Сундуйн Батболд гэдэг улстөрч карьертаа цэг хатгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд уржигдар чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Су.Батболд өргөдөлдөө Ерөнхий сайдтай үл ойлголцож байгаа учраас ажлаас чөлөөлөгдөх нь зөв гэж шийдсэн хэмээн тайлбарлажээ.
Яг үнэндээ энэ бол зүгээр л шалтаг юм. Шалтгаан нь бол тэс өөр зүйл юм. Тэрийг нь Монгол даяараа мэдэж байгаа.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга Су.Батболдтой холбоотой бичлэг гэх зүйлийн талаар өмнө нь УИХ-ын гишүүн байсан эмэгтэй тэргүүтэй хэсэг хүн олон нийтийг үзсэн юм шиг болтол ярьсан. Гэвч тэр бичлэг гээч нь байгаа үгүй нь бүү мэд. Ямартай ч Су.Батболдыг түүгээр сүрдүүлсэн нь лав үнэн.
Нөгөөтэйгүүр уржигдар түүнийг өргөдлөө өгөнгүүт МАН-ын нөлөө бүхий нэгэн эрхэм Су.Батболд руу мессэжээр зураг илгээж, “…Хэрвээ өргөдлөө өгөхгүй бол энэ зургийг олон нийтийн сүлжээнд тавилаа” гэж дарамталсан гэсэн мэдээлэл бас цацагдлаа.
Энэ мэтээр бичлэг, зураг гэсэн асуудал л яригдаад байгаа юм. Ингэж дарамтлаад байгаа нь үнэн байж мэднэ.
Гэхдээ Су.Батболд ингэж чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь шууд утгаараа буруу. Тэр тэсэх ёстой байсан юм.
Су.Батболдын амиа бодсон энэ үйлдэл нь маш олон хар үр дагаврыг дагуулна. Гэр бүл, ах дүү хамаатан саднаас нь эхлээд Монголын улс төрд маш том хар нүх ухаад охиж байгаа юм.
Хамгийн түрүүнд тэр улс төрд тоглож буй багаа “алж” байна. Өөрөө хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй Су.Батболд бол Хотын фракцын, М.Энхболдын л хүн. Саяхныг болтол хотод нөлөөгөө 100 хувь тогтоосоор ирсэн Хотын фракцын нэрийн өмнөөс л Су.Батболд энэ суудалд очсон. Хотын фракц муу нэртэй байж болно. Гэхдээ улс төрд фракц байдаг нь ёс юм.
Тиймээс дээрээ М.Энхболд тэргүүтэй Хотын фракц, доороо Нийслэлийн ЗДТГ-ын газрын дарга нар тэргүүтэй бас л хотын фракцынхны өмнө тэр хариуцлага хүлээж байсан гэсэн үг.
Өнгөрсөн намар Ц.Сандуйг НИТХ-ын даргаас авч хаяад тэр үлдсэн. Уржигдрыг хүртэл Хотын фракцын хот дахь төлөөлөл нь болж байв. Нөгөө талаас Су.Батболд ингэж өргөдлөө өгснөөр үнэн худал нь мэдэгдэхгүй өнөөх бичлэг, зургийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болж байгаа юм.
Ингэснээр гэр бүл, ах дүүстээ ямар нэр хоч авчрахаа тэр тооцоолсонгүй. Товчхондоо, үлдэх нэрэндээ томоос том хар толбо наачихлаа. Үр хүүхдүүд, эхнэр нь яах вэ. Нутаг усандаа нэр хүндтэй ах дүүс нь яах вэ. Су.Батболд тэднийгээ бодсонгүй.
Үүнээс гадна Су.Батболд өргөдлөө өгсний хамгийн том аюул нь Монголын улс төрд өрсөлдөгчөө бичлэг, зурагаар далайлган сүрдүүлж замаасаа зайлуулдаг жишгийг тогтоож өгч байгаа юм.
Хараад байгаарай, цаашид ийм муу аргаар мөн ч олон хүнийг албан тушаалаас нь хөөнө дөө.
Унь Су.Батболдын их улс төрд амьдарсан 16 жилийн туршлага нь ийм өргөдөл өгөхгүй байх хатуужлыг өгсөн байх учиртай юм.
Тэрээр энэ дарамт шантаажийг тэсээд гарсан бол улс төрийн баг нь, ойр дотныхон нь нэр цэвэр үлдэж, хамгийн гол нь Монголын улс төрд муухай жишиг тогтохгүй байсан юм. Тэр тэсэх л ёстой байв.
Хэдхэн хоногийн өмнө “…Битгий гүтгээд бай, гүтгэлгээ зогсоо”, “…Бичлэг байгаа бол гаргаад тавь” гээд цод цод хийгээд байсан нь өнөөдөр хаачив.
Яг үнэндээ тэр экс гишүүн эмэгтэй, нэг сайд, бас МАН-ын том албан тушаалтнуудын сүрдүүлээд байгаа бичлэг, зураг бол юу ч биш. Яс юман дээрээ гараад ирсэн ч хүний эрхийн л асуудал шүү.
Ямар нэг зөвшөөрөлгүйгээр хүнийг тагнаж чагнаж, хувийн нууцыг бусдад дэлгэхэд оноодог ял, өгдөг шийтгэл бас Монгол Улсын хуульд бий гэдгийг нөгөөдүүл ч, нөхөр Су.Батболд ч мэдэж байх ёстой.
Өнөөдөр бид XXI зуунд амьдарч байна. Ёс суртахуун, хариуцлагыг хувь хүний эрхээс ялгаж салгаж сурах ёстой.
Тиймгүйгээс Су.Батболдын өргөдлөө өгч, онгойлгосон шантаажны хар нүх рүү мөн ч олон албан тушаалтан ойчно доо. Ийм л үр дүн гарна.
Юутай ч Сундуйн Батболд гэдэг улстөрч өөрийнхөө улс төрийн карьерт ингэж цэг хатгачихав.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХҮН БОЛГОН ШАХУУ ШАТАР НҮҮДЭГ.ГЭХДЭЭ БҮГД ХОЖДОГГҮЙ. ЯАЖ НҮҮСНИЙГ НЬ ХАРЖ Л БАЙЯ.