Өнөөдөр бол бүх нийтээрээ хичээх өдөр

15434609185bff58361c97a

Манай улс зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолой, үйлдлээр дамжуулан зам тээврийн ослын хор аюулыг таниулах зорилгоор “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, ар гэрийн дуу хоолойг олон нийтэд хүргэх өдөр”-ийг зохион байгуулаад 5 жил болж байна.

Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жилд 1,3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн бэртэж гэмтэж байгаа бол Монгол улсын 3,8 сая хүн ам жил бүр 500 гаруй иргэдээ зам тээврийн ослын улмаас алдаж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын аюулыг бууруулах, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах, зөрчлийн улмаас зам дээр амь насаа алдсаны дараа хүндэтгэл үзүүлэх биш амь насаа алдахаас нь өмнө урьдчилан сэргийлэх үндсэн зорилготой бөгөөд энэ жил Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран “Хичээх өдөр” уриан дор өнөөдөр /2018.11.29/ улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөнд оролцогч та дүрмээ биелүүлж, бусдыгаа хүндлэн сахилга, соёлтой хөдөлгөөнд оролцвол өдөрт 1-2 хүн амь насаа алдаж, 15-20 хүн бэртэж гэмтэж байгаа байдал буурах боломжтой юм. Иймээс та бүхнийг энэ өдөрт бүх нийтээрээ нэгдэхийг уриалж байна.

Мөн энэхүү өдөр болон ослын хор аюулыг олон нийтэд таниулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, үүрэн телефоны операторууд, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран ажиллаж байна.

 “Хичээх өдөр”-өөр Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож, цагдаа, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албанаас дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх, Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид бүрэн бүрэнлдэхүүнээрээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчлах, хяналт тавих мөн осолд холбогдол бүхий эвдэрч хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд ослын хор уршгийг сэрэмжлүүлэх юм.

 Мөн аймаг, орон нутаг, дүүргүүд дэх Засаг Даргын Тамгын Газрын ажлын албаны ажилтан, алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан залуус гудамж замд хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцох талаар уриалж жагсах юм.

Бид эргээд энэ өдрийн үр дүнгийн талаар маргааш /2018.11.30/ олон нийтдээ мэдээлэх болно.

Зам хөдөлгөөнд оролцогдоггүй хүн гэж үгүй учир бүгдээрээ хичээж эерэг зөв үйлдлээрээ нэг нэгнээ хүндэлж, үлгэрлэж энэ хүсээгүй төмөр хүлгийн дайныг хамтдаа бууруулж, зогсооцгооё гэж Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.


URL:

Сэтгэгдэл бичих