Сайн мэдээ: ГССҮТ өдөрт 30 хүн үйлчлүүлэх өдрийн эмчилгээний өрөөтэй болжээ
Улсдаа ганц ГССҮТ-ийн ачаалал их байдаг. Энгийн өдрүүдэд 350, ачаалалтай үед 600 орчим хүнд үйлчилгээ үзүүлдэг байна. Ачаалалтай учраас ор хүрэлцдэггүй. Үүнтэй холбоотойгоор хэвтэн эмчлүүлнэ гэдэг маш хүнд асуудал болдог билээ. Тэгвэл энэ ачааллыг хөнгөлөх, иргэдэд хүртээмжтэй үйлчлэх үүднээс тус эмнэлэг өдрийн эмчилгээний өрөөг нээсэн байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар ГССҮТ-д 30 ор бүхий өдрийн эмчилгээний зөвшөөрөл байсан аж. Гэвч өдрийн эмчилгээний орон байрны хүрэлцээ муу байснаас өнөөг хүртэл өдрийн эмчилгээний өрөөгүй байжээ. Үйлчлүүлэгчдэд өдрийн эмчилгээний өрөө зайлшгүй шаардагдаж байсан учраас тус эмнэлэг нөөц боломжоо ашиглан нэг өрөөгөө засаж, тохижуулаад өдрийн эмчилгээний өрөө нээсэн байна. Уг өрөөнд өдөртөө 30 орчим хүн хүлээн авах боломжтой. Зайлшгүй эмнэлэгт хэвтэхгүйгээр эмчлэгдэх боломжтой хүмүүс үйлчлүүлнэ. Тухайлбал, жижиг мэс ажилбар хийхэд заавал хонуулахгүйгээр өдрийн цагаар эмчилгээ хийх юм. Мөн хугарал мултрал, толгойн өнгөц гэмтэл, ил шарх, хумсны янз бүрийн өвчин болон сэргээн засах эмчилгээ, уламжлалт эмчилгээг хийж болох аж. Үйлчлүүлэгчид 9-16 цаг хүртэл эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх юм байна.
Биднийг очих үед ГССҮТ-ийн амбулаторын коридор хэсгийн хоёр талын ханаар үйлчлүүлэгчид шахцалдан сууж, зогссон байлаа. Өдрийн эмчилгээний өрөөнд ирэхэд хоёр хүн дусал хийлгэхээр ирэв. Тус өрөө нь одоогийн байдлаар эмчилгээний тоног төхөөрөмжөөс гадна хэвтэн эмчлүүлэх нэг ор, зургаан сандалтай. Тохижилтын ажил бүрэн дуусаагүй байгаа юм байна. Уг ажил дуусахад үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхлэх аж.
Тус эмнэлгийн үйлчлүүлэгчдийн тооны судалгаанаас харахад өвлийн улиралд осол эндэгдлийн харьцангуй тоо багасч, ачаалал буурдаг байна. Харин хальтиргаа, гулгаа үүдсэн гэмтэл, архи ууж байгаад осгож ирэх нь нэмэгддэг судалгаа гарчээ. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь хүн хоорондын хүчирхийлэл буюу хоорондын зодооноос үүдсэн гэмтэл бэртлээр ирдэг. Үүний дараа авто осол, дулааны улиралд үйлдвэрлэлийн ослоор маш их ирдэг юм. Тиймээс иргэд өөрсдөө бэртэж гэмтэхгүй байхад анхаарахаас гадна бусдыг хохироохгүй тулд хариуцлагатай байвал осол гэмтлийн тоо буурна хэмээн ГССҮТ-ийн Амбулаторын тасгийн эрхлэгч Б.Төгсбаяр хэллээ.
Itoim.mn
URL: