С.БАЯР: “ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ БОЛЖЭЭ” ГЭЖ ХЭЛСЭН НЬ ҮНЭН
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэх тушаал өгсөн гэх цагдаагийн экс дарга нарын хэргийг прокурорынхон хянаж байна. Хянах хуулийн хугацаа 14-30 хоног. Энэ хугацаанд амжиж хэргийг шүүхэд шилжүүлнэ. Хэргийн ээдрээтэй байдлаас үүдэн хянах хугацааг дахин сунгаж болно гэж албаны хүмүүс хэлж байна. Улс төрийн хүрээнд ч уг хэрэг маргаан, шүүмжлэл дагуулсан хэвээр байгаа юм. УИХ-ын нэр бүхий гишүүд үймээний үеэр амиа алдсан, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон ард түмнээсээ төр уучлалт гуйх ёстой гэсэн тогтоол санаачилсан ч олонхийн дэмжлэг авалгүй гацаанд ороод буй.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Тухайн үед Онц байдал зарлахгүйгээр асуудлыг намжааж болох байсан ч С.Баяр зарлахыг шаардсан. Түүний шахалтаар онц байдал зарлах зарлигт гарын үсэг зурсан” гэж мэдэгдэж байв.
Түүний энэ мэдэгдлийн дараа Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ё.Отгонбаяр нараас тайлбар авахаар болсон. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраас тайлбар авах болсон нь тэрээр тухайн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. С.Баяр Н.Энхбаярыг шахаж шаардан Онц байдал тогтоолгосон уу гэдгийг нотлох гэрч нь тэр байв. Мөрдөгчид уг хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авсан байна. Ингэхдээ С.Баяр тайлбараа өнгөрсөн аравдугаар сард өгсөн бол Ц.Мөнх-Оргил өнгөрсөн онд өгчээ. Харин Ё.Отгонбаяраас тайлбар авах шаардлагагүй гэж үзсэн байна. Тэд тайлбарт юу гэж өгүүлсэн юм бол.
“ТАТСАН ЦАГДАА НАРАА ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСНЫ ДАРАА ХОТЫН ТӨВ РҮҮ ОРУУЛСАН”
С.Баяр: -Би тайлбар өгөхөөс татгалзах юм алга. Дөрвөн хүнийг буудаж хөнөөсөн энэ хэрэг зайлшгүй илрэх ёстой. Илрээсэй гэж хамгийн их хүсдэг нь би. Нийгэмд цагдаа нар буудаж хөнөөсөн гэх ойлголт түгсэн байна. Гэхдээ шүүхийн байгууллага цагдаа буудсаныг тогтоож, гэм буруутайг нь нотлоогүй байна. Ийм үед танай албаныхан өөрсдөө цагдаа буудсан нь тогтоогдлоо гэж яриад байх юм. Хүний гэм бурууг шүүх тогтоодог учраас эртнээс дүгнэлт хийх нь зохимжгүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэгэн хэвлэлд ярихдаа “Долдугаар сарын 1-ний үймээний үеэр С.Баяр шаардаж, аргагүй байдалд оруулж Онц байдал зарлуулсан” гэсэн байдаг. Байдал эвгүй болоод ирэхээр нь би Н.Энхбаярт “Та Онц байдал зарлаж арга хэмжээ авахгүй бол байдал эвгүйтэх нь” гэж хэлсэн нь үнэн. Түүнээс бус гарцаагүй байдалд оруулж, шахаж шаардсан юм байхгүй. Тухайн үед цагдаа нар үнэхээр хэцүү нөхцөлд ажиллаж байсан. Тус өдрийн 22.30 цагийн үед болов уу даа ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд надтай уулзахаар ирэхэд нь “Цагдаа нараа тат” гэж хэлсэн. Цагдаа нар үүрэг гүйцэтгэх боломжгүй, хүчин мөхөсдөж байсан учраас тэр. Татсан бүрэлдэхүүнээ Нийслэлийн цагдаагийн газарт бөөгнөрүүлж байгаад Онц байдал зарласны дараа хотын төв рүү оруулсан” гэжээ.
“ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА БАЙСАН УЧРААС ЦЭРГИЙН ТАЛЫН АСУУДЛЫГ МЭДЭХГҮЙ”
Ц.Мөнх-Оргил: -Онц байдал зарласан үед хуулийн дагуу ажилласан. Би Онц байдал тогтоосон тэр үед шуурхай штабын даргаар ажиллаж байсан. /Онц байдлын тухай хуулийн 9.9-д Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий штаб, цагдаа, тагнуул, хил болон иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төв байгууллагуудын дарга нарын бүрэлдэхүүнтэй шуурхай штаб байгуулж ажиллуулах/ гэж заажээ. Үүний дагуу Гадаад харилцааны сайд, Эрүүл мэндийн сайдаас бүрдсэн шуурхай штабыг удирдаж ажилласан. Шуурхай штаб нь онц байдлын үр дагаврыг арилгахад оролцож байгаа цагдаа, тагнуул, цэргийн анги, салбарын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж шуурхай удирдлагаар хангах, нийгмийн болон хүн амын амьдралыг хэвийн болгоход холбогдох арга хэмжээ авах чиглэлтэй. Түүнээс биш цагдаагийнханд “Ингэ, тэг” гэж тушаал өгөх нөхцөл бага байсан. Тушаал өгөх боломж ч байгаагүй. Өөрөөр хэлбэл, цэргийн талын асуудлыг би мэдэхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үймээнийг зогсоох ажиллагааг зохион байгуулахыг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод даалгасан. Ингэхдээ галт зэвсэг хэрэглэхгүй байх талаар үүрэг өгсөн байдаг. Тиймээс цагдаа нар галт зэвсэг хэрэглэсэн гэж үзэхгүй байна” гэжээ. Уг хэрэгтэй холбогдуулан Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан дараах дүгнэлтийг өнгөрсөн онд хийж байв.
ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ ДҮГНЭЛТ
-Хэргийн газрын үзлэг болон мөрдөн байцаалтад хураагдсан хонгио, сумны хошуу нь ЦЕГ-ын харъяа Эргүүл хамгаалалтын газрын эзэмшлийн буу болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн 1000 орчим хүний 100 гаруй нь цагдаагийн байгууллага гэрэлт хошуутай сум хэрэглэсэн тухай гэрчилсэн.
-Нэр бүхий дөрвөн хүн үймээн дэгдсэн шөнө 01:35-02.00 цагийн хооронд буудуулж нас барсан.
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үймээнийг зогсоох ажиллагааг зохион байгуулахыг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод даалгасан байна. Ингэхдээ галт зэвсэг хэрэглэхгүй байх талаар үүрэг өгчээ. Үүргийн дагуу Ч.Амарболд нь НЦГ-ын дарга, хурандаа О.Зоригтод утсаар мэдэгдэж, байлдааны галт зэвсэг хэрэглэхгүй байх үүргийг дамжуулсан. Генералаас ирүүлсэн үүрэг ёсоор О.Зоригт нь үймээнийг зогсоох ажиллагааг хэрэгжүүлэхийг газар, хэлтсийн дарга нарт үүрэгдсэн байдаг. Харин Эргүүл хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш.Батсүхийн үүргийн дагуу АКМ маркийн бууг Эргүүл хамгаалалтын газрын зургадугаар тусгай тасгийн ажилтнуудад тараасан байна.
-УБИС-ийн баруун тал, нэгдүгээр эмнэлгийн хойд тал, Гадаад харилцааны яамны хойд уулзвар зэрэг маршрутаар үймээнийг зогсоох, үймээнд оролцогч нарыг баривчлах ажиллагааг явуулсан. Энэ үед цагдаа нар “Авеко” автомашины цонхоор болон автомашинаар халхавчлан гэрэлт сумаар буудсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
-Үймээнийг тараах ажиллагааны үед буюу хүн буудуулсан цаг хугацаанд ТЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ-ын ажилтнууд тараах ажиллагаанд оролцоогүй болох нь тогтоогдсон.
Д.БОЛОРМАА
URL: