Сум Н.Дашзэвэгийн дүү хонгио Х.Тэмүүжин гэж сайн эр төрлөө

- Үймээнд 998 хүн оролцсоны 715 нь сонгуульд оролцоогүй баримт бий -

Одоогоос хэдэн жилийн өмнө буюу 1996-2000 онд манай УИХ-д “сум” хэмээх хочит Н.Дашзэвэг гишүүн сууж байв. Тухайн цагийн саарал ордонд морилж байсан эрхмийн үүднээс нэг сум олджээ.

Байлдааны зориулалтын гээд байгаа шүү. Н.Дашзэвэгийн үүдэнд сум тавиад явж байдаг ажлаа алдсан хэн ч байсан юм. Нөгөө талд шинийг санаачилж сэдэх, хийх арга дүй дутсан хувь гишүүний жирийн нэг пиар ч байж болно шүү дээ.

Харин өнөөдрийн парламентад “хонгио” Х.Тэмүүжин гэж нэг шилийн сайн эр тодров. Хаанаас ч олсон юм хэдэн хонгио уутанд хийж бариад удаан хугацаанд тэнэлээ. Уг нь УИХ-ын гишүүн хүнд хууль санаачлахаас эхлээд зөндөө ажил баймаар санагдах юм.

Бас л “хонгио” дүү нь “сум” ах шигээ санаж сэдэхээрээ маруухан нэгэн бололтой. Ямар сайндаа л хэдэн хонгио уутанд хийгээд энд тэнд явж байхав дээ. Сүүлийн үед өнөөх хонгионуудаа байн байн л үзүүлэх боллоо. Бодоход хийсэн бүтээсэн зүйлээр маруухан нөхөр арга ядсан пиараа хийж яваа нь энэ байх. Аргагүй дээ, өнөөх Ц.Нямдорж сайдын хэлдгээр боловсрол нимгэнтэй, өнөөх “хэний” хэлдгээр солих “гонж”-ноос өөргүй нөхрийн хийдэг ажил юм чинь.

Уг нь бол өнгөрөгч сонгуулиас үүдэн гарсан “долдугаар сарын 1″-ний хэмээх үймээний эздийг тодруулах гэж зүтгэж яваа төрийн түшээгийн зүдэрсэн царайг харуулах гэсэн л хэрэг. Сүүлдээ энэ нь “муу эрд халдага дараа” гэгч болж, сонгогч олон “энэ Тэмүүжин ёстой хийх ажилгүй нөхөр юм аа. Хэн үүнийг мөрд гэж даалгасан юм бол. Бүхэл бүтэн мөрдөн байцаах газар, хар мянган цагдаа байхад энэ л дутаж гэнэ” гэх зэргээр сөрөг пиар болж хувирч байгаа нь нэн харамсалтай. Огт оноогүй зүйлийг олон удаа давтахаар ийн улиг болдог л доо.

Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсад шүүх, прокурор, цагдаа гээд бүх л шатны байгууллага бий. Гэтэл УИХ-ын нэг гишүүн энэ бүх ажлыг хийх гээд улайраад яваад байгаад хэн ч гэсэн дургүйлхэх байлгүй дээ. Шүүх цагдаагийнхан ч дургүй л байгаа. Шуудхан хэлэхэд Х.Тэмүүжин шүүх цагдаагийнхныг хэн ч биш гэж үзээд байна л даа. Тэгээд ч Х.Тэмүүжингийн яриад байгаа юманд үнэн зүйл байхгүй гэхэд болно.

Цагдаагийн өдрийн тэмдэглэл гэж юугаа ч яриад явдгийг ёстой ойлгох юм алга. Уг нь бол 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд 998 хүн оролцсон гэсэн баримт бий. Ажлын хэсгийн дүгнэлтээр тэдний 715 нь сонгуульд саналаа өгөөгүй гэдэг нь батлагдсан зүйл.

Тэгэхээр сонгуулийн үр дүнд бухимдсан хүмүүс тэнд цуглаагүй гэдэг нь тодорхой. Тэр ч бүү хэл 220 хүн нь урьд өмнө нь эрүүгийн ямар нэгэн хэрэг өдүүлж байсан нөхөд байгааг ч баримтаар нотолчихсон. Энэ талаар тодорхой албан баримтыг ажлын хэсгийг ахалж байсан Ө.Энхтүвшин даргаас лавласан ч тодорхой байж байгаа. Энд ганц нэг хүний эрх ашиг ч алга.

Ажлын хэсэгт ажиллаж байсан 10 хүний гарын үсэгтэй Хүний эрхийн комиссын дүгнэлт, олон нийтийи байгууллагын дүгнэлт ч гарсан байна лээ.

Ийм байхад Х.Тэмжүүжин хаанаас ямар эзэн холбогдогч хайгаад ингэж үйлээ үзэж явдаг байна аа. Ямар сайндаа л “сум”-ын дүү “хонгио” нэр зүүтлээ явах вэ дээ. Угаасаа хууль тогтоох байгууллага, шүүх цагдаагийнхан эцсийн байдлаар хариу өгөөгүй байхад хаанаас ямар нотлох баримт гээд нэг дэвтэр бариад яваад байгаа юм бол. Цагдаагийнхан одоо энэ “хонгио”-гоо шалгамаар юм.

Шүүх цагдаагийнхан ямар нэгэн хариу өгөөгүй байхад хуулийн байгууллагын ажилд хошуу дүрж яваа энэ эрхэмд их учир байна шүү. Хошуу биш, бүр хуруу дүрчихсэн юм биш үү, нотлох баримт гээд нэг зүйл бариад яваад байгааг нь шалгаач ээ.

Нөгөө талд Х.Тэмжүүжинтэй дөрөө харшуулаад долдугаар сарын 1-ний тухай яриад байгаа “Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо”-ны тэргүүн Ж.Алтангэрэл манай сонины мягмар гаригийн дугаарт өгсөн ярилцлагадаа “Тэмүүжин гэнэтхэн халааснаасаа сум гаргаж ирээд яриад байгаа нь учир дутагдалтай. Гэнэтхэн хонгио гаргаж ирээд ойлгомжгүй зүйл ярихаар цагдаа хүн бууджээ гэсэн ойлголт нийгэмд бий болж байна л даа.

Үүний цаана улстөрийн эрх ашиг нуугдаж байгаа. Хуулийн хүн хуулиа зөрчөөд мэдээлэл цацаад байгааг ойлгохгүй л сууна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шоу, эсвэл улстөр хийж өөрийн нэр төрийг өсгөх гэж байна гэсэн бодол төрж байна” хэмээсэн. Мөн түүнчлэн Ж.Алтангэрэл “Тэмдэглэлд нэр дурдагдсан цагдаа нар “энэ бол зүй бус хэрэг гэж манайд хандсан. Тэд өөрт нь ч ил захидал илгээсэн” гэж ярьсан. Бүх зүйл ийм тодорхой байхад Х.Тэмүүжин шоугаа өөрчлөх хэрэгтэй болж байна. Энэ мэт шоу газар авахаа больсон гэдгийг мэдмээр юм даа.

Ерээд оны эхэн дунд үед бол нийгэм энэ мэтийг дагаад хошуурч мэдэх байлаа шүү, Тэмүүжээн. Хамгийн гол нь тухайн үед үймээний гол дүрд тоглож байсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарын тухай ч нэг ч дурдахгүй байгаа юм. Тус үймээн гардаг 2008 оны долдугаар сарын 1 -ний өдрийн 14.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар хэвлэлийн хуралтай гэсэн зарын дагуу сэтгүүлч миний бие очиж байсан.

Тэгэхэд Б.Жаргалсайхан ганцаараа ирж өнөөх хоёр нь ирээгүй юм. Тиймээс сэтгүүлчид хамт ирэх ёстой хоёрыг нь сураглахад Б.Жаргалсайхан “Ж.Батзандан Сонгуулийн ерөнхий хорооны үүдэнд жагсаал байгуулж байгаа. Харин О.Магнай МАХН-ын байрны үүдэнд жагсаал зохион байгуулахаар хүн амьтантай уулзаад явж байгаа.

Би энд хэвлэлийн хурал хийлгэчихээд гурван талаасаа МАХН-ын байрны үүдэнд уулзана. Энд л яадгийг нь харна” хэмээж байсныг яагаад дурдахгүй байгаа юм. Б.Жаргалсайханы хэлж байсан энэ үг сонин телевизийн архивт хадгалагдаж байгаа, үзсэн ч болно.

Уг нь бол “сум”-ын дүү “хонгио” үнэхээр л энэ хэргийн үнэн зөв эсэхийг өөрөө тодруулах ёстой юм бол арай өргөн агуулгаар нь авч үз л дээ. Хоосон хонгио шиг хоосон исгэрч болохгүй биз дээ. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд Х.Тэмүүжиний ар талд шал өөр сонирхол нуугдаж байна гэхээс өөр арга алга.

С.Ууганбаяр

Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих