Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрихтэй уулзалт хийв

1543454258_1543453402_c027994a6b402b194127aa75b4984f27
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар ОХУ-д ажлын айлчлал хийж, “Тээврийн долоо хоног-2018” олон улсын форумд оролцоод ирлээ. Хоёр улсын сайдууд зам тээврийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, хамтран хэрэгжүүлсэн ажлуудаа харилцан дүгнэж, цаашид хэрэгжүүлэх дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн асуудлыг хөндөн ярилцсан байна.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Монгол, Оросын хоёр талын харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлоод энэ хамтын ажиллагаанд зам, тээврийн салбарын харилцаа онцгой байр суурь эзэлж, эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Энэ оны зургаадугаар сард хоёр тал удаан хугацаанд хэлэлцэж ирсэн “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн нь зөвхөн тээврийн салбарын төдийгүй хоёр орны харилцаанд томоохон ахиц гаргасан үйл явдал болсныг цохон тэмдэглэлээ.
 
Хоёр орны агаарын тээврийн салбарт ч тодорхой ахиц гарч хоёр талын агаарын тээвэрлэгчид шинэ чиглэлүүдэд нислэг үйлдэж эхэлсэнд талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн “Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрт” хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх, гурван улсыг дамнасан авто тээвэрлэлтийг ойрын хугацаанд эхлүүлэх бэлтгэл ажлыг идэвхжүүлэхээр тохиролцсон байна. Уг хэлэлцээр нь зөвхөн гурван талын хүрээнд төдийгүй гуравдагч орнуудтай худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, авто тээврийн хамтын ажиллагаанд үр өгөөжөө өгнө гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар тэмдэглэсэн юм. Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд “УБТЗ”-ын ачаа тээвэрлэлтийн тоо хэмжээ тогтмол нэмэгдэж энэ онд 25 сая тонн тээвэрлэж байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 17 хувиар өсчээ. “УБТЗ” ХНН-ийн цаашдын тогтвортой хөгжлийг хангах, өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангах зорилгоор “УБТЗ” ХНН-ийн суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, төмөр замын шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Я.Содбаатар сайд онцлосон юм.
 
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Москва хотноо зохион байгуулагдсан “Тээврийн долоо хоног-2018” арга хэмжээнд оролцож, “Тээврийн нэгдсэн тоон систем” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцлоо. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын тээврийн салбарт явагдаж буй тоон систем, тээврийн ухаалаг нэгдсэн системийн ололт, бэрхшээл, цаашдын хөгжлийн төлөвийн талаар хэлэлцэж, Евразийн бүс нутагт бусад хөрш, түнш орнуудтай хэрхэн уялдаатай, тээврийн нэгдсэн системээ хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцэв. “Тээврийн долоо хоног-2018” форум нь ОХУ-ын Тээврийн яамнаас жил бүр зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ юм. Энэ үеэр тээврийн нэгдсэн ухаалаг систем, агаарын тээвэр, төмөр замын тээвэр, авто тээвэр, авто замын салбарын хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, шинэ техник, технологийг дэлгэн үзүүлдэг хамгийн том үзэсгэлэн форум юм.
 
Зам, тээврийн хөгжлийн яам

URL:

Сэтгэгдэл бичих