Б.Баярсайхан хатагтайн барагдашгүй шунал

olloo_mn_1543307761_bay

Нийслэлд тулгамдаад байгаа асуудлын нэг бол хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар. Тэр дундаа орон сууцны хорооллуудын дундах тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн газар хомстсоор байгаа нь нууц биш юм. Хэн нэгэнт шуналт этгээдийн эрх мэдэл, ханаж цаддаггүй хүслийн хороор ийнхүү ирээдүй хойш үе болон бяцхан үрс тоглож, наадах газаргүй байрны мухарт шигдэж өдрийг аргацааж байна. Энэ бол ердөө Төрийн өндөр албан тушаалтнууд нэг, нэгэнтэйгээ тохиролцож, түмэн олны төлөө биш амин хувийн ашгаа хамгийн түрүүнд тавин иргэдийг хохироосоор ирсний гай. Үүний нэгэн тод жишээ нь төрсөн дүү Холливүүд Б.Амарсайхны цагаа олж чүдэнз зурсны дүнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудалд заларсан Б.Баярсайхан гэгч эмэгтэйн шунал юм.

Тэрбээр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны 50 мянгатын 15,17 байрны хойно, 40 мянгатын 12,13 дугаар байрны урд “ОК” төвийнхөө зүүн талд байршилтай нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайг өөрийн эзэмшилд оруулахаар олон жилийн өмнөөс санаархаж явсаныг зарим эх сурвалжууд дурдаж байна.

Баримт сөхвөл Б.Баярсайханыг тус газрыг өөрийн болгоход тухайн үеийн Хотын дарга Г.Мөнхбаяр том хүргэжээ. Тэрбээр 2009 оны гуравдугаар сарын 1-ны өдрийн 83 тоот захирамжийг “Тавин мянгат” СӨХ-ны орчны газрын таван жилийн хугацаатай гаргасан байна. Ингэхдээ тус газрын тодорхой хэсгийг  Б.Баярсайханд эзэмшүүлэх давхар захирамж гаргасан байгаа юм. Энэ бол 2011 оны наймдугаар сарын 2-ны 582 тоот буюу давхардсан захирамж. Энэхүү хууль бус захирамжийг Хотын захирагч С.Батболд 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн А\463 тоот захирамжаар хугацааг нь сунгасан байдаг. Харин энэ асуудлыг тус байрны оршин суугчид эсэргүүцэж, өөрсдийн төлөөлөл болсон 44 Мянгат СӨХ”-өөрөө дамжуулан Улаанбаатар хотын захирагч Батболдод шаардлага хүргүүлсэн байдаг.

Үүний хариуд С.Батболд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А\1002 тоот захирамж гаргаж иргэд оршин суугчдын талд шийдвэрлэж өгсөн байна.

Гэвч харамсалтай нь Б.Баярсайхан энэ бүхнийг хууль бус шийдвэр хэмээн үзээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа аж. Уг нь бол иргэдийн амьдрах эрхэнд халдсан энэ асуудал шүүхийн гэлтгүй шийдвэрээр шийдэгдэх байсан. Гэвч Б.Баярсайхан хатагтай хүлээн зөвшөөрөөгүйн улмаас газрын маргаан үргэлжлээд байгаа аж. Хотын төвийн А зэрэглэлд багтдаг тус газар нь анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 291 дүгээр захирамжаар орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт 100 м2 талбайг эзэмшүүлсэн байна.

Ийн өмнө нь телевизийн салбарт ажиллаж байснаас өөр ажлын туршлагагүй нэгэн эмэгтэй төрсөн дүүгийнхээ РR ажил буюу зурсан чүдэнзний гэрэлд төрийн өндөр сэнтийд залраад зогсохгүй цадиггүй зан гаргах нь ямар учиртай вэ? Юуны тулд үе, үеийн нийслэлийн Засаг дарга нар иргэдийн төлөө бус хэн нэгний төлөө шийдвэр гаргаж байна вэ? Иргэнд хөлөө эргэтэл гүйгээд олддоггүй газар нэгэн эрх мэдэлтэйд хотын А зэрэглэлд тэр бүү хэл хүүхдийн талбайн газар олдоод байгаагийн учир юу вэ?

П.ГОО
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих