Багш нарын цалинг нэмсний дараа учрах эрсдэлийг ноён С.Ганбаатарт хариуцуулъя
Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар сайхан ярьдаг. Миний санаж буйгаар сүүлийн 10 шахам жил тэмцэгчийн дүрд тоглож байгаа юм чинь арга ч үгүй биз.
Мань эр сүүлийн нэг сарын турш эрдмийн үрийг таригч багш нартай нэгдэн цалинг нь нэм хэмээн хашгирсны үр дүнд шахаанд орсон Засгийн газрыг ам нээлгэж дөнгөв бололтой. Ний нуугүй хэлэхэд багш нар, бас ирж буй сонгуулийн халууралд ухаанаа алдсан С.Ганбаатарын өмнө сайхан “шаврын хаалт” болж өглөө. Он гарангуут л цалин нэмэгдэх ёстой гэж уулгалан бухимдсан багш нар угтаа араас нь дагах эрсдэлийг тооцоолсонгүй. Цалин нэмэгдэх сургаар гэдгийг цагаан сарын өмнөхөн гэж ойлгож ч болно. Бодоод үз л дээ. Хувийн компанид жолооч нөхөртэй багшийн цалин нэмэгдэж, 450 боллоо.
Харин нөхрийнх нь цалин 600 мянга хэвээрээ л үлдэнэ. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дор хаяж 30-50 хувиар нэмэгдчихнэ. Ингээд л өнөө цалингийн нэмэгдэл чинь нэмэр болох нь бүү хэл өмнө нь худалдаж авч болоод байсан бүхэн алсран одож үнэ нь талийна даа. Хэлэх ч үг алга. Сонгуулийн халуурал үргэлжилсээр… Хөхөө өвлийн хүйтнийг үл ажран градусс нь нэмэгдсээр л байна. Хамгийн хорлонтой нь сонгуулийн халуурал эдийн засагт нөлөөллөө үзүүлэхүйц хэмжээнд оччихлоо. Төрийн албан хаагчид, ахмад настны тэтгэврийг 53 хүртэл хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэр гарчихаад байгаа нь угтаа нэг их баярлахаар мэдээ биш. Улс орнуудын жишгийг хараад байхад нийгмийн баялаг бүтээгч хэсгийнхнийхээ цалинг эхэлж нэмдэг юм байна билээ.
Тодруулбал, үйлдвэрлэлийн салбар юм уу, эдийн засагт жинтэй нөлөө үзүүлэхээр хэсгийнх нь авдаг хэд нэмэгддэг гэсэн үг л дээ. Харин манайд энэ тогтолцоо эсрэгээрээ үйлчилдэг. Баялаг бүтээдэггүй, ширээний цаана төрийн нэрийн дор сууж байгаа хүмүүсийн л цалин хөлс нэмэгддэг. Уг нь бол төрийн албан хаагчид нийгмийн багахан хувийг эзэлдэг. Тэгсэн атлаа тэдний цалингийн нэмэгдэл, нийгмийг тэр чигт нь хамрахаар нөлөөлөлтэй. Цалин тэтгэвэр нэмэгдэнгүүт эрчээ авдаг өргөн хэрэглээний барааны үнийг хэн ч хазаарлаж чаддаггүй л биз дээ. Угаасаа л Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт цалин, тэтгэврийг гурав, тавдугаар сард 53 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байсан нь ил цагаандаа гарсан сонгуулийн солиорол.
Хэдийгээр Засгийн газраас оруулсан энэ саналыг УИХ хойшлуулж, ядахдаа л цагаан сараас хойш болгох гэж мэрийсэн ч амжилтанд хүрсэнгүй. Тэгэхээр монголчуудын хувьд жишиг болсон үнэ болж буй шинэ жилийн баяраас эхэлнэ гээд хэлчихэд болно. Дээр нь оюутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгөөмөр сэтгэл, МАНАН-гийн амлалтын ачаар он гарангуут оюутнууд cap бүр 70 мянган төгрөг авч эхэлнэ. Ингээд бодохоор Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхан муу ёрлоод байсан хэрэг биш байх нь ээ. Өөрөөр хэлбэл, өнөө инфляци чинь тун удалгүй бидний нуруун дээр гараад суучихна. Эцэст нь тэмдэглэхэд фэнг шүй С.Ганбаатар хүртэл үндсэн үүргээ мэдэхгүй, хаа хамааүй хашгирч гүйсний бурууг эгэл түмэн үүрэх нь байна. Миний л мэдэж бас санаж буйгаар үйлдвэрчний эвлэл бол ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Цагаан захтангуудыг биш шүү. Атал ажил үүргээ ялгаж салгадаггүй С.Ганбаатарын буянаар хувийн хэвшлийнхэн, эгэл хар ажилчид эмзгийн эмзэг бүлэгт шилжих нигуур бүрдчихээд байна. Ингэхэд С.Ганбаатар даргаа он гарангуут та ажилчидтай нэгдэж цалин нэмүүл гэж жагсъя гэвэл зөвшөөрөх үү. Зөвшөөрөх л байх даа. Яагаад гэвэл сонгуулийн халуурал танд ч гэсэн халдчихаад байгаа юм чинь ажилтан албан хаагчдын ялгаа юу байхав болчихсон яваа биз….
З.Есүй
URL: