Н.Дэлгэржаргал: Онжав

15432829595bfca10f998c7Заль Гэндэнгийн ганц хүү Донров багадаа морины сайныг унаж дээлийн шинийг өмсөж хар багаас аавын цээж оргин айлын нохой шуугиулан өссөн дураар нэгэн байж билээ. Харин Батсүх бол сумын зарлага Ажваа өвгөний галын зээ. Аав нь ухаан суух цагаас нь нилээн өмнө багад нь өнгөрч эхийгээ даган, өнчин дөрвөн охин дүүгээ дагуулсаар өвөөгийндөө амьдрахаар ирсэнээс хойш Ажваагийн бор хэмээн нэрийдсээр бага насаа өнгөрөөсөн хүн юм. Арван найман нас хүрч цэргийн зарлан ирэхэд малиндуулсан морь шиг л үзлэгээр тэнцсэн харчууд улаан туг дэрвүүлсэн монхор ногоон гучийн задгай тэвшин дээр зээглэн зогсож, сумынхаа төвийг нар зөв гурвантаа тойрон, цэрэгт мордсоноос хойш даруй хорин жил өнгөржээ. Сумандаа өнгө мөнгөөрөө гайхуулан тэлчилж байсан Донров, цэргийн албаны хэсэгхэн хугацааг жагсаалын нэг муу гоожуур байсаар дүүргэж билээ. Ажил сураагүй, хүнтэй нийцгүй, адайр хэгжүүн зантай түүнийг дээрэлхэх дарах хүн захаас аван таарна. Харин “Өнчин хүнд ноён олон шүү. Даруу, даруулгатай хүнд, хэн хүнгүй талтай байдаг юм” гэсэн өвөөгийн үгээр хүмүүжиж, өрөөсөн тавилантай үлдсэн эжий, хэдэн өнчин охин дүүдээ нэмэр болох гэж хэр чинээндээ махран зүтгэж явсан Батсүхэд алба хаасан гурван жил найз нөхөд, нэр хүнд гээд чамгүй зүйлийг өгсөн сайхан жилүүд болон үлджээ.
Хорин жилийн дараа уулзсан нутгийн хоёр өнөөдөр Донровын гэрт очиж ганц юмны бөглөө мултлангаа цэргийн гурван жилээ дурсан суугаа нь энэ юм.
- Би ч уг нь цэргийн албаа гүйцээсэн бол баараггүй жа болох байсан юм. Даанч заяа минь тэр юм даа. Харин чи чинь жанжин болохоо шахаад байсан хүн дээ хэмээн Донровыг тоглоом тохууны завсраар хэлэн хихи хэмээн инээхэд Батсүх
- Хн жаа гэдэг чинь мань мэтийн малаас өөр юмтай ярьж үзээгүй, сумаас өөр газар явж үзээгүй бүрхэг хүнд томдохоор хоч байсан даа. Харин ч гоожуураас доор юм болоогүй нь их юм гээд л бодож явсан нь дээргүй юу чи хэмээн хариу мөчөөгөө өгсөнгүй.
- Хэ цэс тэр хэдэн жилд жагсаал толгойлно уу, шороо хормойлно уу ер нь хэнд хамаатай юм. Амьдрал угаасаа хүнийг хэн байхыг цаанаасаа заагаад өгчихдөг юм. Чиний тэр жа болох гээд сагаж байсны чинь хэрэг тэгээд одоо гарч байна уу. Зальхай Гэндэнгийн жаатай Донров гэж яригдахаас Ажваа хөгшний жаатай бөөс ч гэж дуулдахгүй л байгаа шүү гэж шүлсээ үсчүүлэн нүд рүү нь чичих Донров тэр жилийн нэгэн явдалд өдий хэр нь юм санаж явсаар байгааг илтгэнэ.
Карантины хугацаа дуусаж шинэ цэргүүд хуваарилагдсан анги руугаа явахад Донровыг аав нь хол газар очвол эргэж тойроход хэцүү хэмээн дарга цэрэггүй гүйсээр хотын барилгын ангид хуваарилуулахдаа нутгийн хүүхдүүд нэг дороо байх нь хэн хэндээ түшигтэй хэмээн Батсүхийг мөн хамт явуулжээ. Очиж очиж барилгын цэрэг байхдаа яахав дээ хэмээн дургүйцэж байсан Донровыг бодвол Батсүх нэг талаас хот орон газар үзэх, нөгөө талаас мэргэжилтэй болоод харих хоёр нь олдошгүй завшаан мэт санагдан баярласныг хэлэх юун. Хөдөө газар морь малтай ноцолдож өссөн залуусд шавар зуурах, тоосго зөөх нь гарын чилээ гаргахаас хэтрэхгүй мэт. Харин ч бие нь задгай сайхан тавирч, хөл гар нь чангарч ёстой л нэг эр хүний шинжийг олж эхлэх нь тэр. Өнөө муу Донров л өдөр ирэх тусам ажлын хүнд, хоолны ногоонд цохиулан нэг л доожоо муутай явах боллоо. Тэгснээ бас болоогүй ээ нутаг нуга гээд хөөргөн Батсүхийгээ өөрийнхөө өмнөөс норм гүйцээлгэчих ухаантайгаа явсан боловч, өмнөх оны хал цэргүүдээр өдөржин мануулж байгаа хүмүүст энэ нь анзаарагдалгүй яахав.
Нэг өдөр салааны жаа хэмх Баянаа хэмээх хал цэрэг Донровыг дуудсанаа
- Чи хө адилхан он жаваа зардаг яасан зальтай новш вэ. Цэрэг гэдэг чинь зэрэг хөдлөнө гэсэн үг гэдгийг мэдэх үү үгүй юу. Яахаараа чам шиг гоожуур хүн зардаг юм. Үүнээс хойш чи нэг сар нугынхаа нормыг өөрийнхтэйгээ барна шүү. Хэрвээ тэгэхгүй бол яахыг мэдэж байгаа биз дээ хэмээв.
Ангийн дөрвөн ротын жаа нар дотор хэмх Баянааг дийлэх аавын хүү байдаггүй гэлцдэг. Түүнээс банга авсан байлдагч хэлсэнийг нь л хийхгүй бол төгсгөлгүй шийтгэл хүлээдэг нь ёс. Донров түүнээс хойш бүтэн сарын хугацаанд ёстой л шар махтайгаа хатах боллоо. Батсүх өөрийн ажлаа хийх боловч түүний хийсэнтэй яг ижил хэмжээний ажлыг Донровт нэмж өгөх тул “ Ажлын хэнээтэй гуйлгачин чинь үлийгээ хийгээд ингэж махраад байдаг байнаа” хэмээн хий л дотроо санахаас бус бас ч гэж хүнд дарамтлуулж буйгаа мэдэгдэхгүйг хичээн, санаагаа хэлчих сачий хүрэхгүй явсаар арваад хонолоо. Эцэс туйлдаа хүртэл ядарч цөхрөнгөө барахдаа, тэрээр Батсүх өвдчихдөггүй юм байхдаа гэж хүртэл боддог байв.
Нэг өдөр барилгын хүлээлгэж өгөх хугацаа тулсан тул шөнө ажилла гэсэн тушаал дээд газраас ирлээ. Үдшээр ирсэн цементийг зөөж хураах даалгавар авсан Батсүх, Донров хоёр пургисан шороонд будагдаж, зэгэлтсэн саарал болтлоо зүтгэж зөөж гарав. Арай гэж авчирсан шуудайтайгаа хураалттай цементэн дээр хаячихаад салгалсаар машин руу очсон Донров гарт ойр байгаагаа таттал машины тэвшин дээр өрөөтэй байсан цемент нураад дээрээс нь ороод ирэв. Хүүе гэхийн завдалгүй нуран ирсэн шуудайтай цементүүд газар унасан нь хагарч бөөн саарал тоос манарч хэсэгтээ л юм харагдахаа болилоо. Хэсэг зуур тоос намдахыг хүлээж байгаад хартал Хэмх Баянаа шуудайтай цементэнд даруулан газар хэвтэж харагдана. Салааны хэдэн цэргээ эргэх санаатай ирсэн Баянаа яг тэр агшинд машины тушаа ирж таарсаныг Донров анзаарсангүй. Хүнд юманд даруулсан Баянаа ёстой л хэмх болтлоо бэртжээ. Нуруу нь хугарч, хавирга нь уушиг руугаа хавж орсон тэрээр арай ядан амьсгалан хэвтэнэ. Донровын араас ирж явсан Батсүх
- Ээ бурхан минь. Болох оо байлаа. Хүн дуудаарай гэсээр хол хол харайлган ирж Баянааг тэврэн авав. Донров хэсэг зуур дүйнгэтэн зогссоноо
- Би хүн алчихлаа хэмээн орилж, тэгснээ багын нэг муу явуургүй ухаан нь дотроос нь хатгав бололтой
- Сүхээ минь би одоо яах вэ. Намайг ингээд шоронд яваад өгвөл муу ээж минь сүйд болох байхдаа. Хүний ганц хүү гээд амиа тавьдаг хүн бүүр өнгөрнө. Яах вэ гэсээр Батсүхийг тэврэн гонгинож гарав.
- Чи чинь юу яриад байнаа. Одоо чинь ингэж өөрийгөө бодох цаг мөн үү. Бушуухан хүн дуудаач гэж Батсүх түүнийг түлхэхэд Донров хөл доор нь үхлүүт хүн байгааг ч тоосон шинжгүй түүнээс зууралдан байсаар
- Чи л намайг авар. Муу эцэг эхийн буян байна. Ядарсан ээжийг чинь хэдэн дүүтэй чинь насаараа харж үзэхээ амлая. Амьтан хүн ирэхээс өмнө за гээд хэлчих л дээ. Чамайг бодвол би чинь гарын ая, хөлийн хүч даахдаа муу хүн ш дээ. Чи намайг ганцхан удаа л бодчих л доо гэж уйлан зуурсаар байв.
- Нутгийн нэр бузарласан арчаагүй муу амьтан бэ. Юу ч болоогүй, юу ч эхлээгүй байхад арьсаа хамгаалах юмаа бодож байдаг арилсан дотортой мал юм даа чи хэмээн барагтай муу үг амнаасаа унагаадаггүй Батсүх байдаг муу үгээ түүн рүү чулуудсанаа
- Би худлаа хэлж чадахгүй ээ. Харсанаа л хэлнэ. Хариуцлага үүрэх юм бол хамт л үүрнэ. Эр хүн шиг байгаач чи гэж Донровтой зууралдан байх үед тал талаас хүмүүс цуглан төдөлгүй түргэний машин ч ирэн Баянааг аваад явлаа.
Хөөрхий муу Баянаа нилээн удаан эмчлүүлсэн боловч нэг насаар суунги хүн болон цэргийн албанаас халагдахаас хэдхэн сарын өмнө гэрийн зүг одлоо. Хайхрамжгүй, хариуцлагагүй ажиллаж хүн бэртээсэн гэж Донров сахилгын арга хэмжээ авагдаж цэргийн шүүхээр зургаан сарын хугацаатай хоригдох шийтгэл авч түүнийхээ дараа нутгаа зорьсон юм. Батсүх хэдий сахилгын шийтгэл авсан боловч арай ч халагдсангүй эр цэргийн албыг гүйцээн хааж гурван жилийн дараа нутгаа зорин ирэв.
Цэргээс халагдсан эрс нутгийн хөгшчүүлд нэр төртэй алба хааснаа мэдүүлэх, бас ч гүй хэр зэрэг эр болсноо харуулах бичигдээгүй заншлаар нутгийн айлуудаар орж мэнд мэдэж найр наадам үүсгэсээр нилээн хэд хоносны дараа заль Гэндэнгийнд очлоо. Босго даван оронгуут Гэндэнгийн эхнэр сүүжин ээмгээ санжигнуулан ухас хийн босож
- Хүүе цэргийн хүүхдүүд ирлээ. Та нарын сураг сонсогдоод л байсан юм. Хэзээ манайхаар ирэх нь үү гээд эгч нь тогоо тавиад хэд хонолоо. Сайхан эрс болжээ. Манай хүү ч яахав. Эрх зантай бэрх хүн юм болсон хойно та нарыг ирсэн сургаар бодвол гөжүүдэлж байгаа юм байлгүй төв рүү явчихсан. Тэртэй тэргүй уулзах хүмүүс юунд ингэтлээ нүүр буруулах вэ дээ. Аль алдаж онохыг хэлэх вэ дээ гэсээр тогоо шанагаа хангинуулж гарлаа.
Хоёр усаар авсан нэрмэл дээр хоршооноос авсан хорзыг нэмж хүртсэн эрс нилээн дуу чангарч эгчийн гуйсан ёсоор дуу эхлүүлэн найр үүсгэн байтал Гэндэн өвгөн ч адуунаасаа ирэв.
Тэрээр их л янз муутай Батсүх рүү харж сууснаа
- Чи хө цэрэгт яваад овоо юм суржээ дээ. Хамт явсан нэгнээ хэрэгт түлхээд өөрөө мултарах сайхан байна уу гэж палхийтэл хэлэв.
- Гэндэн гуай та юу ярина вэ. Би ч бас адилхан л алдсан хүн шүү дээ гэхэд
- Алдсан байтлаа миний хормойноос унасан нь торонд орж, чи торойгоод гараад ирэх үү. Хамт л байсан гэх чинь билээ. Дуугүй царайлчихаад чи бас хүн муутай золиг байна шүү. Манай өнөөх яахав. Ам задгай, зүрх муутай хүн олон юм ярьж байж өөрийгөө хэрэгт хийсэн гэх чинь билээ. Дуугүй явсан нь хождог хорвоо ч гэлээ чам шиг дуугүй байгаад байвал бүүр монждог хорвоо юм байна л даа гэв. Гэрт ирсэн залуус бүгд дор бүрнээ дуугаа хураан дэмий л дороо шуухитнажнааж байх үед Батсүх хэсэг чимээгүй сууж байснаа
- За би ч мордъё доо гэсээр үүд рүү зүглэвэл Гэндэн
- Тээр санаа муутай хог одоо хүртэл ганц үг алдахгүй байна шүү. Ингэж гүрийсээр байгаад хэрэгт чихээ л дээ гэсэн үгээр түүнийг үдлээ.
Батсүх тагнайд амтагдах амны гашланги мэт ийм муухай үгийг очиж очиж Гэндэн гуайгаас сонсоно гэж төсөөлсөнгүй. Хайрлаж, хүндэлж явдаг нутгийн хөгшнөө өөрийг нь ингэж бодож байсанд тэр үү , уг нь хөндлөнгийн учрыг нь сайн мэдэх хүмүүс харвал нохой ч тоож шиншихээргүй үгэнд л аюулхай нь хорсож самсаа нь шархиравч, эр хар нулимсыг барагтай бол унагааж яваагүйн шийр заан тэвчсээр хэдэн гүвээний цаана байх бор гэрийн зүг зүрхэндээ дааж ядсан бул хар чулуу тээсээр явж билээ.
Түүнээс хойш удалгүй сурсан эрдмийн хэргийг гаргахаар, охин дүү нар нь ч түрүүчээсээ оюутан болсонд хань болох гэж хот бараадсан Батсүх хорин жилийн дараа нутаг нугаа зорин ирсэн нь энэ юм. Донровтой уулзах хүсэл ч дотор нь байсан. Гэндэн өвгөний чулуудсан үг зүрхнээс нь салахгүй нэг л тээртэй санагдах боловч Батсүх багын андыгаа санагалзан гэгэлзэх ажээ.
Донров матмал модон сандал дээрээ ганхан сууж түүн рүү согтуу нүдээр жийхайлган харж байснаа санаа алдан
- Би дуулсаан. Аав минь чамд мөн ч хатуу үг хэлсэн байна лээ. Тэрхэн үедээ болж муу хог гэж боддог л байлаа. Одоо нас яваад тэр үү ухаан сууж байгаа юм байлгүй чамд биш надад хэлсэн юм байна гэж бодогдоод сэтгэл өвдөөд байдаг болсон. Үнэндээ чи ямар ч гэмгүй шүү дээ. Эр хүн эр хүндээ хайртай гэж л явдаг хүн. Би мэднээ чамайг. Сайн хүн гэдэг сайхан л амьдрах тавилантай байдаг. Арчаагүй амьтан даа би. Тэр үед яаж уйлж гонгинож байснаа бодохоор энэ муу улаан нүүрнээсээ өөрөө хүртэл ичих юм. Үрээ хайрласан эцгийн үгнээс болж андынхаа сэтгэлд сэв суулгасан мулгуу найзыгаа уучлах эсэхээ чи л мэдээрэй. Цэргийн алба гүйцээгээгүй ч он жав гэж л дотроо боддог шүү гэж хэлээд доголон нулимс унагахад Батсүхийн зүрхнээс бул чулуу аваад хаячих шиг болж дотор нь уужраад явчихав.
/ 2015-3-17 /


URL:

Сэтгэгдэл бичих