэр нь засгийн албан үүргээр ялгагдана гэсэн утгатай “ар”, мянгадын бүтцийн суурь гэсэн утгатай “ад” гэсэн хоёр үгнээс арад гэсэн  нэрийн дүрс  байдал үүсчээ. С. Шагжийн “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол хэлний тайлбар чандманын эрхи” толь бичигт: Арад хэмээхийг олон хүмүүнийг зааж өгүүлэх үг. Тэр энэ зэргийн арад хэмээн хэлэлцмой. Эдүгээ харц овогт хүмүүнийг ийн хэмээлдмой ” гэсэн нь олон ард гэсэн нэрийн утгыг тайлбарлаад зогсохгүй дотор нь зэрэг тогтоосон болохыг нотолдог. Харин өвөрлөгч Дамдины Монгол хэлний үндсэн үгийн товч тайлбарт: Арад хэмээх нь 1. Улсын эрхт нэгэн 2. Олон түмэн 3. Хуучны харц олон хэмээн тайлбарласан нь улсын бүтэц зохион байгуулалттай  холбон  авч үзсэнээрээ дээрх тайлбарыг бүтцийн талаар илүү тодотгож байна.

Харин олон түмэн гэснээрээ олон ард, түмэн ард гэсэн салбар утгуудыг хооронд нь хольж хутгасан шинжтэй байдаг. Нэр, утгын эдгэээр тайлбаруудыг нэгтгэвэл арад хэмээх нэрийг дээд, доод зэрэг бүхий улсын албан үүрэгтэн хэмээх утгатай гэж үзэж болно. Улсын уламжлалт бүтцийг бүрдүүлэгч элемент болох арад хэмээх нэрийн гарал үүсэл, хөгжлийн үйл явц монголын улс төрийн соёл хөгжлийн ямар өндөр түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Л.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих