Экс сайдууд “дээлээ нөмрөх” үү?
Он удаан жил шалгагдаж байсан хэрэг прокурорын шатанд замхарч хэрэгсэхгүй болгодог гэх ойлголт бий. Тэгвэл энэ удаад сайд асангуудад холбогдох хэрэг замхарч алга болсонгүй, харин шүүхээр орохоор болжээ.
Хэдхэн хоногийн өмнө Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан олны анхаарал татсан зарим хэргүүдийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байгаа талаараа мэдээлсэн.
Тодруулбал, Ардчилсан намын эрх барьж байх үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас харьяалах шүүхүүдэд шилжүүлж эхэлжээ.
Прокурорын газраас Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын “Монроуд” компанид давуу эрх олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан хэмээн үзэж буй аж.
Мөн Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг улсад 150 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэдгийг шалгаж тогтоожээ. Ийнхүү Ардчилсан намын үед эрх барьж байсан сайд асангуудыг шүүж дээлийг нь нөмрөх вий дээ.
Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэдэг.
Түүнийг УИХ-д байх хугацаандаа улсад 46.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. Тодруулбал түүний хамтаар төрсөн хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг хамтад шалгасан байдаг.
Тэрбээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон юм.
Тэгвэл энэхүү авлигын хэргийг шүүх удахгүй дэнслэх нь тодорхой болов.
Оллоо.mn
URL: